Хөгжлөөрөө тэргүүлэгч Жянсү муж
02-02-2016 15:11

Хятадын Зүүн өмнөд тэнгисийн эрэг дэх Жянсү муж Хөх мөрөн, Хуайхэ голын доод урсгалд байдаг бөгөөд зүүн талаараа Шар тэнгис, хойд талаараа Шаньдүн, баруун талаараа Аньхүй, өмнүүрээ Жэжян муж, зүүн өмнүүрээ Шанхай хоттой зах нийлнэ. 102 мянган ам дөрвөлжин км газар нутаг, 1000 км урт далайн эрэг, 79.3 сая хүн амтай, хүн амын нягтаршлаар Хятадад тэргүүлдэг. Хятад, хотон, манж, түвд, солонгос, уйгур, монгол үндэстэнтэй. Жянсүгийн монголчууд тэнд Юань улсын үед суурьшжээ. Тус мужийн нутаг Хятадын хамгийн нам дор газар бөгөөд нутаг дэвсгэрийн дийлэнх нь далайн төвшнөөс дээш 50 метр орчим өндөр. Газрын байц тэгш тал, нам дор газар зонхилно.
Хуанхуай, Жянхуай, Бинхай, Хөх мөрний хойгийн дөрвөн их хөндийтэй. Жянсү ус ихтэй, Хунзэ, Тайхү, Гаоди зэрэг 200 гаруй нуур цөөрөм, Хөх мөрөн, Хуайхэ, Чишүйхэ зэрэг гурван том мөрөн, 2900 гаруй гол горхитой. Мужийн нутаг дэвсгэрийн 17 хувь нь усны гадаргуу юм. Халуун дулаан завсрын бүсэд оршдог тул зөөлөн дулаан уур амьсгалтай, хур тунадас ихтэй, чийглэг, жилийн дөрвөн улиралтай. Агаарын дундаж дулаан жилд +13+16 хэм, 1 дүгээр сард +2+4 хэм, 7 дугаар сард +26+30 хэм болдог.
Жянсү ашигт малтмал ихтэй, нефть, байгалийн хий, алмаз, гантиг чулуу, хүхрийн ордтой. Гантиг чулуу, давсны нөөцөөр Хятадад тэргүүлдэг, 400 тэрбум тонн давсны нөөцтэй. Газар тариалан их хөгжсөн, тутарга, улаан буудай, эрдэнэ шиш, хөвөн, тосны ургамал голлон тариалдаг. Ойн бүрхэвч их, хулс, нарс, царс, цайны мод бут, төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамал тарьдаг. Мал аж ахуй эрхэлж гахай, тахиа, галуу, нугас, хүр хорхой үржүүлж ирсэн эртний уламжлалтай. Ялангуяа Тайхү нуурын орчим газар хүр хорхойн ялам мод үржүүлдэг гол нутаг юм.

Жянсү муж эдийн засгийн хөгжлөөрөө Хятадад дээгүүр ордог. Мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2014 онд 6.5 триллион юань хүрч, 2013 оны мөн үеэс 8.7 хувиар өсжээ. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 80 мянган юань хүрч, хот суурины хүн амын дундаж орлого 8.7 хувь, хөдөөгийн хүн амын орлого 10.6 хувиар нэмэгджээ. 2013 оны эцсийн байдлаар, Жэжян мужид мужийн болон улсын зэрэглэлийн эдийн засаг технологийн парк 131 ажиллаж байна. 2013 оны бүх Хятадын эдийн засгаар тэргүүлж буй ТОП-100 хотын шалгаруулалтанд Жянсү мужийн 18 хот багтсаны тав нь эхний 10 байранд орсон юм.
Жянсү мужид зам харилцаа сайн хөгжсөн. Мужийн хурдны авто замын урт 2010 онд 4000 км байсныг 2015 онд 5200 км хүргэх зорилт дэвшүүлжээ. Жянсү муж Бээжин-Шанхай, Ланьжөү-Ляньюнь чиглэлийн төмөр замын хоёр гол шугамтай. Тэр дундаа Бээжин-Шанхайн чиглэлийн төмөр замын Наньжинаас Шанхай хүрэх хэсэг Хятадын хамгийн ачаалалтай төмөр замд тооцогддог. Өндөр ачааллын үед 5 минут тутамд галт тэрэг явдаг юм. Мужийн төмөр замын урт 2013 онд 2718 км хүрчээ. Жянсү муж иргэний агаарын тээврийн нисэх онгоцны 12 буудалтай. Усан тээврийн 21 гарамтай, түүний 4 нь далайн боомт, бусад нь дотоодын гол мөрний гарам юм.
Жянсү муж өвөрмөц тогтоцтой уул хад, нуур цөөрөм, үзэсгэлэнт сайхан байгаль, эртний арвин их бичиг дурсгалтай нутаг билээ. Тийм ч учраас эртнээс эдүгээг хүртэл хол ойрын аянчин жуулчин олноор очдог бөгөөд өдгөө олон улсын аялал жуулчлал цэцэглэн хөгжиж, жил бүр хэдэн сая гадаадын жуулчин хүлээн авч, түүх соёлын дурсгал бүхий байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж байна.

