CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Аз жаргалтай Даничууд

04-13-2016 15:09

НҮБ 2012 оноос эхлэн дэлхийн улс орнуудын иргэдийн аз жаргалын индексийг гаргадаг болжээ. Тэгвэл саяхан тус байгууллагын Тогтвортой хөгжлийн зохицуулах хөтөлбөрийн сайт SDSN, Америкийн Колумбын их сургуультай хамтран 2015 оны аз жаргалтай орнуудыг тодруулснаас байна. Хамгийн жаргалтай улс орнуудын жагсаалтын тэргүүнд Дани улс гурав дахь удаагаа бичигджээ. 5,6 сая хүн амтай Дани улс үлгэрийн орон төдийгүй орчин үеийн хамгийн аз жаргалтай ард түмэн гэгдэж байна. Тэдний аз жаргал чухам юугаараа онцлог юм бол?

Дэлхийн хамгийн аз жаргалтай орныг тодруулахын тулд тухайн орны хүн амд ноогдох ДНБ, нийгмийн халамж, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, амьдралын түвшин, дотоод сэтгэлийн аз жаргалтай байх үзүүлэлт, иргэдийн орлого, ажил амьдралдаа сэтгэл ханамжтай байх үзүүлэлт, хүн амын дундаж наслалт, гэр бүлийн эвсэг байдал, амьдралд хандах эерэг сэтгэлгээ, түүнчлэн төр засгийн шударга байдал зэрэг олон хүчин зүйлийг хамруулсан байна. Жагсаалтыг гаргахад оролцсон мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зарим улс орны иргэдийн аз жаргалын индекс тухайн орон хэдийчинээ баян чинээлэг байхаас төдийлөн хамаараагүй гэнэ. Нийгмийн хөгжил нь тэнцвэртэй, бүх талыг хамарсан байх тусмаа иргэдийн аз жаргалтай байх сэтгэлгээг нэмэгдүүлдэг гэж тэд үзжээ.

 

Эцсийн үр дүнд Дани улс дэлхийд аз жаргалын индексээр хамгийн өндөр улс орноор тодорчээ. Дани улс тэргүүлсэн нь тус улсын хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн тогтолцооноос ихээхэн шалтгаалсан гэж үзэж байгаа юм байна. Энэ тогтолцоо нь нийгмийн баталгаа, нийгмийн халамж, нийгмийн үйлчилгээ, нийгмийн тусламж гээд бүх талыг хамарч, иргэдийнхээ үнэ төлбөргүй эмчлүүлэх, үнэ төлбөргүй боловсрол эзэмших бүх л боломж бололцоог бүрдүүлжээ. Тиймээс Дани улсын иргэд “төрөх, өтлөх, өвдөх зэргээс шалтгаалж амьдралын хэмнэл алдагдана” гэж огтхон ч санаа зовохоо больсон гэнэ.

Даничуудын сайн дурын үйлчилгээнд идэвхтэй оролцдог байдал нь тус улсын аз жаргалын индексэд маш чухал байр суурь эзэлсэн байна. Тухайлбал Дани улсад 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Дугуй хэрэглэхэд насны хязгаар үгүй" гэсэн сайн дурынхны төслийг нэрлэж болох юм. Энэ төсөл нь энэрэнгүй, сайхан сэтгэлтэй залуусыг эгнээндээ нэгтгэж, тусгай зориулалтын дугуй бүтээж, түүндээ явж суухад хүндрэлтэй болсон ахмад настнуудыг суулган гадуур зугаална. Үүгээрээ ахмадууд болон нийгмийг хооронд нь улам бүр ойртуулах зорилт тавьсан байна.

Энэ төсөлд сайн дураараа нэгдсэн Лавсон "Даничуудын нэг нэгэндээ тусалдаг, бие биенээ хүндлэн хайрладаг зан чанар нь аз жаргалын үндэс юм. Тиймдээ ч хүмүүсийн хоорондын хайр халамж, үзэл бодол, ухамсар нь нийгмийн халамжийн тогтолцоонд тусгалаа олдог. Бид хүн бүрт чадах ядахаараа туслаж, халамжлахыг хичээдэг. Энэ ухамсар хүн бүрт үеэс үед уламжлагдан үлдэх ёстой" хэмээн ярьж байлаа.

Нийгмийн итгэлцлийн хэмжээ дээгүүр байдаг нь Даничуудын аз жаргалын бас нэгэн чухал үзүүлэлт болдог байна. Даничууд гэр бүлийнхэндээ, найз нөхөд, танил тал, хамт ажиллагсаддаа маш их итгэдэг. Тэр ч бүү хэл огт танихгүй хүмүүст ч итгэнэ. Итгэл үнэмшил нь хүмүүст аюулгүйн мэдрэмж төрүүлж, улмаар аз жаргал авчирдаг байна.

 Энэ тухай Данийн иргэн Лейт "Би маш их аз жаргалтай хүн. Даничуудын аз жаргалын мэдрэмж хүмүүсийн дээд хэмжээний итгэлцэлтэй ихээхэн холбоотой гэж би боддог. Хүмүүс бие биедээ итгэж, ямарваа нэгэн зэрэг зиндаа гэлгүй хүн бүр эрх тэгш байна. Тэр хүн цэвэрлэгч байна уу, аль эсвэл компанийн захирал байна уу огт падгүй. Бүгдийг адил хэмжээнд авч үздэг" гэсэн юм.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зохицуулах хөтөлбөрийн сайт SDSN болон Америкийн Колумбын их сургуулиас хамтран гаргасан 2015 оны аз жаргалын индексийн жагсаалтын эхний аравт, Дани, Исланд, Норвеги, Финланд, Канад, Нидерланд, Шинэ Зеланд, Австрали, Швейцар улсууд бичигдсэн байна.

Дани улс өмнө нь 2012, 2013 оны дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорч байсан юм. Харин 2014 онд Швейцарь улс тэргүүлсэн бол 2015 онд Дани улс ийнхүү 3 дахь удаагаа дэлхийн хамгийн аз жаргалтай орны жагсаалтыг дахин тэргүүллээ.

Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100