CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Та Хятад улсад тэтгэлэгээр суралцах гэж байна уу

03-13-2016 16:57

 

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгийн бүртгэл эхлээд удаагүй байна. Энэ жилийн тухайд, 200-аад залуусыг сонгон шалгаруулж, БНХАУ-д магистр, докторын сургалтанд хамруулна гэж албаныхан мэдэгдэж байна. Цаашид ч мөн урд хөршид суралцах сонирхолтой оюутан залуусын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас бид Бээжингийн багшийн их сургуулийн оюутнуудтай ярилцаж, тэтгэлэгт горилогчдын хамгийн их сонирхдог асуултанд хариулт авлаа.

- БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлэгээр магистр, докторын сургалтанд суралцах иргэдэд ямар шаардлага тавьдаг вэ?
Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жилийн ажлын туршлагатай байх шаардлагатай. 35 хүртэлх насны иргэдэд нээлттэй. Харин докторантурт сурах бол магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх хэрэгтэй. 40 хүртэлх насны иргэд энэ тэтгэлэгт өрсөлдөх боломжтой.
- БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө нь хамрагдаж байсан бол дахин тэтгэлэг горилох боломжтой юу?
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө нь хамрагдаж байсан бол энэ тэтгэлгийг дахин олгохгүй.

- Эхний шатны шалгаруулалтанд ямар ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?
Ихэвчлэн дараах бичиг баримтуудыг эхний шатанд бүрдүүлдэг. Үүнд:
Бүрэн зөв бөглөсөн анкет
Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
Англи, хятад хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах,
БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;
Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (монгол хэл дээр мөн хятад эсвэл англи хэлний аль нэгийг сонгож бичих, 500-аас цөөнгүй үгтэй байх);
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргавал давуу тал болно. Урлагийн чиглэлээр суралцах бол өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргах) гэх мэт бичиг баримт бүрдүүлдэг.
- Байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт ямар байх шаардлагатай вэ?
Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага эсвэл одоо ажиллаж байгаа газраасаа тодорхойлолт авах хэрэгтэй. Хүмүүс энэ талаар их асуудаг л даа. Миний хувьд хүний нөөцийн мэргэжилтэнээсээ ажил, зан байдлын тодорхойлолт авч байсан. Энэ тодорхойлолт тухайн хүнийг илэрхийлэх маш чухал баримт болдог. Тийм учраас ажиллаж байх хугацаандаа гаргасан амжилт, багаар ажиллах чадвар, манлайлал, хамт олонтойгоо харилцах харилцаа гээд бүхий л давуу талаа тодорхойлолтондоо тусгах хэрэгтэй.  Мөн ажлынхаа хажуугаар мэдлэг мэргэжлээ ахиулах сургалт, төсөл хөтөлбөрт хамрагдаж, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажил зохион байгуулж байсан бол энэ нь маш том давуу тал болдог.

- Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөгөө хэрхэн бичих вэ? гэж хүмүүс их асуудаг. Энэ тал дээр юу гэж зөвлөх вэ?
Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөгөө тусгасан 500 үгтэй эссэ нь тухайн тэтгэлэг горилогч дараа дараагийн шатанд, бүр цаашлаад Засгийн газрын тэтгэлэгт тэнцэх үү, үгүй юу гэдгийг шийдэх маш чухал зүйл болдог. Тиймээс сайн бодож, төлөвлөж байж бичээрэй гэж зөвлөе. Мэдээж суралцах хөтөлбөр төлөвлөгөө гээд хэт албаны, уйтгартай зүйл бичих хэрэггүй. Бас хэтэрхий уянгын халил болох шаардлагагүй. Хамгийн гол нь, би яагаад заавал хятадад сурах ёстой вэ? би ирээдүйд хэн болж, юу хийх вэ? миний мэдлэг, мэргэжил улсынхаа хөгжилд ямар чухал ач холбогдолтой байх вэ? гэдгийг эссэндээ сайтар тусгах хэрэгтэй. Мөн ямар ч жишээ баримтгүй, судалгаагүй, хийсвэр зүйл бичихээс аль болох зайлсхийх нь чухал. Тиймээс сонирхолтой тоо баримт оруулж, жишээ татаж бичвэл зүгээр.  Тухайлбал, Чиний сонгосон мэргэжил хэр чухал юм? Эрэлт хэрэгцээ нь ямар байна? Хятадад энэ салбар яаж хөгжиж байна, боловсон хүчнээ хэр өндөр түвшинд бэлтгэж байна? Дэлхий нийт энэ салбарт анхаарлаа хэр хандуулж байна? гэх мэт олон асуултанд хариулт өгч болох юм.
- БНХАУ-ын ЗГ-ын тэтгэлэг горилогчид суралцах хөтөлбөр төлөвлөгөөгөө ямар хэл дээр бичвэл зүгээр вэ?
Эхний шатанд монгол хэлээр эссэгээ бичээд өгч болно. Яваандаа шат шатандаа тэнцээд, сургууль руугаа материалаа явуулах болбол орчуулах шаардлага гардаг. Бас анхнаасаа англи юм уу хятад хэлний аль нэгийг сонгоод бичсэн ч болно.

