CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Бразилчууд “Шар будааны хорхойтон” болсон түүх

01-15-2016 16:52

 

   Саяхан Хятадын ухаалаг гар утасны “Xiaomi” брэндийн нээлтийн үйл ажиллагаа Бразилийн Сан Пауло хотод болсон байна. Энэ бол тус брэнд Латин Америкийн зах зээлд нэвтэрч буй анхны тохиолдол юм. Улмаар тус брэндийн гар утас хэрэглэгчдийн тоо Бразиль болон нийт Латин Амеркчуудын дунд борооны дараах мөөг мэт үржиж байна гэнэ.
   “Xiaomi” гэдэг нь “шар будаа” гэх утгатай хятад үг. Харин тус брэндийн “MI” хэмээх англи нэр “mobile internet” гэсэн агуулагатай. “Xiaomi” брэнд Сан Пауло хотын худалдааны төв талбайд нээлтийн үйл ажиллагаагаа сүр дуулиантай хийсэн байна. Тус хот нь 20 гаруй сая хүн амтай, Бразиль, Латин Америкийн төдийгүй дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын хамгийн том хот гэгддэг. Тус брэндийн Латин Америкийн бүсийн ерөнхий менежер Leo Marroig нээлтийн үйл ажиллагааны талаархи сэтгэгдэлээ ийн ярьжээ.
   “Бид фэйсбүүк хуудсаар нээлтийн тухай зар тараахад 8000 хүн оролцохоо мэдэгдсэн юм. Энэ бол бидний төсөөлснөөс хамаагүй их тоо байлаа. Худалдааны төвийн багтаамжаас шалтгаалж нээлтэд оролцох хүмүүсээ сугалаагаар шалгаруулав. Оролцох сонирхолтой хүн дэндүү олон байсан учраас бид үдийн өмнө, үдийн хойно хоёр дахин нээлт хийсэн юм. Манай нээлтийн үйл ажиллагаанд 1000 гаруй хүн оролцоход “Шар будаа”-гаараа үнэхээр их бахархаж байлаа. Бразиль бол фэйсбүүк хэрэглэгчдийн тоогоор дэлхийд хоёрт ордог улс орон. “Xiaomi” буюу “Шар будаа” брэнд энэ жилийн эхээр фэйсбүүкт албан ёсны хуудас нээснээс хойш 30 гаруй мянган бразиль фэнтэй болоод байна. Бид өдөр бүр фэнүүдтэйгээ харилцаж тэдний асуултад хариу өгдөг” гэсэн байна.

   Одоо “Xiaomi” брэнд Бразилийн Фоксконн компанитай хамтран ажилладаг. Бразиль руу эд ангийг нь экспортолж, Фоксконн компани газар дээр нь угсарна. “Xiaomi”-гийн Латин Америкийн бүсийн ерөнхий менежер Leo Marroig: “Бид ирээдүйн хандлагаа сайтар төсөөлөх ёстой. Бразильд ирэх хэдэн жил цахим худалдаа маш түргэн хөгжинө. Мэргэжилтнүүдийн тооцоогоор энэ оны сүүлч гэхэд цахим худалдаа Бразилийн нийт борлуулалтын 30-35 хувийг эзлэх хандлагатай байна. Тиймээс бидний хувьд цахим худалдаа борлуулалтын маш чухал арга зам болно. Өндөр технологийн гар утсыг хямд үнээр борлуулах гэсэн бидний хүсэл цахим худалдаагаар дамжин зорилгодоо хүрэх юм. Гэхдээ энэ бол бидний гар утсаа борлуулах цорын ганц арга зам биш” хэмээн ярьж байлаа. 
   I Phone, Samsung-гийн хэрэглэгчдийг “Шар будааны хорхойтон” болгосон бас нэг чухал хүчин зүйл бол өндөр технологи, хямд үнээс гадна тус брэндийн шуурхай үйлчилгээ юм байна. “Xiaomi” гар утсыг худалдаж авсан хэрэглэгчдэд утасны талаар ямар нэгэн асуудал гарвал нэн даруй шийдвэрлэж өгдөг. Утасны баталгаат хугацаа дуусаагүй үед асуудал гарсан тохиолдолд ярих төдийд хүн явуулж гар утсыг засаад илгээмжээр явуулдаг ажээ. Энэ нь Бразилийн хэрэглэгчдийн хувьд цоо шинэ төрлийн үйлчилгээ юм.
   Өнгөрсөн оны эхний хагас жилд “Xiaomi” брэндийн гар утасны борлуулалт зөвхөн Хятадын зах зээлд гэхэд л 34.7 саяд хүрчээ. Ингэснээр “Xiaomi” брэнд I Phone, Samsung-ийн дараа орох дэлхийн 3 дахь том ухаалаг гар утасны үйлдвэр болоод байна.

 

                                                                                                             Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100