CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Дэлхийн онцлох 10 үйл явдал

12-30-2015 11:24

 

Дэлхий даяар шинэ жилийн баяраа тэмдэглэж, улс орон бүр, цаашилбал байгууллага, гэр бүл, хувь хүн бүр хуучин оныхоо амжилт бүтээлийг дүгнэж, шинэ оны айсуй баярыг зөгнөж байна. Жил бүрийн оны сүүлчээр хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрч буй оны онцлох арван үйл явдлыг нэрлэдэг. Тэгвэл СNТV-гийн Монгол сүлжээ 2015 оны дэлхийн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.  

НЭГ

2015 онд фашизмын эсрэг дэлхийн 2 дугаар дайны ялалтын түүхт 70 жилийн ой тохиож, олон улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөөв.

5 дугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотод аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг сүр жавхлантай зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээний хамрах хүрээ, далайцын хувьд урьд урьдынхаас хавьгүй өргөн хэмжээнд, сүр дуулиантай болсон юм. ОХУ-ын есөн баатар хот, бусад 17, нийт 26 том хотод цэргийн парад хийв.
Улаан талбайд болсон парадын жагсаалын эхэнд хоёрдугаар дайны үеийн Т-34 танк явж, түүний араас өөрөө явагч их бууны “Коалиция-СВ”, стратегийн “Ярс” пуужингийн цогцолбор, “Армат” танк, явган цэргийн хуягт тээгч “Курганец-25”, “Корнет-Д” цогцолбор, десантын БМД-4М байлдааны машин, хуягт “Бумеранг” явав.

Ялалтын 70 жилийн ойн баярын парадад ОХУ-ын 16 мянган цэрэг, 21 загварын 194 байлдааны техник, 28 бүлэг 143 байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг оролцсон юм. Москвагийн парадад гадаад улсаас Монгол, Хятад, Энэтхэг, Белорус, Армень, Азербайжан, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Серби зэрэг 10 орны цэрэг жагслаа.

Харин 9-р сарын 3-ны өдөр БНХАУ түүхэндээ анх удаа ялалтын баярын цэргийн парад зохион байгуулав. Бээжин хотын Тянь-Анмэний талбайд болсон цэргийн парадад 12 мянган цэрэг, 500 орчим хүнд техник, 200 гаруй нисэх тэрэг оролцов. Цэргийн жагсаалын үеэр J-15 онгоц, H-6K бөмбөгдөгч, J-20 сөнөөгч онгоц, KJ-500 AEW, Z-10 зэвсэглэсэн нисдэг тэрэг, Y-20 цэргийн тээвэрлэгч онгоц, DF цуврал пуужин, Red Flag-9 зенитийн пуужин зэрэг орчин үеийн байлдааны техникээ танилцууллаа.  ОХУ-ын Москва хотын Улаан талбай, БНХАУ-ын Бээжин хотын Тянь Анмэний талбайд болсон ялалтын баярын парадын аль алинд Монгол улсын жагсаалын анги нэр төртэй оролцсон юм.

ХОЁР

Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээр батлагдаж, талууд гэрээнд гарын үсэг зурав.

2015 оны 7 дугаар сарын 14-нд Австрийн Вена хотод АНУ, Герман, Их Британи, ОХУ, Франц, Хятад зургаан орон Иран улстай Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар бүх талын хэлэлцээрийг батлав. Ийнхүү 2006 онд эхэлж, есөн жил хэлэлцсэний эцэст Ирантай урт хугацааны хэлэлцээр байгуулж чадлаа. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх 6 орны төлөөлөгч, Европын гадаад харилцаа, аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч хатагтай Могерини талуудын тунхагласан хамтарсан мэдэгдлийг англи хэлээр уншиж, Ираны цөмийн хөтөлбөрийн бүх талын хэлэлцээр тохиролцоонд хүрснийг албан ёсоор зарлан тунхагласан юм. Тэрээр “Бид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрснийг баяр бахдалтайгаар зарлаж байна. Бид дэлхий нийтийн хүсэн хүлээсэн энх тайвны төлөөх амлалтаа биелүүлж чадлаа. Бид дэлхий ертөнцийг улам амар амгалан болгож байна. Энэ бол түүхт өдөр. Учир нь бид итгэлцэл байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн бөгөөд бидний харилцаа шинэ хуудсыг нээсэн юм” хэмээн ярьж байлаа.

Тегеран зарим цөмийн төлөвлөгөөгөө цуцлах нөхцөлөөр өрнөдийн орнууд Иранд тавьсан эдийн засаг, санхүүгийн хоригоо цуцлав. Энэ нь 2005 онд Ираны цөмийн асуудлыг авч хэлэлцсэнээс хойш анх удаа албан ёсны тохиролцоонд хүрч, энхтайвны хэлэлцээгээр цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тогтолцоог хамгаалах үлгэр жишээ үйл хэрэг болсон юм. Ираны тал цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх тухай улс төрийн амлалт өгч, Ираны талд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах зүй ёсны эрхийг олголоо.  

