CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Их тайгын эзэн

01-19-2016 13:45

 

   Үүлс өвс зээглэн хөвөлзсөн их тайга нэг л эзэнтэй. Хэдэн зууны өмнө ийм байсан. Одоо ч тийм. Тэд бол цаатнууд. Хүн төрөлхтөний шуугиант амьдралаас хол ийм нэгэн ертөнцийг өнөөдөр зарим нь мөхөж буй иргэншил хэмээнэ. Миний бодохоор үгүй мэт. Харин ч хөгжлийнхөө чинээнд хүрээд яахаа мэдэхээ байсан улс орны хүмүүс энэ л аглаг тайгын замд олон тааралдана. Тэд тайгын эзэдтэй уулзах гэж энэ хол замыг туулдаг. Уг нь шинэ ертөнцийн хүмүүст бүх зүйл бий. Тэд дуртайгаа үзэж, хүссэнээ идэж бас хийж болдог газраас яах гэж тайг руу ирдэг вэ?. Мэдээж тэдний зарим нь цаа буга харж, цаатаны урцанд хонож үзэхийг хүсдэг ч байж мэдэх юм. Гэвч олонхи нь дэвшилтэт ертөнцөд байхгүй нэг л зүйлийг хайн бэдэрч энд ирдэг. Энэ бол сэтгэлийн амар амгалан. Сэтгэлийн анираас өөр юу ч үл дуулдах орчлон энд л бий. Ер бусын биш гэжүү... Бидний амьдран буй хотод салхи нэг  янзаар исгэрч, цас нэг өнгөөр ордог бол тэнд үгүй. Бид өдөр шөнө гэх хоёр он цагт хуваагдан амьдардаг бол тэнд үгүй. Ийм л мөнхийн амар амгалан их тайгад бий. Тайг эзэдтэй. Цаа буга, цаатан хоёр бол тайгын эзэд.
1764 онд Монгол улсын Дархан шавийн тоо бүртгэлийн дансанд 192 цаа буга  бүртгэгдсэн нь их тайгын эздийг анхлан дансалсан хэрэг байж. Ингэж Монгол бичгийн хэлэнд “цаа буга” хэмээх үг анхлан хэрэглэгдсэн аж. Үүнээс хойш цаа бугаа маллан их тайгаа манан суух эздийг цаатан гэж нэрлэх болсон байна.
Ийм л товч намтартай тэд олон зууны турш чимээгүйхэн аж төрсөн, өнөө ч амьдарсаар байгаа энэ хүмүүс соёлт ертөнц рүү ирэх дургүй. Харин хүн төрөлхтөн тэдэн рүү буцан нүүж байна. Тайг тийш хөтлөх жим зам болжээ. Яагаад тэр вэ?...
                                                                                                                      Д. Чинзориг

Магадгүй энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс энд амьдардаг байж мэдэх юм.

Цаа буга цаатан хоёрын их тайга.

Гэрийн цаа бугыг “иви”, зэрлэг цаа бугыг “дасбанан”, марал бугыг “жүлэг”, бор гөрөөсийг “үлэг” гэж нэрлэдэг. Харин дархад, урианхай иргэд цаа бугыг халиун буганаас ялгахын тулд зүсний цагаан өнгийг харгалзан “цагаан буга” гэдэг санаагаар “цаа буга” гэдэг аж.

Монгол улсын Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг их тайгад 100 гаруй цаатан өрх амьдардаг байна. Тэд тува хэлтэн юм.

Цаатан иргэдийг Монгол улсын засгийн газраас дэмжиж ажилладаг бөгөөд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж “Тайгад амьдардаг цаатан” журмын дагуу сар бүр тэтгэмж олгодог.

 Тайгын бүсэд бэлчээрлэх цаа буга нь үнэхээр цагаан өнгөөр ялгаран харагддаг. Ялангуяа өвлийн улиралд тарга тэвээрэг сайн авч үсэн бүрхүүл сорлох үед алсаас цагаан зүс нь тод харагддаг байна. Монгол Улсын нийт цаа бугын тоо толгой 1855-д хүрсэн гэх мэдээллийг холбогдох байгууллагууд гаргасан байдаг.

Соёлт ертөнцийнхэн тэдэн рүү буцан нүүж байна. Яах гэж тэр вэ?...

Энэхүү нийтлэлд Монгол улсын гэрэл зурагчин Ч. Батзаяагийн уран бүтээлээс ашиглав.

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100