CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

“Орчин үеийн хятад яруу найраг” орчуулгын түүврийг унших долоон арга

01-08-2016 15:51

 

                                                                                                                                                             Түмэд Д. Нямдорж

   

Зургаа дахь арга: Араас нь эхэлж унших

   Энэ бол миний хамгийн дуртай арга. Зөвхөн яруу найраг гэлтгүй хүүрнэл зохиолын номыг би арынх нь бүлэг, арынх нь үгүүллэгээс уншиж сурчээ. Энэ л дадал зуршлаараа өмнөө байгаа “Орчин үеийн хятад яруу найраг” орчуулгын түүврийг танилцуулах нь. Орчин үеийн гэдэг нь XX зууны эхэн үеэс өнөөг хүртэлх үеийг, хятад яруу найраг гэдэг нь эх газрын болоод тайванийн яруу найргийг хамтад нь хэлж буйг урьдчилан дуулгая. Үүний дагуу орчуулан эмхэтгэгч түүврээ дотор нь Эх газрын яруу найрагчид, Тайванийн яруу найрагчид гэж хоёр хувааснаар хамгийн сүүлийн шүлэг нь тайванийн яруу найрагч Линь Яао-Дө /1962-1996/-гийн 1986 онд бичсэн дараахь шүлэг болжээ.

Хуучин баадуу

Шөнө бүр чангалах
худал үгсийн минь
хуучин баадуу
хувьсах цагийн нөлөөгөөр
өнгөө л гагц өөрчилнө.
Сэтгэл минь түүний
хөлөөрөө гишгэлсэн хуурцаг.
Шөнө бүр би
хавирган сарны хурц үзүүрт
будан шиг орооцолдон
харанхуй төмөр замаар
бөмбөрцгийн цаад руу явчихсан
эвдэрхий тэр хуурцгийн
дуугүй дууг сонсдог.
Шөнө бүр чангалах
худал үгсийн минь
хуучин тэр баадуу
хагарч хэзээ бутрах бол гэж
хааяа би гайхдаг.

Тав дахь арга: Урдаас нь эхэлж унших

Үүнд би дургүй. Гэхдээ одоо яая гэх вэ… Энэ түүврийн эхний шүлэг бол эх газрын яруу найрагч Лю Да-Байгийн шүлэг.

Намрын орой голын дээр

Үүр рүүгээ буцаж буй нэгэн шувуу
эцэж хэдий ядарсан ч
үдшийн нарны цацрагийг
нуруундаа тээж явна.
Бурханлаг жигүүрийнх нь ганц л дэвээнд
голын дээр наран асгарахуй
буурал зэгс нэгэн агшнаа
гоёмсог улаан өнгөөр будагднам.

 Яруу найргийн ном бүр ийм шүлгээр эхэлдэг бол энэ арга миний эргэлзээнгүй дуртай арга байхсан. Сонгодог уран зураг мэт нарийн зураглал, уулга алдам мэдрэмж бүхий эдгээр тансаг мөр 1922 онд бичигдсэн бол эзэн нь 1880 онд Жөжян мужийн Шаосин хотод төрж, 1932 онд насан эцэслэжээ. Хятадын орчин үеийн яруу найргийн дэг жаягийг түүчээлэн дагуулагчдын нэг тэрбээр таван настайгаасаа Тан гүрний үеийн яруу найраг уншиж, найман настайгаасаа сүүл холбон, хэмнэл нийцүүлэх эрдэмд суралцаж, 10 нас хүрээд анхны шүлгээ туурвисан байх юм. Дээрх шүлгээс гадна түүний “Хаврын амилан сэргэсэн бадгууд”, “Хуучин зүүд” зэрэг утга уянга төгс шүлгүүдийг эх хэлнээ яруу сайхан буулгасныг уг түүврээс уншиж болох нь.

