Хурхиралтыг зогсооно
04-13-2016 15:16

Хурхирах нь өвчин мөн биш гэж олон хүн маргадаг. Ямартаа ч хурхиралт нь зарим хосуудын хувьд үнэхээр “асуудал” гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ. Хойд Америкт л гэхэд 100 сая гаруй хүн хурхирдаг тухай нэгэн сонирхолтой судалгаа гарч байсан нь хэр олон хүн дэргэдэх хүнийхээ хурхиралтаас болж нойроо хулжааж байгааг харуулж байгаа юм.
Тэгвэл Торонто болон Сан Францискогийн мэргэжилтнүүд уг асуудлыг шийдэхийн тулд “Нора” гэх хурхиралтыг зогсоох ухаалаг төхөөрөмж зохион бүтээжээ.
“Нора” нь ширээн дээр байрлуулдаг хайрга хэлбэртэй жижиг төхөөрөмж юм байна. Үүнийг дэрэн доор байрлуулах нимгэн жийргэвчийн хамт хэрэглэдэг аж. Бидний гуурсан хоолой суларч хэл хойш унжсанаас агаар хоолойгоор дамжин өнгөрөхөд хоолойн хана чичирч хурхирах чимээ гардаг. Харин энэхүү төхөөрөмж хүмүүсийг хурхирч эхлэх үед мэдэрч, жийргэвчийн тусламжтайгаар толгойг зөөлөн хөдөлгөж улмаар хурхиралтыг зогсоодог юм байна.
Түүнчлэн “Нора” гар утасны аппликэйшинээр дамжуулан тухайн хэрэглэгч өөрийн хурхиралтыг хянах, унтаж буй байрлалаа харах зэрэг боломжтой гэнэ. Эрүүл мэндэд ямар нэг гаж нөлөөгүй энэхүү ухаалаг төхөөрөмж нь 239 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч эхэлжээ.
Д. Чинзориг