CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Төлөглөх хүсэл буюу яст мэлхийн хуяг дээрх бичээс

01-22-2016 14:53

 

Хүн гэдэг ер бусын сониуч амьтан билээ. Балар эрт цагаас чулуугаар зэвсэг хийж, галыг эзэмшиж, шавар шатаан сав суулга урлахаас эхлээд өдий төдий нээлт хийж өнөөгийн соёлт дэлхий ертөнцийг бий болгосон нь хүний язгуур мөн чанарын нэг болох сониуч занд хөтлөгдсөнтэй салшгүй холбоотой биз ээ. Хүний сониуч зангийн бас нэг илрэл бол юмыг урьдаас тааж мэдэх адбиш хүсэл юм. Урьд цагт бүү хэл шинжлэх ухаан технологи хөгжсөн өнөө цагийн хүмүүс ч хүний өөрийн аж амьдрал, аливаа зүйлийн үр дүнг урьдаас мэдэхийг хүслэнд автаж ид шид, эрдэм чадалтай гэсэн лам бөө, зөнч төлөгчийн босго элээж, хэтэвч зузаатгах ажээ.
1253 онд Францын ван Людовикийн зараалаар Монгол нутаг, Хархорум хотод ирсэн хар лам Гильом де Рубрук “Дорно этгээдэд зорчсон минь” хэмээх аяллын тэмдэглэлдээ “Мөнх хаан дал шатааж төлгө үзэхгүйгээр аливаа үйл хийнэ гэж үгүй. Хаанд далны яс хадгалах байшин, дал шатаах тусгай зуух, төлөг үзсэн далаа хадгалах байшин бий” гэж бичсэн байдаг. Тэгвэл Хятадын хамгийн анхны төр Шан улсын хаад ноёд 3000 гаруй жилийн тэртээгээс амьтны яс, яст мэлхийн хуягаар төлөг үздэг байсан нь археологийн судалгаагаар тогтоогдсон билээ.

Шан улсын үед хаан ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын өмнө заавал төлөг тавиулдаг байжээ. Яс бол төлөг тавихад хэрэглэдэг багаж зэвсэг байв. Ясыг хэрэглэхээсээ өмнө урьдаар хусаж цэвэрлэн тэгшилж засдаг байжээ. Үүний дараа төлөгч яст мэлхийн хуягны дотор тал буюу араатан амьтны ясны гадна талд хурц иртэй багажаар өөрийн нэр, төлөг хийсэн цаг хугацаа, мэргэлэх зүйлээ эрэмбэ дараатай сийлж галд түлнэ. Галын илчинд ясанд хагарал гарах бөгөөд гарсан ан цавыг “бэлгэдлийн шинж тэмдэг” гэж үзнэ. Төлөгчид ан цавын чиглэлийг сайтар шинжиж, төлгөө тавих ба төлөг зөв буусан эсэхийг ясан дээр сийлж тэмдэглэнэ. Төлөгчид мэргэлсний дараа, бичиг зураас бүхий ясаа албаны архивт хадгалан үлдээдэг байв.
 
Хятадын судлаачид Шя улсыг Хятадын хамгийн анхны төрт улс гэж үздэг боловч Шя улсын түүхийн тухай баримт материалыг нэлээд хожуу үеийн сударчид нөхөн тэмдэглэсэн байдаг бөгөөд одоог хүртэл археологийн бат ноттой гэрч баримт олдоогүй байна. Археологийн судалгааны эд өлгийн баримт материалаар баттай нотлогдсон Хятадын хамгийн анхны төр бол Шан улс юм. Шан улс НТӨ XVI зууны үед байгуулагдаж 600 жил оршин тогтноод, НТӨ XI зуунд мөхжээ.

Шан улс олон удаа нийслэлээ нүүлгэж хамгийн сүүлд Пань Гэн хааны үед өнөөгийн Хятадын төв нутаг Хэнань мужийн Ань-Ян хотын ойролцоох Инь хэмээх газар төвлөрсөн бөгөөд Инь хот 300 гаруй жилийн турш Шан улсын улс төр, соёл, эдийн засаг, худалдааны төв байсан юм. Шан улсын үед эртний Хятадын соёл иргэншил өндөр төвшинд хөгжсөний гол онцлог нь яст мэлхийн хуяг дээр сийлсэн бичээс, хүрэл зэвсгийн соёл байсныг археологийн судалгаагаар нотолжээ.

Яст мэлхийн хуяг дээр сийлсэн бичээсийг анх санамсаргүй тохиолдлоор илрүүлсэн юм. XX зууны эхээр Хэнань мужийн Ань-Ян хотын баруун хойд хэсгийн Шяотүнь тосгоны тариачид яст мэлхийн хуяг, араатан амьтны ясыг хятад эмийн түүхий эд болгон худалддаг байжээ. Тухайн үед яст мэлхийн хуяг, араатан амьтны ясыг хятад эм эмнэлэгт “луугийн яс” хэмээн өргөнөөр ашигладаг байв. Ардын домогт өгүүлснээр Чин улсын Бадаргуулт хааны үеийн Личэн хэмээх үсчний бие дээр яр гарсан боловч эмчлүүлэх мөнгөгүй байжээ. Тэрээр, голын хөвөөнөөс яст мэлхийн хуяг түүж талхидан нунтаглаад шархан дээрээ түрхтэл хавдар нь түргэн харьж, яр нь эдгэжээ. Личэн ихэд баярлаж, шинэхэн шархан дээр нунтаг хуяг түрхэж үзтэл цус нь тогтсон байна. Ингээд яст мэлхийн хуягийг эмнэх шидтэй “Луугийн яс” хэмээн нэрийдэж Хятадад эмийн түүхий эд болгон худалдаалдаг болжээ.

