Ж.САМБУУ ДАРГЫН АЛТАН ЦАГНЫ ТҮҮХ
07-10-2015 00:32
Ж.Самбуу даргын 60 насны ойд зориулж Ю.Цэдэнбал даргын дурсгасан алтадмал бугуйн цаг өдгөө ӨМӨЗО-ы төв Хөх хотноо Хувьсгалт хэмээх хүний гэрт хадгалагдаж байна. Хувьсгалт гуай одоо тэтгэвэрт суусан ахмад хүн. Миний бие тэдний гэрт зочилж очихдоо дурсгалын цагийг үзээд фото зураг авч, Самбуу гуайн цагийг хэрхэн олж авсан үүх түүхийг яриулснаа уншигчидтайгаа хуваалцъя.

Хувьсгалт гуай ӨМӨЗО-ы Авга хошууны хүн, өөрөөр хэлбэл бөх Билгүүдэйн хойчис юм. Авга бол Манж Чин улсын үед Шилийн голын чуулганд багтаж байсан, өвөр дөчин есөн хошууны нэг билээ. Хувьсгалт гуай 1991 оны 11 дүгээр сард ӨМӨЗО-ы Гадаад Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Албаны газрын даргын хувьд албан томилолтоор Улаанбаатар хотноо айлчилжээ.
Нэгэн удаа тэр Дэнжийн мянгын зах дээр явж байтал архи уудаг байрын нэлээд халамцуу хүн “Та Өвөр Монгол хүн үү, энэ цагийг авах уу?” гээд “POLJOT” хэмээх бичиг, дороо Монгол улсын газрын зургийн голд соёмбо үсэг бүхий, алтан шар хүрээтэй бугуйн цаг үзүүлж гэнэ. Хувьсгалт гуай “Энэ чинь явдаггүй юм байна шүү дээ, би явдаггүй цаг авч юугаа хийх билээ?” гэтэл тэр хүн “Та кирилл бичиг мэдэх үү? Цагны ард талын бичгийг унш даа” гэжээ. Цагны ард талыг үзвэл “Ж.Самбуу таны 60 насны ойд Ю.Цэдэнбал” хэмээн сийлсэн байж гэнэ. Хувьсгалт гуай эртний эдлэл, хуучны юм сонирхдог хүний хувьд ихэд шохоорхон “Чи энэ цагаа ямар үнээр өгөх юм бэ?” гэж асуужээ. Гэтэл нөгөө хүн “Хоёр шил Аргүөтоу архиар сольё” гэж гэнэ. Хувьсгалт гуай “Тэгвэл би наадхыг чинь авдар архиар авъя” хэмээн дагуулж явжээ.
Ингээд тэр хоёр тухайн үед баруун дөрвөн замын ойролцоох Хувьсгалт гуайн буусан зочид буудалд нь очиж сайн танилцжээ. Тэр хүн өөрийгөө “Би бол Самбуу даргын хүү Сүрэнжав гэдэг хүн, амьдрах аргагүй болоод аавынхаа юмыг зарж байна” гэж ярьсан гэдэг. Хувьсгалт гуайд нэг хайрцагтаа найман лонх бүхий Аргүөтоу архи байсны хоёрыг нь Сүрэнжав гуайтай хувааж уугаад үлдсэн зургаан лонх архийг торонд хийж өгч явуулжээ. Тэгэхдээ “Хэрэв чамд өөр зарах зүйл байвал аваад хүрээд ирээрэй” гэхэд “тэгье, би аваад ирье” гэсэн боловч дахиж ирээгүй аж. Хувьсгалт гуай Сүрэнжав ирэхдээ согтуу байсан болоод манай зочид буудлыг олоогүй болов уу хэмээн хуучилж байлаа.


Хувьсгалт гуай түүнээс хойш гэрт нь зочилж очсон найз нөхөд, танил хүмүүстээ цагаа үзүүлж яаж олж авснаа ярьж өгдөг болсон бөгөөд түүнийг нь худалдаж авъя хэмээн үнэ өгсөн хүн цөөнгүй гэнэ. Эдгээрээс ганц жишээ дурьдахад л Монгол Улсаас Хөх хотод суух Ерөнхий Консулын Газрын анхны ерөнхий консулаар очсон Саарал гуай цоо шинэ УАЗ 469 машинаар сольё гэсэн боловч Хувьсгалт гуай өгөөгүй юм гэдэг. Тэрбээр би Монгол улсын аль ч музейгээс үзмэр нь алга болохгүй, баталгаатай болсон тэр үед би энэ цагийг бэлэглэнэ. Тэр болтол үүнийг би өөрөө хайрлаж, хамгаалж, хадгалж явна гэж хуучилсан юм. Хувьсгалт гуайд мөн сарны гэрэлд ягаан, нарны гэрэлд цэнхэр туяа сацруулдаг семир хэмээх чулуугаар хийсэн Дамдин бурхнаас өгсүүлээд ховор нандин урлагийн бүтээл цөөнгүй байдаг юм билээ.
До.Болдхуяг
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cntv.cn