Дөрөв дэх арга: Хаа таарсан газраасаа эхэлж унших

Дуртай шүү, би энэ аргад. Яг л мэргэлж буй мэт номоо нээх хэрэгтэй. Нэг, хоёр, гурав… За энэ байна. Юу гэснийг хамтдаа сонирхъё.
XX зууны эхэн үеийн уянгын яруу найрагч Шю Жи-Мо 1897 онд Жөжян мужийн Нинхайд төржээ. Тэрбээр хуулийн чиглэлээр Тианьжины их сургууль, Бээжингийн их сургууль, АНУ-ын Колумбын их сургуульд тус тус богино хугацаагаар суралцаж байгаад 1920 онд Кэмбрижийн Эзэн хааны коллежид элсчээ. Энэ үеэс английн романтик яруу найрагч Китс, Шеллинарын шүлгүүд, Францын романтик, символист яруу найрагчдын бүтээлд ихээр автаж, заримаас нь хятад хэлнээ орчуулж байв. Кэмбрижид суралцаж байхдаа эх орон нэгт яруу найрагч Линь Хуй-Иньтэй дотносч, чухам энэ л үедээ ихэнх шүлгээ бичжээ.
Шю Жи-Мо 1922 онд нутаг буцаж “Хавирган сар” бүлгэмээ байгуулсан бөгөөд романтик хэв маягийг анх хятад яруу найрагт нэвтрүүлсэн шүлэгч юм. Онгоцны ослоор 34-хөн насандаа амиа алдсан түүний дурсгалыг хүндэтгэж “Баяртай, Кэмбриж!” шүлгийг нь гантиг чулуун дээр сийлэн Кэмбрижийн их сургуулийн Эзэн хааны коллежийн арын цэцэрлэгт мөнхөлжээ.

 

 Баяртай, Кэмбриж!

Бараа шуугиан бололгүй сэмхэн ирсэн шигээ
бас л чимээ имээгүй ингээд би буцлаа.
Баруун тэнгэрийн сүм цагаан үүл рүү
“Баяртай” гээд гараа сэмхэн даллалаа…
хэмээн эхэлж буй энэ гайхалтай шүлгийг түүврээс гүйцээгээд уншчихна биз ээ. Үүнээс гадна найрагчийн “Учрал”, “Алтан гургалдай”, “Хаврын эцсээр”, “Саёонара” шүлгүүдийг тус түүврийг эмхэтгэгч сонгон орчуулжээ. Нэгэн япон бүсгүйд зориулсан Шю Жи-Могийн “Саёонара” шүлгийг манай зарим шүлэгч зориулал шүлгийн жишээ болгоод уншчихад гэмгүй.
Харин одоо бүгдээрээ дүрмээ зөрчөөд түүний сэтгэлт бүсгүй, Линь Хуй-Инь найрагчийн хэсгийг уншиж үзье. “Архитекторч мэргэжлээр сурч байсан түүнийг яруу найрагт “уруу татсан” хүн нь Шю Жи-Мо байв. 1920 онд Англид танилцах үедээ Жи-Мо хэдийнээ хоёр настай хүүгийн эцэг болчихсон байсан ч /эцгийнхээ шахалтаар гэрлэсэн авааль гэргийгээ Жи-Мо хүлээн зөвшөөрдөггүй байв/ тэд дотносч, хамгийн сайхан шүлгүүдийг бие биедээ зориулан бичсэн байдаг. Эдгээрээс түүний Шю Жи-Мод зориулсан “Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” шүлэг нь их алдартай. Энэ шүлгээр нэрлэсэн, тэдний дурлалын түүхийг өгүүлэх олон ангит кино хүртэл бий. Хуй-Инь хожим багын найз, нэрт архитекторч Лян Сы-Чэнтэй гэрлэжээ. Олон жилийн дараа тэрбээр охиндоо “Шю Жи-Могийн анхны хайр нь үнэндээ би биш, яруу найрагчийн романтик сэтгэлээр харж байсан Линь Хуй-Инь байсан юм. Харин би тэр хүн нь байж чадаагүй” хэмээн дурссан байдаг.

