CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хувьсгалын өлгий Хүбэй муж

01-04-2016 17:43

 

    Хүбэй муж Хөх мөрний дунд урсгал, Дүнтинхү нуурын ард байдаг учир Хүбэй буюу “Нуурын ар” хэмээн нэрлэжээ. Хүбэй муж хойгуураа Хэнань, зүүн талаараа Аньхүй, зүүн өмнө, өмнө талаараа Жянши, Хүнань, баруун, баруун хойд талаараа Сычуань, Шаньши мужтай зах нийлнэ. Тус мужийн нутаг дэвсгэр зүүнээс баруун тийш 750 км, өмнөөс хойш 470 км, нийт 185 мянга 900 гаруй ам дөрвөлжин километр. Баруун талаараа өндөрлөг, уулархаг, зүүн талаараа нам дор, баруун, хойд, зүүн талаараа уулсаар хүрээлэгдсэн хөндийд оршдог. Мужийн нутаг дэвсгэрийн 70 хувь нь уулархаг бүс, З0 хувь нь тал хөндий. Үдань, Даба, Үшань, Дабэй зэрэг томоохон уул нуруутай. Далайн төвшнөөс дээш 3105 метр өндөр Даба уулын Шэньнун оргил энэ мужийн хамгийн өндөр цэг юм.
   Хүбэй мужийн дундуур алдарт Хөх мөрөн урсаж өнгөрнө. Гол мөрөн, нуур цөөрөм ихтэй. Хөх мөрөн, Ханжян мөрөн зэрэг том жижиг гол мөрөн 1190 гаруй, нуур цөөрөм З00 гаруй бий. Дулаан бүсийн зөөлөн, хуурай уур амьсгалтай. Хавар бүрхэг, зун чийглэг халуун, намар сэрүүн, өвөл хуурай байдаг. Жилд дундаж дулаан +13+18 хэм, 750-1600 мм хур тунадас унана. Хүбэй бол олон үндэстний муж, 60 орчим сая хүн амын 96.28 хувь нь хятад үндэстэн. Тус мужид түжя, мяо, хотон, жуан, монгол зэрэг цөөн тоот 43 үндэстэн байдаг бөгөөд түжя үндэстэн хамгийн олон, мужийн нийт хүн амын 3.11 хувийг эзэлж байна.
   Хүбэй муж байгалийн баялаг ихтэй, 110 төрлийн ашигт малтмалын орд илрүүлж, 70 гаруй төрлийнх нь нөөцийг тогтоогоод байна. Фосфорын нөөцөөр Хятадад тэргүүлдэг. Төмөр, мангани, хром, ванадий, титан, зэс, хөнгөн цагаан, цайр, никел, гянт болд, молибден, мөнгөн ус, алт, мөнгө, нүүрс, газрын тосны нөөц ихтэй. Амьтан, ургамлаар баялаг. Нутгийн 25,7 хувь нь ойн бүс, модны нөөц 1 триллион 178 тэрбум шоо метр. 1300 гаруй төрлийн мод бут, 2000 шахам төрлийн өвс ургамалтай. 560 гаруй зүйлийн хөхтөн ан амьтан, 350 гаруй зүйлийн жигүүртэн шувуутай.

   Хүбэй муж Хятадын өндөр хөгжилтэй, эртнээс үйлдвэржсэн нутгийн нэг бөгөөд цахилгаан эрчим хүч, төмөрлөг, техник зэрэг хүнд үйлдвэр, нэхмэл сүлжмэл, гэр ахуйн модон эдлэл, эм эмнэлэг, хүнс, ундаа зэрэг хөнгөн, хүнсний үйлдвэрлэл төрөлжин хөгжжээ. 2013 оны эцсийн дүнгээр Хүбэй мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.4 триллион юань, жилийн өсөлт 10.1 хувь байв. 2013 оны байдлаар, тус мужид үндэсний зэрэглэлийн эдийн засаг технологийн нээлттэй бүс 12 ажиллаж байна.

   Хүбэй Хятадын эртний түүхт нутгийн нэг юм. Тэнд 4-5 мянган жилийн тэртээ хүн амьдарч, ваар шатааж, тутарга тарьж байжээ. Хүбэй мужийн Жянлин сяны Жинань хот эртний Чү улсын нийслэл байсан бөгөөд Хөх мөрний сав газрын Чүгийн соёлын голомт юм. Чүгийн соёл Хатан голын сав газар дахь Хятадын төв нутгийн соёлтой нягт харилцаатай байсан бөгөөд Хятад эртний соёлын нэгэн өлгий юм. Иймээс Хүбэй мужийг одоо ч гэсэн Чүгийн нутаг хэмээнэ. БНХАУ байгуулагдсаны дараа Хүбэй Хятадын аж үйлдвэрийн томоохон муж болсон байна.

   Yхань бол Хүбэй мужийн төв, Хөх мөрний боомт, Хятадын төв нутгийн усан болон хуурай зам харилцааны зангилаа, аж үйлдвэрийн цогцолбор хот юм. Хөх мөрөн, Ханьжян мөрний бэлчирт баригдсан Үхань хотын Yчан, Хань-Ян, Ханькөү гурван дүүрэг мөрнөөр тусгаарлагдана. Yхань хот 1858 оноос гадаад худалдааны төв болжээ. 1911 онд цагаагчин гахай жилийн хувьсгалын анхны зэвсэгт бослого Үханьд гарч, Хятадын хамгийн сүүлийн хаант төр Манж Чин улсын ноёрхлыг эцэслүүлжээ. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Yчан, Хань-Ян, Ханькөү гурван хотыг нийлүүлж Yхань хот болгожээ. Одоо Yхань аж үйлдвэр, худалдааны том хот болон хөгжиж байна.

   Тус мужид Үхань хотоос гадна Хуанши, Ичан, Шаши зэрэг аж үйлдвэрийн олон хот бий. Хүбэй мужид Хятадын эртний агуу их эх оронч яруу найрагч Чю-Юнь төрсөн юм. Хятадын ард түмэн Чю-Юнь яруу найрагчаа дурсан жил бүрийн 5-р сарын 5-нд хулсны навчинд ороосон хоол идэж луут завь уралдуулдаг уламжлалтай. Хүбэй мужийн монголчууд дотроос Ли Сэгуан хэмээх нэрт геофизикч төржээ. Тэрээр 1889-1971 онд аж төрж байсан бөгөөд түүний нээсэн дэлхийн бөмбөрцгийн хүчний ухаан газрын тос хайх, газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх зэрэг олон үр ашигтай. Сэгуан 1949 онд БНХАУ-ын Геологийн яамны анхны сайдаар ажиллаж байсан бөгөөд Хятадын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Хятадын шинжлэх ухаан техникийн нийгэмлэгийн дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байв.


Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100