- Эхний шатанд тэнцсэн иргэдийг ярилцлаганд урьдаг. Ярилцлагын үеэр юуг анхаарвал зохих вэ?
Бүртгүүлэгчдийн ирүүлсэн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр ярилцлаганд орох иргэдийн нэрсийг тодруулж, ярилцлагын цагийн хуваарь, байршлыг зарладаг. Энэ жилийн тухайд, 3 дугаар сарын 31-ний өдөр ярилцлаганд орох хүмүүсийн нэрсийг зарлаж, 2016 оны 4 дүгээр сарын 2, 3-нд ярилцлагаа зохион байгуулахаар байсан.  Ярилцлаганд очихдоо бүртгүүлэх үеэр явуулсан бичиг баримтаа эх хувиар нь авч очих шаардлагатай байдаг.
Ярилцлагын үеэр хятад юм уу, англи хэлээр яривал давуу тал болно. Гэхдээ монголоороо ч ярьж болно. Хамгийн гол нь өөрийгөө маш сайн илэрхийлж, хятадад сурах зорилго, төлөвлөгөөгөө өөртөө итгэлтэйгээр ярих хэрэгтэй. Мэдээж ярилцлага бол амьд харилцаа учраас тухайн цаг мөч, асуултаа мэдрэх нь чухал. Энэ шатанд л тэнцчих юм бол ерөнхийдөө БНХАУ-ын ЗГ-ын тэтгэлэгт тэнцлээ гэсэн үг. Ярилцлаганд тэнцсэн иргэдийн нэрсийг 2016 оны 4 дүгээр сарын 7-нд зарлах юм билээ.
- Ярилцлаганд тэнцсэн иргэд дахин бичиг баримт бүрдүүлдэг үү?
Бүрдүүлнэ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас магистр, докторын шалгаруулалтад тэнцсэн хүмүүст шаардлагатай мэдээлэл, баримт бичгийн жагсаалт өгдөг.  Ерөнхийдөө өмнө нь бүрдүүлсэн бүх бичиг баримтаа англи юм уу хятад хэл дээр орчуулахаас гадна, их сургуулийн эрдэмтэн багш нараасаа тодорхойлолт авч, мөн орчуулна. БНХАУ-ын их дээд сургуулиудад хандаж, интернетээр анкет бөглөнө. Мөн улсын эмнэлэгийн үзлэг шинжилгээнд орж, эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг. Бүх бичиг баримтаа гурван хувь бүрдүүлж, заасан хугацаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныханд хүлээлгэн өгдөг.

- Суралцах хот, сургуулиа яаж сонгодог юм бэ?
Тэтгэлэг горилогчийг хүлээн авч, суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам болон тухайн улсын их дээд сургууль нь хамтран шийддэг. Тийм болохоор тэтгэлэг хүсч байгаа хүн суралцах хот, сургуулиа өөрийнхөө хүслээр сонгочихдоггүй. Гэхдээ ярилцлаганд тэнцсэний дараа, бичиг баримт бүрдүүлэх үеэр БНХАУ-ын зүгээс шилдэг их дээд сургуулиудаа санал болгодог. Энэ үеэр өөрийн суралцахыг хүссэн сургууль, хотоо сонгож, анкет бөглөж болно. Ингэснээр тухайн хүний саналыг харгалзан үзэж, урилга ирүүлэх магадлалтай.
- БНХАУ-ын ЗГ-ын тэтгэлэгт хамрагдсан иргэд хэлний бэлтгэлд сурах бол ахин шалгуур давах уу, үндсэн ангидаа орохын тулд ямар шаардлага хангах ёстой вэ?
Хятад хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн үндсэн сургалтандаа хамрагдана. Хэрэв шалгалтанд тэнцэхгүй бол тэтгэлэг шууд цуцлагддаг. Тиймээс олон хүнээс шалгараад, тодорхой шалгуур даваад,  урд хөршдөө ирж чадсан л бол заавал зорилгоо биелүүлээд эх орондоо буцах хэрэгтэй гэж хэлмээр байна.

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100