Жянсү мужийн төв Наньжин хот бол Хятадын эртний түүх соёлын өлгий нутаг юм. Тэнд 5000 гаруй жилийн өмнө айл тосгон байсан бол НТӨ 473 оны үеэс хот суурин байгуулжээ. НТ 229 онд Y улс тухайн үед Жян-Е нэртэй байсан Наньжин хотыг нийслэлээ болгосон юм. Хожим Зүүн Жин, Сүн, Чи, Лян, Чэн, Өмнөд Тан, Мин, Дундад Иргэн Улсын нийслэл хот байсан бөгөөд Гоминдан намын Засгийн газар тус хотод байрлаж байв. Наньжин Хятадын ардчилагч Сунь Ятсений амьдрал, үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Наньжинд түүний гэр музей бий. Өдгөө Наньжин эдийн засаг, соёл боловсрол хөгжсөн орчин үеийн том хот болжээ.
Наньжиний гадаад дотоод худалдаа, банк санхүүгийн салбар маш их хөгжиж, бүс нутгийн хэмжээний бизнес, эдийн засаг, худалдааны том төв болсон бөгөөд орчин үеийн цахим техник, цахилгаан эрчим хүч, нефть, хими, нэхмэл сүлжмэл, хүнс, барилгын материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Хятадын хамгийн том Хуабэйгийн давсны үйлдвэр Наньжинд бий. Мөн Сүжөүгийн гар хатгамал, Наньжиний торго, Үшигийн вааран эдлэл, Янжөүгийн хаш чулуун сийлбэр, Ишиний шаазан эдлэл эртнээс алдартай.

Бээжин-Шанхайн төмөр замын дагуу байрлах Жянсү мужийн Үши худалдаа хөгжсөн хот юм. Үши хот үзэмж төгөлдөр Тайхү нуурын эрэгт байдаг. Хятадын аялал жуулчлалын 10 чухал хотын нэг Үшигийн уул ус хосолсон үзэсгэлэнт байгаль хол ойрд алдартай. Жянсү мужийн Сүжөү Хятадын түүх соёлын 24 нэрт хотын нэг юм. 2500 жилийн түүхтэй Сүжөү эрт үеэс Хятадын өмнөд нутгийн улс төр, эдийн засаг, соёлын төв, урлаг соёл хөгжсөн, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсан өлгий юм.
Жянсү мужийн Янжөү хот бол мөн Хятадын түүх соёлын 24 нэрт хотын нэг, 2400 жилийн түүхтэй хот юм. Янжөү НТ 600-900 он буюу Тан улсын үед Хятадын худалдааны хамгийн том төв байжээ. Одоо Янжөү хот хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа хөгжсөн эдийн засгийн том цогцолбор болжээ. Янжөү Жянсү мужийн гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол бүс бөгөөд Янжөүгийн гар урлалын бүтээгдэхүүнийг дэлхийн 40 гаруй улс оронд борлуулж байна.
Жянсү мужийн Чанжөү 2000 жилийн түүхтэй эртний хот юм. Сүүлийн үед Чанжөү хот нэхмэл, механик, цахим, эм бэлдмэл, хуванцар, барилгын материал, бэлэн хувцас зэрэг хөнгөн үйлдвэрийн хот болон хөгжиж байна. Хөх мөрний эрэгт байдаг Жянсү мужийн Наньтүн хот Хятадын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бааз бөгөөд сүүлийн үед тус хотын аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байна.
Д.Гүнтөмөр