Хогны цахилгаан станц барина
04-18-2016 10:32

Цахилгаан эрчим хүчнийг хэрхэн хэмнэх вэ гэдэг нь улс орнуудын заавал шийдвэрлэх чухал асуудал болоод байгаа энэ үед Хятадын Шэньжэнь хот нүүрс бус харин хог шатааж эрчим хүч ялгаруулдаг дэлхийн хамгийн том цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Гэхдээ нэгийг биш бүр гурвыг барих гэнэ. Нэг нь энэ төрлийн дэлхийн хамгийн том цахилгаан станц болох бөгөөд өдөрт 5000 тонн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай байх юм.
Хамгийн том станц нь дангаараа хотын бүх хог хаягдлын гуравны нэгийг боловсруулна гэж Шэньжэнь хотын захиргааны удирдах газрын дарга Ван Гобинь хэлсэн байна. Тэрээр: “Станцыг дугуй хэлбэртэй барьж байгуулна. Дээврийн талбай нь 66 мянган ам дөрвөлжин метр байх бол түүний 40 мянган ам дөрвөлжин метр буюу талаас илүү хувьд нь нарны зайн хавтан байрлуулж, эрчим хүчээр тогтвортой хангана. Станцад үйлдвэрийн дотоод үйл ажиллагааг хянах том дэлгэц суурилуулж, хүмүүст тухайн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж олгоно” гэжээ.

Өдгөө Шэньжэнь хотын хог хаягдал оршин суугчдын шүдний өвчин болоод байгаа юм. Сүүлийн 10 жилд гэхэд хотын хог хаягдал жил тутам 6.1 хувийн хурдтай нэмэгдэж 2014 онд 5 сая гаруй тоннд хүрсэн нь байгаль орчныг хамгаалах төслийн төлөвлөгөөнөөс хэт давсан үзүүлэлт болжээ.
Шэньжэнь хотын ресторан, зоогийн газар, зочид буудал, байгууллага аж ахуйн нэгжийн гуанз, цайны газраас өдөрт 1800 тонн хүнсний хог хаягдал гардаг байна. Гэтэл өнөөдөр үүний ердөө 18 орчим хувийг боловсруулдаг.

Энэхүү хог хаягдал боловсруулж эрчим хүч ялгаруулах дэлхийн хамгийн том цахилгаан станцыг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бол барилгын ажил нь энэ оны сүүлээр эхлэх юм. Шэньжэнь хотод шинээр баригдах станц өдөрт 18 мянган тонн хог хаягдал дахин боловсруулж “Хогонд дарагдсан хот”-ыг “Эрүүл хот” болгох зорилтоо биелүүлнэ гэж үзэж байна.
Д.Гүнтөмөр