CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Дорнын орнуудад хаврын баяр аисуй

02-02-2016 16:03

 

Хятад: Хятадын цагаан сарын түүх эзэн хаан Хуан-дигийн үеэс эхтэй гэгддэг. Хятадын цагаан сар жил бүр нэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарын дунд үед болдог. Олон хоног үргэлжилж өргөн дэлгэр тэмдэглэдэг тус баяраар Хятадын ард түмэн элбэг хангалуун зоог бэлтгэж, гэр орноо цэвэрлэн, шинэ хувцас өмсөн, гэр бүл найз нөхдөөрөө цуглардаг. Мөн цагаан сараас өмнө өр ширээ дарж, сайн сайхныг бодож, бэлэг дэмбэрэлтэй үг хэлэлцдэг аж. Цагаан сараар хүүхдүүд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, хариуд нь улаан дугтуйтай мөнгө авдаг байна. Үүнийг “нас дарах мөнгө” гэнэ.
Хаврын баяр” буюу Цагаан сарыг мөн “жил өнгөрөөх” гэж нэрлэх нь бий. Ийн жил өнгөрөөх баяр нь битүүний өдрөөс эхэлнэ. Тухайн өдөр хүмүүс гэр бүлээрээ цугларч, хос уянга нааж, цаасан пуужин хөөргөн, баярын зоог хүртдэг. Хоолны дараа хууч хөөрөхийн зэрэгцээ банш чимхдэг заншилтай.

Монгол: Олон зууны тэртээгээс Монголчууд хаврын эхэн сарын шинийн нэгний баярыг сайхан шинэ бүхний эхлэл хэмээн бэлэгшээн тэмдэглэж иржээ. Зарим нутагт хар бүхнийг цайлгах цагаан баяр хэмээн үздэг. Цагаан сарын нэр өдрийн бэлэгдлээс гадна идээ ундаа, золгох битүүлэх ёс нутаг нутагт өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ ах зах ахмад настнаа хүндэтгэх зан заншил нь нэг юм. Тухайбал залуу айл өрх тавгын идээгээ гурваас таван үе өрдөг бол ахмад өндөр настай хүмүүс долоон үеэр засдаг. Золгох ёс ч гэсэн өөрийн дэг дүрэмтэй. Нэг гэрийн хоёр хоорондоо золгодоггүй бол ахмад өндөр настаныхаа гар дээр нь хадаг тавьж хариуд нь нас буяны ерөөл авдаг учиртай. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Хүүхдийн гар нүдтэй гэх учир ямар ч тарчиг цаг үе тохиосон үр хүүхдийнхээ гарыг цайлгаж бэлэг өгдөг уламжлалтай.Цагаан сарын үеэрээ билэгтэй үг хэлэлцэж, ирж буй оны өнгөө ярилцдаг. Цагаан сарын өдрүүд нь өөрийн гэсэн цээртэй байдаг. Тухайлбал шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэй зохисгүй байдлыг цээрлэдэг. Ямар ч өвчин зовлонтой хүн байсан шинийн нэгний өдөр ёс бэлгийг бодож орноос босон хувцас юугаа өмсөж золгодог. Мөн шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Энэ өдөр зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна. Шинийн гуравнаас сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хэсэгчлэн хураадаг ёс бий.

Солонгос: Солонгосчууд билгийн тооллын шинэ жилийг Соль /Sol/ гэж нэрлэдэг. Энэ нь гэр бүлийн баяр юм. Билгийн тооллын шинэ жилээр солонгосчууд төрсөн гэр орондоо ахан дүүсээрээ цуглан эцэг эх, ахмад настнууддаа мөргөж хүндэтгэл үзүүлдэг. Солонгосчууд үндэсний хувцас ханбукаа өмсч цагаан будааны боовтой шөл зэрэг тусгайлан бэлтгэсэн хоол зооглодог. Хүүхдүүд аав ээж, ахмад настнууддаа мөргөж ёслосны дараа мөн дугтуйтай мөнгө авдаг байна.

Вьетнам: Вьетнамчууд билгийн тооллын шинэ жилийг Тет Нгуен Дан /Tet Nguyen Dan/ гэж нэрлэдэг. Тус улсын хаврын баяр нь Хятадын цагаан сартай нэг өдөр болдог байна. Өөрөөр /mừng tuổi/ нэг нас нэмсний баяр ч гэж нэрлэдэг байна. Хүүхдүүд шинэ хувцасаар гангарч, гэр бүлийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүний хариуд ахмадууд нь хүүхдүүддээ мөн улаан дугтуйтай мөнгө өгдөг байна. Мөн өрх бүр таваас зургаан метрийн урттай хулсан мод засдаг. Хулсан модоо янз бүрийн зүйлсээр чимэглэдэг байна . 

Камбож: Хаврын баярыг Чаул Чам Тхмей /Chaul Chnam Thmey/ гэж нэрлэдэг бөгөөд дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааснаар иргэд гурван хоног амарч баярладаг аж. Баяраар хүмүүс гэр орноо цэвэрлэж, цэцэг, бөмбөлгөөр чимэглэж, лаа асаадаг байна. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг аж. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг . 

Тайланд: Тайланд Сонгкран /Songkran/ буюу хаврын баярыг дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд тэмдэглэдэг уламжлалтай. Тайландчууд Камбожтой ижил ургацын баяр болгон тэмдэглэдэг аж. Тайландчууд баяраараа муу муухайг угааж арилгахын бэлгэдэл болгон бие бие рүүгээ ус цацдаг байна. Усандаа янз бүрийн үнэртэй ургамал хийсэн байх нь элбэг. 

Япон: Японд билгийн тооллын шинэ жилийн баярыг 19-р зууны сүүлчээс тэмдэглэхээ больжээ. Гантан /gantan/ гэж нэрлэх шинэ жилийн баяр нь өрнийн ёс заншлын дагуу нэгдүгээр сарын 1-нд болдог байна.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100