CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Шюйфү Японд очсон түүх

01-22-2016 15:05

 

Хятадын Шааньши мужийн Ши-Ань хот дахь цэрэг морьдын алдарт бунхан, Түмэн газрын их цагаан хэрмийг бариулсан, Хятадын түүхэн дэх хамгийн алдартай хаадын нэг Чинь Шихуан эртний Хятадын Байлдаант улсын үеийн 6 улсыг мөхөөн нэгтгэж хэмжээлшгүй хүч чадалтай болсны дараа, үхэшгүй мөнхийн хутаг олохыг хүссэн гэдэг.

Тэрбээр, Бөхай тэнгисийн дундах нэгэн аршийн ууланд хүнийг үхэшгүй мөнхийн хувилгаан эм ургаж байдаг гэж сонсоод, тийшээ хүн илгээн тэр эмийг хайлгажээ. Шихуаны өмнөөс хамгийн анх тэнгист гарч хувилгаан эмийг хайсан хүн бол Янь улсын Лүшэн юм. Лүшэн Зэши буюу одоогийн Чиньхуандао арлаар тэнгист гарсан боловч үхэшгүй мөнхийн эмийг олж чадсангүй. Түүний Чинь Шихуаны сахиулсанд залбирч тэнгист анх орсон газар нь одоог хүртэл Чиньхуандао хотын Дүншань цэцэрлэгт хүрээлэнд хадгалагдаж байна. 1992 онд хүмүүс тэнд 6 метр өндөр, 80 тонн жинтэй хар өнгийн боржин чулуугаар Чинь Шихуаны хөшөөг босгосон юм. Лүшэн хувилгаан эмийг ололгүй буцаж ирсэн болохоор Чинь Шихуан Шюйфү гэдэг хүнийг тэнгист илгээн хувилгаан эмийг хайлгажээ.


Шюйфү анх удаа тэнгист аялаад буцаж ирснийхээ дараа, Пэнлай хэмээх сахиулсан аралд авирч хувилгаан эмийг олж харсан боловч уулын савдаг түүний авч явсан бэлгийг бага хэмээн чамлаж, хувилгаан эмээ өгсөнгүй. Хувилгаан эмийг авъя гэвэл эрхбиш үзэсгэлэнт охид, чийрэг хөвгүүд, шилдэг гар урчуудыг бэлэглэх хэрэгтэй гэж уулын савдаг хэлсэн хэмээн Чинь Шихуанд айлтгажээ. Чинь Шихуан Шюйфүгийн хэлснийг сонсоод маш их баярлаж, даруй 3000 охид хөвгүүд, олон уран дархныг Шюйфүд тушааж, дахин явж хувилгаан эм авчрах зарлиг буулгасан байна.

Шюйфү тэнгист нэлээд удаан аялсан ч хувилгаан эмийг хайгаад хайгаад олсонгүй. Тэр буцаж ирээд тэнгист аварга луу, том загас түйтгэр тарьж усан онгоцны сахиулсан ууланд нэвтрэх замыг хаасан учир, энэ удаа хувилгаан эмийг авчирч чадсангүй. Сахиулсан ууланд очиход эрхбиш сайн харваачид, шилдэг зэр зэвсэг авч явах хэрэгтэй гэж Чинь Шихуанд айлтгажээ. Яг тэр үеэр Чинь Шихуан далайн савдагтай дайтаж байна гэж зүүдэлсэн гэнэ. Түүнийг нь төлөгч мэргэлж, тэр далайн савдаг бол даруй аварга луу, том загас мөн гэж айлджээ. Ингээд хаан Шюйфүгийн үгэнд итгэж, түүнд мэргэн харваачид, зэр зэвсэг шилж өгч, өөрөө дагуулан тэнгист очсон байна.

Усан онгоц Жифү арлын ойролцоо очих үед үнэхээр нэгэн том загас дайралджээ. Чинь Шихуан түүнийг харваж алаад, энэ удаа сахиулсан ууланд ороход саадгүй боллоо гэж боджээ. Ингээд хаан бусад хэргийг Шюйфүд найдаад өөрөө буцав. Гэвч Шюйфү сахиулсан уул, хувилгаан эмийг хайж олоогүй тул Чинь Шихуантай уулзахаас эмээж, охид хөвгүүд, гар урчуудаа аван Японд очоод, тэнд үе улиран аж төрөн суужээ. Хожим Шюйфү нас барсны дараа, түүнийг Фүжи уулын хормойд оршуулсан юм.

Японд Шюйфүгийн тухай үлгэр домог, тэмдэглэл олон байдаг бөгөөд зарим судлаач, Шюйфү Япон улсыг байгуулсан түүхэн хүн Жиммү Тэнно мөн гэж үздэг. Японы ард иргэд ч Шюйфүг дээдэс богд хэмээн тахиж, түүнийг Үр тарианы сахиулсан, Эмийн сахиулсан хэмээн хүндэтгэн үздэг байна. Японд Шюйфүгийн дурсгалд зориулж босгосон Шюйфүгийн бунхан, Шюйфүгийн орд, Шюйфүгийн хад, Шюйфүгийн эх газар очсоны дурсгалын хөшөө одоог хүртэл хэвээр хадгалагдаж байна. 1991 онд Японы ард иргэд Сага-кэнд “Шюйфүгийн зам” хэмээх нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Жил бүрийн намар Сага кэний ард иргэд Шюйфүг тахиж буй сүмд ургацын дээжээ хүндэтгэн өргөж, 50 жилд нэг удаа их тахилга хийдэг байна.

                                                                                                                                Д.Гүнтөмөр 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100