CCTV.com Монгол > Нийтлэл

Гурван хэлтэй худалдагч бүсгүй

02-29-2016 10:40

 

   Хүний хувь тавилан зурсан зураг сонин. Тэр тусмаа бүсгүй хүний заяа тавиланг хэлж таашгүй. Өөрийнхөө гэхээс илүү хань ижлийнхээ аяыг дагаж,  мөр зам нь хувирч өөрчлөгддөг учраас тэр биз. Гэхдээ ямар ч бүсгүй хүнд эр нөхрөө даган ертөнцийн хязгаарт ч хүрэх зориг, түүнийхээ төлөө ямар ч ачаа үүрэх тэнхээ, тэсвэр хатуужил бий. Ийм нэгэн бүсгүйтэй түм түжигнэж бум хөлхсөн их хөлийн газар уулзлаа. Тэр Бээжин хотод амьдардаг. Хятад улсын иргэд нийслэл хотдоо ажиллаж амьдрах нь тийм ч амар ажил биш. Бичиг баримтаас эхлээд шалгуур ихтэй. Хүн амын нягтаршил ч нөлөөлнө. Гэтэл О. Дэлгэрцэцэг чаджээ. Тэрээр 10 жилийн өмнө эр нөхрөө даган их хөлийн энэ хотод хөл тавьсан. Хүний газар хилийн дээсийг алхаад хамгийн түрүүнд ажилд орох хэрэгтэй л гэж бодож...Хятадаар ганц хоёрхон үгтэй түүнийг хэрийн газар тоосонгүй. Яаж ийж байгаад нэгэн жижиг дэлгүүрт бараа өрөгчөөр ажиллав. Хэл шаардахгүй ч цалин базаалтай биш. Ингээд тэр өөр ажил хайжээ.Уулзаж тусламж эрсэн болгон хэл усгүй учир ажилд орох боломжгүй гэх хариулт өгнө. Гэвч шантарсангүй. Нэгэн танил нь түүнээс хятад хэл мэдэхгүй ч өөр давуу тал бий юу гэж асуусанд Дэлгэрцэцэг Англи Орос хэлтэй гэдгээ хэлжээ. Хоёрын хоёр хэлтэй гэдгийг нь сонсоод гайхсан танил нь бараг тэр дороо түүнийг хотод төвд ажилд оруулж өгч чадсан байна. Түүний шинэ ажил Бээжингийн худалдааны гол гудамж Wangfujing байрлах Wuytai tea shop байлаа. Зөвхөн Бээжин хотод 300 салбартай цайны алдартай сүлжээ дэлгүүр. Олон улсын худалдааны төв гудамжинд байдаг учир гадны хүмүүс их үйлчлүүлнэ. Англи Орос хэлтэй хүн энд ёстой л ус цас шиг хэрэгтэй байсан хэрэг. Тиймээс л Дэлгэрцэцэгийг ажилд авсан аж. Худалдагч гэхээсээ илүү орчуулагчийн ажил хийнэ.
Энэ цагаас хойш зургаан жил өнгөрчээ. Тэр одоо Хятадаар ус цас. Жинхэнэ Бээжин аялгаар ярина. Ингээд л унаган монгол, боловсролоор олж авсан орос, англи, амьдралаас сурсан хятад хэлтэй Дэлгэрцэцэг дэлхийн хаана ч газардахгүй хэл устай болоод авлаа.

 

 