 Шю Жи-Мо 1931 оны 11 дүгээр сарын 19-нд онгоцны ослоор нас барсан нь Линь Хуй-Иньд маш хүндээр тусч, доор орчуулсан “Битгий гээгээрэй” шүлгийг бичсэн бөгөөд үүнийгээ дөрвөн жилийн дараа хэвлүүлжээ. Энэ шүлгийг бичсэний дараах хоёр жилд Хуи-Инийн уран бүтээл үндсэндээ зогссон байдаг. Учир нь, энэ хугацаанд тэр ердөө тавхан шүлэг бичжээ. Харин 1933 оны сүүлчээр бичсэн “Санахуй” шүлгээсээ хойш тэрбээр уран бүтээлээ дахин эрчимтэй туурвиж эхэлсэн байна. Линь Хуй-Инь хэдийгээр хятадын түүхнээ “нэрт архитекторч” хэмээн бичигддэг ч Шю Жи-Мо, Ху Ши нартай хамтран утга зохиолын “Хавирган сар” бүлгэмийг байгуулж, Таагүрийн “Читра” жүжгийн гол дүрийг хүртэл тайзнаа амилуулж явжээ. Түүний төгс англи хэл, үзэсгэлэнт төрх, гайхалтай жүжиглэлт нь хятадын тайзны урлагт нэгэн тод мөр үлдээсэн байна”.
Ингээд “Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” шүлгийг нь уншъя… Өөрт минь зориулж хэн нэгэн ийм шүлэг бичсэн бол… би амьдралаас дахиж юу ч хүсэхгүй! Ийм шүлэг уншсаны дараа… ийм юм бичих ч утгагүй. Баяртай!

Жич: “Орчин үеийн хятад яруу найраг” түүвэрт Линь Хуй-Инь хатагтайн “Хүсэл” /Л.Соёлын орчуулга. Энэ түүвэрт орсон, эмхэтгэн орчуулагчаас өөр хүний цорын ганц орчуулга/, “Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар”, “Борооны дараах тэнгэр”, “Битгий гээгээрэй”, “Санахуй” зэрэг шүлгүүд оржээ.

Гурав дахь арга: Харьцуулж унших

Миний хамгийн, хамгийн, хамгийн дуртай арга. Харин харьцуулж унших орчуулга юу билээ? Энэ түүвэрт орсон 80 орчим уран бүтээлчийн 250 гаруй бүтээлийн 90 орчим хувь /Үүнээс ч их байж мэднэ/ нь монгол хэлнээ анх удаа бууж байна.
Та гайхна, Монголд утга зохиол нь хамгийн их орчуулагдсан улсуудын нэг Хятад биш үү гэж. Үнэхээр ч тийм. Бид бэнсний үлгэрээс эхлээд “их удирдагч” Мао Зедүний шүлэг, дууллыг хүртэл эх хэлнээ буулгасан. Харин орчин үеийн хятад яруу найргийн орчуулга гэвэл “Соёл” яруу найргийн академиас 2011 онд эрхлэн гаргасан “Хятадын яруу найраг” ботийн “XX зуунаас хойш” хэмээх 21 хуудсаас бүрдэх бүлгийг уншчихад л та үлэмж төсөөлөлтэй болно. Энэ бүлэгт хятад хэлний нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатарын хөрвүүлгээр орсон тайванийн яруу найрагч Жэн Чоу-Юйгийн нэгэн шүлгийн орчуулгыг одоо эл түүвэрт орсон орчуулгатай харьцуулж үзье.
Эхлээд уг шүлгийн хятад эхийг Шиү-Пан Алмбэргийн орчуулсан англи эхтэй тулгаж утгыг нь үгчилж хадъя.

