CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хятадын Цахиуртын хөндий

03-07-2016 15:02

 

Шэньжэнь бол Хятадын нээлттэй эдийн засгийн анхны чөлөөт бүс, хөгжлийн хурдаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан нэр нөлөө бүхий хот юм. Шэньжэнь Хятадын Хонконг, эх газрыг холбосон гүүр, тус улсын өндөр технологийн аж үйлдвэр, санхүүгийн үйлчилгээ, гадаад худалдаа, далайн тээвэр, соёлын талаар чухал байр эзэлдэг. Сүүлийн жилүүдэд тус хот улам бүр хурдтай хөгжиж байна. Тэгвэл Шэньжэнь хотын хөгжлийн нууц чухам юундаа байдаг юм бол?

Хятадын Шэньжэнь хот гадаадад төгссөн мэргэжилтнүүдийг татах бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш 15 жил болжээ. Энэ 15 жилд тус хот гадаадад төгссөн 60 мянган боловсон хүчнийг ажлын байраар хангасан гэнэ. Гадаадад төгссөн олон залуус “Хятадын Цахиуртын хөндий” хэмээгдсэн Шэньжэнийг сонгож бизнесийн гараагаа эхлүүлжээ.

Шинжлэх ухаан технологийн “Тунгуань” компанийн ахлах технилогич Шифан: “Манай хотын хөгжлөөс гадна бизнесийн таатай орчин, амжилтын төлөөх тэмцэл залуусыг хамгийн ихээр даллан дууддаг. Юуны түрүүнд Шэньжэнь хотын орчин нөхцөл бүх талаар сайн. Техник, технологийн компаниудаас Хуавэй, Тенсент зэрэг интернэт сүлжээний бүх том компани манайд бий. Дэлхийн томоохон үйлдвэрлэл үйлчилгээ, ямар ч шинэ салбарын үйлдвэрлэгчийг эндээс олж болно. Гэвч орчноос гадна боловсон хүчин хамгаас чухал. Манай хотод бизнес эрхлэх таатай орчноос гадна шинэ нээлт, шинэ бүтээл, амжилтын төлөө зүрх сэтгэлээ өгсөн шижгэр залуус цугласанд хамаг учир байгаа юм. Бид байнга илүү цагаар ажилладаг. Үүнийгээ хэвийн зүйл гэж боддог. Учир нь бүх залуус ингэж ажилладаг юм” хэмээн ярьж байлаа.
Гадаадад төгсөгчид Шэньжэнь хотын мэдээллийн аж үйлдвэр, био эм бэлдмэл, эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, шинэ түүхий эд, хөдөлгөөнт интернет сүлжээ зэрэг салбарт түлхүү ажилладаг. Гадаадад төгсөгчдөөр боловсон хүчнээ бүрдүүлсэн олон олон аж ахуйн нэгж тус хотын бие даасан инновац, аж үйлдвэрлэлээ чанаржуулахад хувь нэмрээ оруулж байна.

Шэньжэнь хотын Био технологийн хүрээлэнгийн захирал Шэн Ситун: “Бид генийн дарааллыг судалж, технологийн төхөөрөмж үйлдвэрлэдэг. Одоо клиник эмчилгээний шатанд орж, зөвшөөрлийн гэрчилгээ авсан. Бидний судалгаа дотоод дахь энэ салбарын хоосон орон зайг нөхсөн юм. Ирээдүйд ялангуяа био эм бэлдмэлийн салбар дотоодод түргэн хөгжих хандлагатай байна. Бизнес эрхлэх боломж, хувь хүний хөгжлийн хувьд аль алинд нь асар их боломж нээгдсэн. Манай компани үйл ажиллагаагаа хөгжүүлсний үр дүнд клиникийн бодит хэрэглээний шатанд орж эмч нарт оношлогоо эмчилгээний өвөрмөц арга зам нээж байна. Өвчин эмгэгийн 95 хувь нь гентэй холбоотой тул бүх өвчнийг генийн шинжилгээгээр оношлох боломж бүрдэнэ” гэжээ. Гадаадад төгсөгчдийн ихэнх нь сүүлийн үеийн технологи эзэмшсэн төдийгүй өөр өөрийн салбарт гадаад дотоодод танил тал, найз нөхөдтэй, бизнесийн салбарт эрэлт хэрэгцээ бүхий өндөр зэрэглэлийн боловсон хүчин юм. Гадаадад төгссөн олон залуус эх орондоо бизнес эрхэлж байна. Тэдний хувьд мөнгө олох нь гол хөшүүрэг биш. Харин ямар нэг нээлт хийж, зохион бүтээж, амжилт гаргах гэсэн халуун хүсэл мөрөөдөл нь тэднийг хөтөлдөг юм .

Шэньжэнь хот гадаадад төгсөгчид бизнес эрхлэхэд зориулж төрөл бүрийн шинжлэх ухааны 17, аж үйлдвэрийн 7 парк байгуулсан юм. Хотын захиргааны үр ашигтай үйл ажиллагаа, нээлттэй бодлогын үр дүнд маш олон гадаадад төгсөгчид Шэньжэньд очиж, бизнес эрхэлсэн нь хотын инновацийн хөгжилд тун сайн хөрс болж өгчээ. 2014 онд 365 мянган хятад залуус гадаадад их дээд сургууль төгсөж эх орондоо ирсний дийлэнх нь Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь зэрэг өндөр хөгжилтэй хот, төв, баруун нутгийн мужуудын төвд ажлын байртай болсон гэнэ.

                                                                                 Д.Гүнтөмөр

 

 

 

 


 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100