500 грамм нь 3 сая төгрөгний үнэтэй цай худалдагч


   Цалинг нь бодож ажилд орсон Дэлгэрцэцэг ажилдаа дадах тусмаа цайны талаархи мэдлэгээ тэлж байлаа. Цайг уудаг л гэж бодохоос урлаг болтлоо хөгжсөн гэдгийг тэр мэдээгүй байсан хэрэг. Харин одоо жил удах тусмаа үнэд ордог цайны чанар ааг амтыг мэддэг болсон.  Хамгийн үнэтэй, хамгийн чанартай цай тэдний дэлгүүрийн лангуу дээр ирэхээс өмнө захиалгаар дуусна. Ер нь бол чанартай цай тун ховор. Тарьсан нутаг ус, тухайн газрын онцлог байдал, ургацын хэмжээ дамжаа, хадгалж савласан байдал жинхэнэ цайны үнэ чанарт нөлөөлнө. Чанартай цайны 500 грамм нь 3 сая төгрөг дөхнө гээд боддоо. Ёс заншил, дадлаа хэрхэн үнэт зүйл болгож болдогын нэгээхэн жишээ энэ юм. Хятад хүмүүс цайг идээ гэхээсээ илүү бараг л эм гэж хэлэхүйц болтол нь судлаж хөгжүүлжээ. Wuytai tea дэлгүүрийн үүдээр шагайхад л эмийн санд орж буй мэт эм хийгээд цайны үнэр хамар сэнгэнэх нь бас сонин. Ганцхан цай зараад зогсохгүй цайны дагалдах хэрэгсэлийг бүгдийг нь энд борлуулж байна. Бүгд л үнэ цэнэтэй. Нэг жижигхэн цайны данхны бөөрөн дээрх үнийг сонирхоод хартал 34,000 мянган юань гэж байлаа. Монголоор бараг 10 сая төгрөг давж байна. Нэг данх шүү. Нэг бизнес эрхэлбэл түүнээ тултал нь цогцоор ингэж хөгжүүлдэг байх нь. Цайг Хятадууд өргөн хэрэглэхээс гадна Орос Англи иргэд их худалдаж авдаг аж. Оросууд бол бүр нарийн. Хүйтний улиралд, дотор өвдөхөд гэхчилэн эм худалдан авч буй мэт анхааралтай цаг улиралд зохицуулж авдаг. Уг нь манай монголчууд эртнээс цайны хэрэглээтэй. Гэтэл энэхүү цайны сүлжээ дэлгүүрт тэр бүр монгол хүн орж ирдэггүй. Орж ирсэн ганц нэгэн нь аль хямдаас цөөн төрлийг авдаг аж. Иймээс Дэлгэрцэцэг Монголдоо чанартай, эм шиг цай борлуулдаг дэлгүүр нээх бодол тээгээд уджээ. Судалгаа явуулж үзсэн хэдий ч хэрэглэгч цөөн учраас энэ мөрөөдлөө түр орхисон байгаа гэнэ. Гэхдээ л хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт тэр итгэдэг.

Цалинг нь хоёрдахин нэм...


   Саяхны нэг өдөр Wuytai tea сүлжээ дэлгүүрийн толгой компаны захирал түүний ажилладаг дэлгүүрт цай уун тухалжээ. Ажилтнууд нь тэр бүр танихгүй учраас ажил хэргээ хэрхэн өрнөж буйг шалгаж явсан байж ч мэднэ. Яг энэ үед гаднаас баахан Орос нөхөд орж ирэн цайны үнэ, чанар асууж тэрүүхэндээ хөөрхөн шуугилдаж. Энэ үеэр хэл ус нэвтрэлцээгүй худалдагч охидод О. Дэлгэрцэцэг тусалжээ. Тэрээр төрөлх хэлээр нь тэдэнтэй нэвт шувт харилцан, хэрэгтэй зүйлсийг нь ойлгуулж чамгүй гүйлгээ хийв. Төд удалгүй бас хэдэн гадаад нөхөд орж ирж англиар тэдэнтэй харилцаж бас л хөөрхөн бараа борлуулчихжээ. Түүний энэ байдлыг гайхан харж суусан өнөөх том захирал салбарын даргаа дуудаж түүний талаар асуусан гэнэ. Монгол хүн гэж хэлэхэд хэсэг гайхснаа Хятадаар хэр ярьдаг вэ? гэж... Мэдээж ОК. Үүгээр тогтохгүй Англи, Орос хэлтэй гэдгийг нь сонссон мөнөөх захирал тэр даруй Дэлгэрцэцэгийн цалинг хоёр дахин нэм гэжээ.

Ганцхан чиглэлийн аялалын хөтөч


   Ажилдаа махруун яс зантай тэрээр сардаа ганц нэг удаа аялалын хөтөч хийчихдэг аж. Монголоос ирж буй аялалын багт хөтөч хэлмэрч хийнэ. Гэхдээ тэр зөвхөн Дайлан чиглэлд аялаж буй жуулчдад хэлмэрчилдэг. Их хотын чимээнээс холдож далайн эрэгт сэтгэлээ чагнах хобби нь түүнийг энэ ажилд дурлуулжээ. Тиймээс өөр чиглэлд аялах жуулчдад хэлмэрчилдэггүй байна. Монголоос доод тал 12 хүн нэг баг болон ирдэг учраас тэдэнтэйгээ хэд хоног хөгжилдөн хамтдаа байх нь бас сайхан. Үүнээс гадна  найз нөхөд хамаатан садан ирэх тоолонд О. Дэлгэрцэцэг бүсгүй хэлмэрч хөтөч хийнэ. Ийм нэгэн бүсгүй их хөлийн хотод жижигхэн биедээ том мөрөөдөл тээн амьдарч байна. Хэзээ нэгэн цагт түүний хамгийн чанартай, хамгийн сайн цайг Монголдоо зарах мөрөөдөл нь биелэх ч юм билүү. Санаж явбал мөрөөдөл байтугай нь бүтдэг хойно...

                                                                                         Д. Чинзориг

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100