CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Шя улсын түүхээс...

03-21-2016 14:10

 

   Хятад орны нутаг дэвсгэрт байгуулагдсан хамгийн анхны төр бол Шя улс юм. Шя улс НТӨ XXI-XVI зууны хооронд 500 шахам жил оршин тогтнох хугацаанд 17 хаан төр барьжээ. Шя улсын ноёрхлын төв өнөөгийн БНХАУ-ын Шаньши мужийн өмнөд, Хэнань мужийн баруун нутгийг хамарч байв. Шя улсыг үндэслэн байгуулсан Да Юй хаан гол мөрний голдрил засаж ард иргэдэд тус хийсэн түүхэн хүн юм. Үерлэхээрээ маш их гамшиг тарьдаг Хатан голыг голдрилыг амжилттай зассан учир Да Юй олон түмний итгэлийг хүлээж Шя улсыг байгуулсан хэмээн домогт өгүүлдэг.

   Шя улсыг байгуулах үйл явцад урт удаан хугацаанд оршин тогтнож байсан хүй нэгдлийн нийгмийг халж өмчийн харилцаанд шилжин, тэр үеэс Хятад орон боолын нийгэмд орсон байдаг. Шя улсын сүүлчийн онуудад хааны угсааныхан дунд улс төрийн хуйвалдаан өрнөж, ангийн зөрчил тэмцэл өдөр ирэх тусам хурцаджээ. Ялангуяа сүүлчийн эзэн хаан Шя Же хаанчлах үедээ, өөрчлөлт шинэчлэл хийж улс орноо хөгжүүлэхийн чухлыг үл хайхран, баян тансаг амьдралд ташуурч, улсын хөрөнгийг хэмжээгүй ихээр үрэн таран хийж наргиж цэнгэдэг байв. Тэрээр хатантайгаа архи дарс уун зуурдын жаргалд ташуурч, ард түмний зовлон зүдгүүрийг огтхон ч ойшоодоггүй байсан гэдэг. Хэрэв сайд түшмэд хааныг ятгаж сануулбал тэр дор нь алдаг байсан аж. Тийм ч учраас Шя улсын харьяанд байсан жижиг хот улсууд ар араасаа урвасан юм.

   Тэр үеийн Хятад оронд байсан олон хот улсын нэг Шан улс, Шя улсын хүч суларсныг ашиглан довтолжээ. Шя улсын Же хаан зугтсан боловч удалгүй Наньчао хэмээх газар нас барснаар Шя улсын төр мөхсөн юм. Шя улсын тухай түүхийн тэмдэглэлээс манай үед уламжлагдан ирсэн зүйл тун ховор болохоор түүхэнд үнэхээр Шя улс оршин тогтнож байсан эсэх нь одоо болтол маргаантай, эрдэм шинжилгээний хувьд нэг мөр болоогүй байна. Гэвч Хятадын түүхийн алдарт сурвалж “Түүхийн тэмдэглэл”-д Шя улсын хааны он дарааллыг тодорхой тэмдэглэн үлдээжээ. Шя улсын эдийн соёлын өвийг археологийн судалгаагаар илрүүлэн олж, Шя улсын түүхийг тодруулах нь Хятадын түүхийн шинжлэх ухааны чухал асуудал юм.

   1959 оноос археологичид Шя улсын тууринд судалгаа хийж эхэлснээр Шя улсын соёлыг судлах ажлыг эхлүүлсэн юм. Хэнань мужийн Яньши хотын “Эрлитөү-гийн соёл” бол Шя улсын түүхийг судлах гол объект гэж ихэнх судлаачид үздэг. Тэд энэ соёлын холбогдох он цагийг бараг НТӨ 1900 оны үе буюу Шя улсын үед хамаарна хэмээн шинжлэн тогтоосон юм. Өнөөгийн байдлаар, түүнийг Шя улсын соёл мөн гэж нотлох шууд баримт үндэслэл үгүй ч түүнээс илрүүлсэн археологийн баялаг баримт материал Шя улсын соёлыг олж илрүүлэх ажилд хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Эрлитөү-гийн тууриас олсон үйлдвэрлэлийн багаж хэрэгслийн дийлэнх нь чулуун зэвсэг байснаас гадна ясан болон хясаан зэвсэг олджээ. Зарим барилгын суурь, яндангийн хоолой, булшны хананд модон анжисаар малтсан ор мөр бий.

   Тухайн үед ард иргэд нэлээд болхи хийцтэй багаж зэвсэг ашиглан, ур ухаан зарж, шаргуу ажиллан, ус шороог засаж янзлан газар тариалан эрхэлж байв. Шя улсын тууриас хүрэл зэвсэг олноор илрүүлээгүй боловч Эрлитөү-гийн тууриас хүрлээр хийсэн хутга, шөвөг, ооль, цүүц, зэв, гох зэрэг багаж хэрэгсэл, зэр зэвсэг, сав суулга илрүүлсэн юм. Мөн гуулиар багаж хэрэгсэл цутгаж байсны үлдэгдлийг илрүүлж, вааран савны хэв, гуулины өөдөс, хайлуулах тогооны хагархай хэлтэрхийг олсон байна. Үүнээс гадна тэндээс технологийн өндөр төвшинд хийсэн хаш эдлэл, оюу шигтгээтэй гоёл чимэглэл, чулуугаар хийсэн хөгжмийн зэмсгийн зүйлс олдсон юм. Түүнээс үзвэл тухайн үед гар үйлдвэрлэлийн технологи өндөр хөгжиж, хөдөлмөрийн хуваарь нэлээд гүнзгийрсэн байжээ.

   Эртний сурвалж бичигт Шя улсын зурхайн ухаантай холбоотой зүйл тэмдэглэсэн нь хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татдаг юм. “Да дай ли жи” хэмээх сударт тэмдэглэгдсэн “Шя шяо жэн” бол одоо хирнээ хадгалагдаж буй Шя улсын зурхайн ухаантай холбоотой чухал сурвалж төдийгүй Хятадын хамгийн анхны зурхайн бичиг юм. Түүнд тухайн үед хүмүүс долоон бурхан одны эргэх байдлаар он сарыг тогтоож байсан тухай өгүүлсэн байдаг. Уг бичигт Шягийн зурхайн 12 сарын дарааллаар сар бүрийн одны байдал, хийн орны байдал, бодисын байдал, түүнтэй зохицсон газар тариалсан, төрийн үйл хэргийг тус тусад нь тодруулан тэмдэглэжээ. Энэ нь Шя улсын үеийн газар тариалангийн хөгжлийн түвшнийг зохих хэмжээгээр илтгэх бөгөөд түүнд Хятадын шинжлэх ухааны хамгийн эртний ховор чухал эрдэм мэдлэг шингэсэн байна. 

                                                                                                                   До.Болдхуяг

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100