CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Нэгдсэн Чинь улсын түүхээс...

04-12-2016 11:30

 

Хятад оронд хоёр мянга гаруй жил боолын нийгэм тогтсоны эцэст НТӨ 221 онд феодалын анхны нэгдсэн хаант төр Чинь улс байгуулагдав. Чинь улсын өмнө НТӨ 255-222 онд оршин тогтнож байсан Байлдаант улсын үед боолын нийгэм задарч байжээ. Тухайн үед олон жижиг улс оршин тогтнож, өөр хоорондоо үргэлж дайтан, бие биеэ нэгтгэж байгаад хожим Чинь, Чи, Чү, Вэй, Янь, Хань, Жао зэрэг 7 улс үлдсэнийг “Долоон хүчирхэг улс” хэмээдэг байв. Тэр долоон улсын нэг, баруун хойд нутгийн Чинь улс харьцангуй эрт цэрэг дайны болон хөдөө аж ахуйн шинэчлэл хийснээр түргэн хугацаанд хүчирхэгжсэн юм.

 

НТӨ 247 онд арван гурван настай Инжэн, Чинь улсын хаан ширээг залгамжилжээ. Тэрбээр 22 наснаасаа төрийн хэргийг өөрөө мэдэх болсон бөгөөд чухам тэр үеэс бусад зургаан улсыг нэгтгэх их үйлсээ эхлүүлсэн байна. Инжэн хаан, эрдэмтэн мэргэдийг цуглуулж олон зэрэг дэв бүхий тушаалд дэвшүүлэн ажиллуулжээ. НТӨ 230-221 оны хооронд 10 хүрэхгүй жил Хань, Жао, Вэй, Янь, Чү, Чи зургаан улсыг мөхөөж, бүх Хятадыг анх удаа нэгтгэжээ. Хятад орны тархай бутархай байдал ийнхүү эцэс болж, нэгдсэн Чинь улсын хаант төр мандсан бөгөөд Инжэнийг “Ши хуанди” буюу “Анхны хаан” хэмээн өргөмжилсөн юм.

Нэгдсэн Чинь улс байгуулагдсан явдал Хятадын түүхэнд алс хэтийн ач холбогдолтой маш чухал үйл хэрэг болсон юм. Чинь Шихуан юуны түрүүнд хэсэглэн соёрхох дүрмийг цуцалж, засаг захиргааны нэгжийг жюнь (муж), сянь (хошуу)-ий хэлбэрт оруулжээ. Бүх улсыг гучин зургаан жюнь болгон хувааж, жюний доор олон сянь байгуулав. Төв засгийн газрын болон орон нутгийн ноёдыг хаан өөрөө шилж сонгон тушаалд дэвшүүлэх буюу огцруулдаг болсон бөгөөд зэрэг хэргэм үе улиран залгамжлах явдлыг эцэс болгожээ. Чинь улсын үндэслэн байгуулсан жюнь, сяний тогтолцоо хожмын 2000 гаруй жилийн феодалын нийгмийн түүхэнд уламжлал болсон юм. Өнөөгийн Хятадын олон сянийг 2000 гаруй жилийн өмнө Чинь улсын үед нэрлэсэн байдаг.

Чинь улс Хятадыг нэгтгэхээс өмнө, Байлдаант улсууд өөр өөрийн бичиг үсэгтэй байжээ. Тэдгээр үсэг бичиг хэдийгээр үүсэл гарал нэгтэй, зурлага төстэй боловч соёлын солилцоо, харилцаанд төвөг учруулж байсан юм. Чинь улс байгуулагдсаны үр дүнд хятад орон нэгдсэн бичиг үсэг хэрэглэх болов. Түүнээс хойш, Хятад үсгийн өөрчлөлт дүрэм горимтой болсноор Хятадын түүх соёл бүрэлдэхэд хэмжээлшгүй их ач холбогдолтой үйл хэрэг болсон билээ. Үүнээс гадна, Байлдаант улс бүр өөр өөрийн жин хэмжүүр, стандарттай байсан нь эдийн засгийн хөгжилд ноцтой саад болж байлаа. Чинь Шихуан улс даяар жин хэмжүүр, зоос мөнгө, хууль дүрмийг нэгтгэж, бүхий л улс орны эдийн засгийн хөгжилд таатай боломж бүрдүүлж төв засгийн газрын байр суурийг бататгасан юм.

Чинь Шихуан амьд ахуй цагтаа хийсэн бас нэг агуу том бүтээн байгуулалт бол их Цагаан хэрэм юм. Тэрбээр умардын нүүдэлчдийн довтолгооноос сэргийлж, урьдын Чинь, Жао, Янь зэрэг улсын байгуулсан хэсэг бусаг хэрмийг нийлүүлэн засаж, баруун этгээдийн элсэн цөлөөс зүүн тийш далай тэнгис хүртэлх түмэн газрын урт цагаан хэрэм болгосон билээ. Чинь Шихуан үзэл санааны ноёрхлоо бэхжүүлэхийн төлөө, НТӨ 213 онд зарлиг буулган түүх судрын хүрээлэнд хадгалж байсан “Чинь улсын түүх”-ээс бусад харь улсын түүх, судар шастир, ном зохиолыг шатаалгаад зогсохгүй ном судар нууцаар хадгалж байсан хүмүүсийг ч алж хяджээ. 

Чинь Шихуан 13 насандаа өөртөө бунхан бариулахаар шийдэж, долоон зуу гаруй мянга хүний хүчийг дайчлан Лишань уулнаа асар том бунхант цогцолборыг 37 жилийн турш барьж байгуулсан юм. Чинь Шихуаны бунхан, нэг түмэн морьт цэргийн хөшөө дурсгал нь өдгөө дэлхийн өвийн жагсаалтанд орсон соёлын үнэт өв юм. Чинь Шихуан бүх Хятадыг анх удаа нэгтгэж, урт хугацааны туршид байсан тархай бутархай байдлыг эцэс болгон, хятад үндэстнээр гол болгосон олон үндэстний феодалын хүчирхэг төр байгуулсан гавьяатай хүн бөгөөд Чинь улсын үеэс Хятадын түүхэнд цоо шинэ хуудас нээгдсэн билээ. 

Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100