CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Эгэл бус эгэл хүн

01-29-2016 14:56

 

 

   Хүн төрөлхтөний оюун ухааны их ундрага, тайлагдашгүй нууц болон үлдсэн олон суут хүн бий. Тэдний хорвоо ертөнцийг үзэх үзэл, хүмүүний амьдралыг харах өнцөг бусдаас өөр. Иймдээ тэд зуун зуунаар амьд оршдог. Тиймдээ тэд өдөр бүр биш зуун мянган жилээр хэмжигдэн төрдөг аж.
Эгэл бус эгэл энэ хүмүүсийн нэг нь их сэтгэгч, соён гэгээрүүлэгч эртний Хятадын гүн ухаантан Күнз бөлгөө. Нийтийн он тооллоос өмнө 551-479 онд амьдарч, бүтээл юугаа туурвиж байсан энэ хүний талаар сонсож мэдээгүй хүн ховор. Учир нь түүний сургаал үгс нь төөрч будилсан, эргэлзэж тээнгэлзсэн нэгэнд зам чигийг нь зааж өгдөг бол цөхөрч гуньж, бүдэрч унасан нөгөөд эрч хүч хайрлах аж. Дэлхийн суут 10 сэтгэгчийн нэг гэгдсэн Кунз багадаа эцэг эхээсээ өнчирч хоцорчээ. Магадгүй түүний хар нялхдаа үзсэн энэ зовлон зүдгүүр нь хүний амьдралын ээдрээ нугачааг тайлж ойлгох, шүүн тунгааж, эш сургаалиа номлох эх үндэс нь болсон бизээ.

   Күнзийн сургаал үгс нь яруу найргийн тогтолцоог агуулснаараа сэтгэлд амархан буудаг хэмээн судлаачид хэлдэг. Күнзийн хэлсэн яруу аяст 8 мөрт сургаалд: Үзэхдээ гэгээнийг санама
   Сонсохдоо цэцнийг санама
   Царайндаа намжууныг санама
   Байдалдаа бишрэлтэйг санаш
   Үгэндээ шударгыг санана
   Хэрэгт хичээнгүйг санана
   Сэжиглэхүйд асуухыг санана
   Олзыг үзвээс журмыг санана хэмээн бичсэн ажаам.
Дээрх мэргэн ухааны түлхүүр үгийг ухаж, уншсан хэн боловч өөртөө шингээж гэмээнэ алдахын зовлонгоос ангижрах буйзаа. Тэрээр тухайн цагийн жаяг журмыг баримтлан ёслол, хөгжим, харваа, тэрэг хөтлөх, хэл бичиг, тоо бодлого зэргийг багтаасан "Зургаан эрдэм"-д хичээнгүйлэн суралцаж "Улс эс зарахуйд, өөрөө эрдэм мэдлэгт шамдан боловсорсоор" гучин настайдаа өөрийн номын сургуулиа байгуулан,  хичээн зүтгэсний үрд шавь нарынх нь тоо 3000-д хүрсэн гэдэг.Харин тэр олон шавь нараас нь ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь нь өөрийнх нь хүсэл зорилгыг үргэлжлүүлсэн тухай эртний түүх шаштирт тэмдэглэгдэн үлджээ.

   Мэргэн багш Күнз уламжлалт соёлыг сэргээн үлдээх, эерэг ёс суртлыг номлох, түгээн дэлгэрүүлэх, хүн зоноо соён гэгээрүүлэх, бичиг үсэгт сургах дээдийн буянтай үйлд насан туршийнхаа бүхий л амьдралыг зориулсан гэдэг. Түүний сургааль үгс их ширээнд суугч ноёдоос эгэл ард гээд хэний ч амьдралд тус болох бүлгээ. Түүний үгийн шид, утга увьдаст сургаал үгс ийм бөлгөө.
   Зогсолтгүй үргэлжүүл... “Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүй урагшлах хэрэгтэй” Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Хүнд хүчирт бөхийлгүй, амар тайванд амарсхийлгүйгээр зөвхөн урагшил.. Энэ Кунзын хүн төрөлхтөнд үлдээсэн захиас.
   Найз нөхөд чухал. “Өөрөөсөө дутуу хүнийг хэзээ ч найзаараа бүү сонго” Найз бол таны маргаашийн тусгал. Та найзынхаа зогсож байгаа тэр газарт л хүрнэ. Тиймэээс өөрийн зүрхэндээ галтай тийм хүмээсээр хүрээлүүл. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үгтэй дээрх сургаал агаар нэг сонсогдоно.
   Сайн зүйл илүү үнэ цэнэтэй байдаг “Үзэн ядах амархан, хайрлах хэцүү Энэ нь бүх зүйл дээр ижилхэн үйлчилнэ. Бүх сайн сайхан зүйлийг олж авахад хэцүү байдаг бол тааруу зүйлийг хямдхан авч болно” Тиймээ. Амтдралын хууль бий биш гэжүү. Хамгийн үнэ цэнтэй зүйлээ хамгийн хямдаар худалдаж болно гэжүү. Муулах, шүүмжлэх амархан. Хайрлах, уучлах, өгөөмөр сэтгэл гаргахад их зүрх сэтгэл, ухаан, хичээл зүтгэл шаардана.

   Күнз мөн “Амжилт бэлтгэлээс хамаарна. Бэлтгэлгүй эхэлбэл алдах болно”. Амьдрал дээр юуг ч хийх байсан сайн бэлтгэл хамгаас чухал.Алдаж эндсэндээ шаналаад хэрэггүй. Алдаа хийх нь гэмт хэрэг биш. Алдаанаас болоод бүгдийг бүү сүйрүүл. Харин ч алдаа хийснээ тэмдэглэх хэрэгтэй! гэж хойч үедээ захиж үлдээжээ. Түүний сургаал үгийн сангаас цөөн хэдийг шүүрдсэн нь энэ. Их Кунз багш хүмүүний амьдралын философийг цөөн үгээр илэрхийлсэн нь хүн төрөлхтөний үнэ цэнэтэй их өв болон иржээ. Тэгвэл тэрээр  ухаарал мэдсэн бүхнээ нас өөрийн насаараа зааглан дүгнэсэн баримт бас байдаг юм.
   - Би арван таван насандаа эрдэмд шимтэж эхэлсэн.Гучин насандаа эрийн цээнд хүрсэн. Дөч хүрээд төөрөлдөж гуйвхааргүй болсон. Тавин насандаа тэнгэрийн бошгыг танилаа.Жар хүрээд сонсож дуулсан бүхнээ салгаж ялгаж чаддаг болсон. Далан нас зооглоод хүсэл зоргоороо явавч хэв ёсны хүрээнээс хэтэрч эс чадав хэмээн нэгэн насныхаа амьдралыг хураангүйлэн өгүүлжээ. Багаасаа зовж зүдэрч өссөн болохоор надад хүмүүст туслах сэтгэл л бий. Түүнээс эд хөрөнгө алга хэмээн энэ хүмүүн хэлсэн. Түүний амьдралын хураангүй бидэнд ч бас нэгийг өгүүлж буй. 25оо гаруй жилийн тэртээ амьдарч асан ийм нэгэн эрдэмт хүмүүний оюун ухааны үр хөврөл өнөөдөр хүн төрөлхтөнд ухаарал өгч, орчлонгийн явдлыг таниулсаар байх аж.
                                                                                                     Д. Чинзориг

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100