Жэн Чо-Юй

Жэн Чо-Юй


錯誤
Mistake
Алдаа/Эндүүрэл
我打江南走過
I passed through the South of Yangzi
Би Хөх Мөрний өмнөд нутгаар дайрч өнгөрөв
那等在季節里的容顏如蓮花的開落
The face waiting at the turn of seasons, like a lotus flower, blooms and wilts
Цаг улирлын урсгал дунд хүлээсэн /тэр/түүний/ царай цэцэглэж гундсан бадамлянхуа цэцэг шиг
東風不來,三月的柳絮不飛
Without the east wind, the willow catkins in March do not flutter
Дорны салхи үгүй, гуравдугаар сарын удын унгирал дэвэхгүй/хийсэхгүй
你底心如小小寂寞的城
Your heart is like the lonesome little town
Чиний зүрх/сэтгэл ганцаардмал бяцхан хот шиг
恰若青石的街道向晚
Like its streets of cobblestones near nightfall
үдэш тийш одсон хөх чулуун гудмууд нь мэт
音不響,三月的春帷不揭
When footfalls are silent and the bed curtains of March not unveiled
Эгшиг чимээ үгүй/Хөлийн чимээ үгүй, гуравдугаар сарын /орны/ хөшиг нээгдээгүй
你底心是小小的窗扉緊掩 Your heart is a little window tightly shut
Чиний зүрх/сэтгэл бол бат бэх хаагдсан бяцхан цонх
我達達的馬蹄是美麗的錯誤
My clattering hooves are beautiful mistakes
Морины минь туурайн төвөргөөн бол үзэсгэлэнт эндүүрэл
我不是歸人,是個過客……
I am not a homecoming man but a passing traveler…
Би гэртээ ирж буй хүн биш, дайран өнгөрч буй аялагч…
Шиү-Пан Алмбэргийн англи орчуулгаас харахад эх шүлгийн бүтэц, хэмнэлийг хадгалж, утгыг тун сайн гаргажээ. 音不響,三月的春帷不揭/Эгшиг чимээ үгүй, гуравдугаар сарын хөшиг нээгдээгүй/ гэх зургадугаар мөрийг When footfalls are silent and the bed curtains of March not unveiled /Хөлийн чимээ үгүй, гуравдугаар сарын орны хөшиг нээгдээгүй/ гэж бага зэрэг өөрчилж орчуулсан ч аль аль нь хаврын урь арай л ороогүй гэсэн санааг илэрхийлнэ. Сүүлийн хоёр мөр нь: Хүслэнт амрагаа хүлээн уйтгарлаж буй үзэсгэлэнт бүсгүйг хүлгийн туурайн төвөргөөн догдлоон баясгасан ч харамсалтай нь хүлээсэн хүн нь биш аяны зам дайраад өнгөрч буй хөөрхий шүлэгч байсан байх нь… Хэчнээн уран, хэчнээн яруу вэ! Дуу болохоос ч аргагүй шүлэг байгаа биз? Харин одоо орчуулагчдынх нь нэрийг дурдаад өнгөрсөн монгол орчуулгуудаа уншиж үзье.

Алдас

Өнө холын үед мөрний өмнөд нутгаар явахдаа
Үзэмжит лянхуа шиг цогтой царайг харж билээ
Дорнын салхи татраад удын унгирал хийсэхгүй
Тогтож ядсан сэтгэл чинь уйтай бяцхан суурин шиг
Чулуун зөрөгт гудмаар шар бүрийн үест
Шуугиан чимээ үгүй хаврын хөшиг ч нээгдээгүй
Чиний сэтгэл хөшгөө яраагүй цонх шиг
Аргамагийн туурайн чимээ тааламжтай алдас байж дээ
Амраг хөвгүүн чинь би, дайраад л өнгөрсөн хоноц…
[Орчуулсан Д.Болдбаатар]

Эндүүрэл

Хөх мөрний өмнөд нутгаар дайран өнгөрлөө, би.
Хөгжөөнт цагийг хүлээсэн гоо ялдам нэгэн царай
лянхуа мэт нэгэнтээ цэцэглээд гунджээ.
Зүүнээс салхин чимээ үгүй, гуравдугаар сарын уд моддын
гунигтай хөглөрөх унгирал ч үгүй
Зүрх сэтгэл чинь эгээ л ганцаардсан бяцхан хот мэт
харанхуй тийш одсон хөх чулуун гудам мэт.
Хашхирах чимээ ч үгүй, гуравдугаар сарын хавар
халхалсан хөшгөө нээгээ нь үгүй.
Харин чиний сэтгэл хаалттай бяцхан цонх мэт.
Даанч би хүлээсэн амраг нь биш
дайраад өнгөрөх аялагч төдий…
Газар товших хүлгийн минь туурай
гайхам сайхан эндүүрэл юм!
[“Орчин үеийн Хятад яруу найраг” номоос]

Энд тайлбар илүүц. Жэн Чоу-Юй найрагч энэ шүлгээ зассан байдаг ч зөвхөн үг үсэгт нь гар хүрээд утгыг нь өөрчлөөгүй билээ. Яруу найргийн орчуулга гэдэг мэдлэг, мэдрэмж, ур, ухаан маш ихээр шаардсан яггүй хөдөлмөр болох нь харагдана. Бас орчуулагчаас шаггүй эр зориг шаардана. Таж магнагийг тааран шуудай болгочихвол яана!