Анх Ваншян, Ван Ирун нар Шяотүнь тосгоны тариачдын худалддаг яст мэлхийн хуяг дээр эртний бичиг байгааг анзаарч мэдээд бичигтэй хуяг, ясыг хайж цуглуулан, тайлж уншжээ. Удалгүй эртний бичиг судлаач эрдэмтэд яст мэлхийн хуяг, араатан амьтны ясан дээр сийлсэн зүйл нь Шан улсын бичиг болохыг нотолж, улмаар Шяотүнь тосгон эртний түүхэн сурвалжид гардаг Шан улсын нийслэл Инь хотын туурь мөн болохыг олж тогтоосон байна. Инь хотын туурийг илрүүлж судалсан явдал XX зууны Хятадын төдийгүй дэлхийн археологийн хамгийн чухал нээлтүүдийн нэг болсон юм. 24 ам дөрвөлжин км талбай бүхий Инь хотын туурийг 1928 онд анх малтан судалж тэндээс яст мэлхийн хуяг дээр сийлсэн бичиг, хүрэл зэвсэг зэрэг түүх соёлын хосгүй үнэт зүйлсийг олноор илрүүлсэн билээ.

 Өнөөг хүртлэх малтлага судалгааны явцад бичээс бүхий 150.000 гаруй яст мэлхийн хуяг, амьтны яс илрүүлсний дотор хоорондоо давтагдаагүй 4500 орчим ханз үсгийн тэмдэгт мэдэгдээд байна. Түүнээс 3000 орчмыг судлаачид өөр өөрийнхөөрөө тайлж уншсаны 1000 гаруйг эрдэмтэд санал нэгтэй адилхан уншиж тайлбарласан юм. Бусад үсгийг уншиж тайлбарлах боломжгүй буюу судлаачдын санал харилцан адилгүй байна. Хэдий тийм боловч тэрхүү 1000 гаруй үсгийг ашиглан, Шан улсын улс төр, эдийн засаг, соёлыг нэлээд сайн төсөөлөн ойлгох боломжтой.

Судлаачид үсгийн зурлагыг судалж үзээд тэр үед ханз үсэг нэлээд өндөр хөгжсөн байсныг олж мэдсэн юм. Энэ дурсгал нэн эртний үнэлж баршгүй түүхэн олдворын хувьд 3000 гаруй жилийн тэртээх эртний Хятад орны түүх, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын тухай мэдээллийг хадгалан үлдээсэн юм. Энэ дурсгал Хятадын эртний түүх, ялангуяа Шан улсын түүхийг судлах хамгийн чухал материал болсоор ирсэн бөгөөд өнөөдөр ясан дээрх бичгийн судалгаа дэлхийн хэмжээний судлал болтлоо хөгжөөд байна.

Ясан дээрх бичээсийг судалсан хамгийн анхны эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл бол Лю-Эгийн 1913 онд хэвлүүлсэн “Те-Юн яст мэлхийн хуягны нууц” хэмээх зохиол юм. Хятадын нэрт түүхч, зохиолч Гүо Мөрүогийн 1929 онд хэвлүүлсэн “Ясан дээр сийлсэн бичгийн судлал” хэмээх ном эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт чухал бүтээл билээ. Ясан дээр сийлсэн бичээсийг Бээжингийн Их Сургуулийн профессор Чю Шигүй, Хятадын Түүхийн Хүрээлэнгийн профессор Ли Шюечинь зэрэг эрдэмтэн гүнзгий судалсан юм. 

Хүрэл эдлэл бол ясан дээрх бичээсийн адил Шан улсын үеийн төлөөлөх чанартай соёл юм. Шан улсын хүрэл хайлуулж цутгах технологи өндөр түвшинд хүрсэн байжээ. Инь хотын тууриас илрүүлж олсон хүрэл зэвсэг хэдэн мянгаар тоологдох бөгөөд түүний дотроос 1939 онд олдсон 875 кг жинтэй, 133 см өндөр, 110 см урт, 78 см өргөн “Сы Мү-Ү” хэмээх бичигтэй дөрвөлжин хүлс бол Хятадын эртний хүрэл зэвсгийн соёлын оргил үеийн гайхамшигт бүтээл юм. Шан улсын үед төр үүсэж, хувийн өмчийн харилцаа үндсэндээ бүрэлдсэн ба чухам тэр үеэс эхэлж Хятад орон соёл иргэншлийн үед орсныг археологийн олдвор, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн харуулж байна.

                                                                                                                     До.Болдхуяг 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100