CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Уулсын орон Шаньши муж

01-27-2016 11:36

 

Шаньши буюу “Уулын баруун муж” нэртэй энэ нутаг Хятадын төв хэсэгт Тайханшань уулын баруун талд, Өвөр Монголын өөртөө засах орон болон Хэбэй, Шааньши, Хэнань мужтай зах нийлж оршдог. 156 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэр, 35 сая хүн амтай. Хятад, хотон, монгол, манж үндэстэнтэй. Мужийн төв Тай-Юань хот. Мужийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь Шаньшигийн өндөрлөг гэдэг. Зузаан шар шороон хөрстэй, зүүн баруун хоёр талаараа уулархаг, дунд хэсэгтээ хотгордуу газар юм. Тайханшань, Хэншань, Утай, Тайюй, Луйлян зэрэг томоохон уул нуруутай. Далайн төвшнөөс дээш 3058 метрт өндөр Утай уулын ноён оргил Бэйтайди Хятадын умард нутгийн хамгийн өндөр цэг юм.
Шаньши нутаг Датун, Чисянь, Линфэн, Юнчэн зэрэг үргэлжилсэн хотгор, нам дор газартай. Хатан гол, Хайхэ зэрэг том голын ай савд харьяалагдах олон жижиг гол горхитой. Тус мужийн Фэнхэ гол Хатан голын хоёр дахь том цутгалан юм. Шаньшид нуур бүрд цөөн. Юнчэний ойролцоох Жеси тус мужийн хамгийн том нуур юм. Сэрүүн бүсийн, эх газрын эрс тэс уур амьсгалтай. Дөрвөн улиралтай, хуурай, хур тунадас багатай. Агаарын дундаж жилд +4+14 хэм, 1 дүгээр сард +1+2 хэм, 7 дугаар сард +19+28 хэм байдаг. Жилд дунджаар 350-700 мм хур тунадас унана. Зундаа аадар бороо, мөндөр их ордог, өвөл, хавар цас, бороо бага, салхи ихтэй.

Шаньши ашигт малтмалын арвин их нөөцөөрөө Хятадад онцгой байр эзэлдэг. 120 гаруй төрлийн ашигт малтмал илэрсний дотор нүүрс, хөнгөн цагаан, ванади, сувдан чулуу, галд тэсвэртэй шороон хүдэр зэрэг 7 төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө Хятадад тэргүүлдэг. Шаньшигийн нүүрсний ордууд нийт 261 тэрбум 200 сая тонн буюу улсын нийт нөөцийн гуравны нэг хувийг бүрдүүлдэг. Үүнээс гадна зэс, давсны нөөц ихтэй.
Шаньши нутгийн амьтан, ургамлын төрөл зүйл олон. 2700 төрлийн мод бут, өвс ургамал, 3634 сая шоо метр модны нөөцтэй. Тосон харгай, уулын улиас зэрэг 13 төрлийн төрийн хамгаалалттай мод, ургамал ургана. Лийр, чавга, усан үзэм, хунчир, хүн орхоодой, чихэр өвс зэрэг 30 гаруй зүйлийн эмийн ургамалтай. Эх газрын сэрүүн бүсийн 400 гаруй төрлийн ан амьтан байдгаас 70 гаруй нь дархан цаазтай. Буга, сарт цагаан тогоруу зэрэг 29 төрөл зүйлийн нэн ховор ан амьтан, жигүүртэн шувуу бий.
Шаньши мужийн эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд улам сайжирч байна. 2013 онд мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1.2 триллион юань, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 34.8 мянган юань буюу 5621 ам доллар хүрчээ. Аж үйлдвэржсэн бусад мужийн адил хүнд, хөнгөн аж үйлдвэр газар тариалан зэрэг уламжлалт аж ахуйг орлох болж, ДНБ-д эзлэх жин тавиас дээш хувьтай байна. Үйлчилгээний салбарын орлого ч мужийн нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлэх болов.

Шаньшид улаан буудай, эрдэнэ шиш, ноён шиш, тутарга, хөвөн, газрын самар, шар буурцаг, тамхи, маалинга зэрэг хүнс, аж ахуйн зориулалттай ургамал тариалдаг. Нүүрс, цахилгаан эрчим хүч, металлурги, химийн үйлдвэрлэл голлосон хүнд аж үйлдвэрийн салбартай. Цахилгаан бараа, барилгын материал, нэхмэл, сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл зэрэг хөнгөн хүнсний үйлдвэр хөгжиж байна. Уул уурхайн машин механизм, цахилгаан техник, авто машин, трактор үйлдвэрлэдэг.
 
Мужийн зам харилцааны сүлжээ боловсронгуй бөгөөд умард Хятадын зам тээврийн чухал зангилаа гэгддэг. Авто замын нийт урт 2013 онд 139 мянган км хүрсэн ба 5011 км нь хурдны авто зам байв. Төмөр замын нийт урт 3773 км, төмөр замаар 714 сая тонн ачаа, 62 сая зорчигч тээвэрлэжээ. Шаньшид иргэний агаарын тээврийн нисэх онгоцны 5 буудал ажиллаж байна. Тай-Юань хотоос эхлэлтэй 110 агаарын шугамаар нислэг үйлддэг.  

Шаньши 3200 орчим түүх соёлын дурсгалт газартай, гадаад дотоодын аялал жуулчлал сайн хөгжсөн муж юм. Ирээдүйд энэ мужийн нүүр царайг аялал жуулчлалын салбар тодорхойлно гэж үздэг. Буддын шашинтан, сүсэгтэн олны тахилгын ариун дагшин орон Утай ууланд олон арван сүм хийд, хурал номын газар бий. Датун хотоос 16 км зайд орших Юньган агуй Хятад газар буддын шашин дэлгэрсэн 2000 жилийн түүхэн дэх буддын соёлын хамгийн том дурсгалт газар юм. Тэндхийн олон арван агуйн хананд сийлбэрлэн урласан бурхдын хөрөг хэлбэр хийцийн хувьд давтагдашгүй, гайхамшигтай урлагийн бүтээл юм. Мянга гаруй чулуун сийлбэр бурхантай Юаньган агуйг ЮНЕСКО зүй ёсоор Дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байдаг.

                                                                                                                          Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100