Хоёр дахь арга: Орчуулагчийн танилцуулгыг эхэлж унших

Харамсалтай нь, та хайгаад олохгүй. “Эмхэтгэн орчуулагч Нацагдоржийн Энхбаяр” гэх богинохон үгүүлбэрийг уншина. Тиймээс номынх нь ариутган шүүгчдийн нэгний хувиар, мөн анд нөхрийн хувиар түүнийг багахан танилцуулъя. Бид тоолбол нас ойролцоо, төөлбөл бие ойролцоо улс МУИС-ийн ахисан түвшний сургалтын англи хэлний хичээлд хамт сууж таарч, хаврын нэг өдөр хичээл тарж суудлаас өндийх үед мань эр миний “Эр тагтааны гуниг”-ийг барьчихсан “Үүнийг бичсэн хүн та гэлүү?” гэсээр ирж билээ. Чамгүй олон хувь хэвлүүлсэн ч сонирхох хүн гарахгүй болохоор нь номын дэлгүүрээс удалгүй татчихсан тэр номын нэг хувь яаж яваад Тайваньд сурч байсан хүнд очсоныг бүү мэд. Танилцаж, сургуулийн архан талд байрлах оюутны байранд маань очиж хууч хөөрөнгөө хятадын уран зохиолоос орчуулж буйгаа дуулгаж, дараа нь нэг ирэхдээ орчуулгуудаасаа авчирч санаа оноогоо хуваалцаж байсан цаг саяхан мэт… Мөн Франц Кафкагийн алдарт “Хувирал”-ыг англи хэлнээс орчуулснаа сонирхуулж байсан нь одоо надад бий. Бас ч муугүй шүлэгч тэрбээр хэдэн жилийн өмнө орчуулгуудынхаа хамтаар цөөнгүй хэдэн бичвэрээ нийтлээд байсан цахим өртөөгөө нэг л өдөр гэдэн нь хөдөлсөн мэт хаачихсан билээ. Түүнээс хойш энд тэнд хэвлүүлсэнгүй. Шалтгааныг нь сонирхвол “Санаанд хүрэхгүй байна аа. Өөрийн санаанд хүрэхгүй байгаа юмыг бусдад яаж уншуулах билээ” гэнэ. Шалсаар сүүлд бичсэн хэдэн шүлгийг нь үзсэн, дажгүй санагдсан. Санаанд нь хүрч нэг л өдөр хэвлүүлнэ гэж найдъя. Хэд хоногийн өмнө таарахад “Одоо Баруунаас жаахан орчуулна, ахиж хятадын уран зохиолоос орчуулахгүй” гэж дуулдсан. Худлаа л даа…
Түүний энэ түүвэр сайн мэдэх хөрш орныхоо муу мэдэх орчин цагийн яруу найрагтай биднийг шинээр танилцуулж, түүх урлагийн баялаг өв уламжлалтай, тэргүүлэгч энэ гүрний утга зохиолоор дамжуулан дэлхийн чиг хандлага хааш эргэснийг мэдэх, мөн хаахна яваагаа эргэцүүлэхэд нэмэр болох нь дамжиггүй. Адилхан л “гэгээн ”коммунизм байгуулахаар мөр зэрэгцэн явсан мөнхийн хөрш маань биднийг унаагаа юүлж, учраа олох гэсээр явтал хөгжлийнхөө тоосоор булах нь…  Мо Ян 2012 онд Нобелийн шагнал хүртчихлээ. Хэл ам дагуулсан ч хэрэг дээрээ дэлхий хятадын өнөөгийн утга зохиолын түвшинг хүлээн зөвшөөрч байна. Энэ утга зохиолоос орчин үеийн яруу найргийг нь шигшин сонгож эх хэлнээ яруу тансаг буулгасан нь юутай бахархалтай. Лавтайяа, СГЗ Г.Аюурзана нарын 2008 онд эрхлэн хэвлүүлсэн “Дэлхийн сонгомол яруу найраг” антологиос хойш манайд хэвлэгдсэн яруу найргийн орчуулгын жинтэй бүтээл боллоо. Түүврийнх нь ариутган шүүгчээр нэрт яруу найрагч Л.Өлзийтөгс чин сэтгэл, зүтгэл барин оюунаа чилээжээ.
Орчуулан эмхэтгэгчийн тухай өөр бусад мэдээллийг сэргэлэн уншигч та олоод мэдчих учраас энэ удаад би амаа татъя. Биднийг хамгийн чухал, хамгийн зөв, хамгийн үр дүнтэй арга маань хүлээж байна.

Нэг дэх арга: Уншсаны чинь дараа ярилцъя

 

 

Эх сурвалж: Гоодаль

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100