ГУРАВ

Терроризм дэлхий даяар газар авч, олон мянган хүний аминд хүрч, хүн төрөлхтний соёл иргэншлийн наад захын хэм хэмжээг зөрчиж байна.

Латин хэлний terror буюу утгачилбал айдас хүйдэс гэх үгс XXI зууны олон улсын харилцааны нэр томьёоны байнгын хэллэг болжээ. Өнгөрөгч 2015 онд Францын Чарли Эбдо сэтгүүлийн газарт халдлага хийж, Парисын Батаклан театрт цус урсгасан хядлага үйлдэж, Исламын улс бүлэглэл олон улс орны барьцаалагдсан иргэдийг хэрцгийгээр хөнөөж, Оросын иргэний агаарын тээврийн А321 онгоцонд тэсрэх бөмбөг тавьж сөнөөсөн зэрэг олон олон эмгэнэлт явдал даян дэлхий, хүн төрөлхтнийг цочроож, террористуудын балмад үйл ажиллагаа газар авсаар байна.

Жилд дунджаар 9000 гаруй террорист халдлага гарч, 19 мянган хүний амь түүний золиос болж байна. Нигериэс Пакистан хүртэл, Африк тивийн хойд, баруун, зүүн хэсэг, Баруун Ази, Ойрх Дорнод, Дундад Дорнод, Төв Ази, Өмнөд Ази “Лалын улс” бүлэглэлийн үйл ажиллагааны талбар болжээ.

2015 онд “Исламын улс” бүлэглэлийн дайчид дэлхий нийтийг олон удаа цочроов. Тэдний гол зорилго нь Сири, Ливан, Иракийн нутаг дэвсгэрт исламын суннит урсгалын тусгаар улс байгуулах явдал юм. Тус бүлэглэл Сирийн нутаг дэвсгэрийн 70, Иракийн нутаг дэвсгэрийн 40 хувийг эзэлж, зэвсэгт дайчдын тоо нь 80 мянгад хүрээд байна. Исламын улсын шууд удирдлага дор Сири, Иракаас гадна Ливан, Афганистан, Алжир, Пакистан, Ливи, Египет, Йемен, Нигер улсуудад террорист ажиллагаа явуулж байна.

“Исламын улс”-ын босогчид 2015 онд Тунис, Франц, Кувейт зэрэг олон улсад террорист халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн бөгөөд Лондон, Вашингтон, Нью-Йорк, Москва хотод халдлага хийнэ хэмээн мэдэгдээд байна.

Исламын улс бүлэглэлийг устгахын тулд АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн 2014 оны зургаадугаар сараас эхлэн хэт даврагчдын байршилд агаараас цохилт өгч эхэлсэн. Хэт даврагчдын эсрэг эвсэлд АНУ, Их Британи, Ирак, Австрали, Бахрейн, Бельги, Канад, Дани, Египет, Франц, Герман, Итали, Иордан, Кувейт, Нидерланд, Норвеги, Катар, Саудын Араб, Испани, Турк, Арабын нэгдсэн Эмират, Нигер, Тунис, Малайз зэрэг 60 гаруй улс багтдаг.

Олон улс санал зөрөлдөөнөө хойш тавьж, терроризмын эсрэг дэлхий нийтээрээ нэгдмэл фронт байгуулах санаачилга улам нэмэгдэж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэт даврагч Исламийн улс бүлэглэлийн эсрэг шийдвэр гаргаж, дэлхийн улс орнууд хамтын хүчин чармайлтаар терроризмд цохилт өгөхийг уриалсан юм.

ДӨРӨВ

Европ тив дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн ноцтойд тооцогдох дүрвэгсдийн хямралд өртөөд байна.

Ойрх Дорнод болон Африкийн улсуудаас Баруун Европын хөгжингүй орнуудыг зорих цагаачдын асуудалд дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Европын орнуудыг Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн их хэмжээний дүрвэгсэд зорьсон бол дүрвэгсдийн их нүүдэлд одоо хүртэл үргэлжилж байна.

2015 он гарснаас хойш 1 сая гаруй дүрвэгч Европ тивд цутган орж ирэв. Газар Дундын тэнгисээр даац хэтрүүлэн хууль бус цагаачдыг тээж явсан хөлөг онгоц осолдож, хүмүүс олноороо амиа алдаж байгаа тухай мэдээ 2015 онд хэвлэлийн хуудаснаас салсангүй. Тэднээс 3700 хүн дүрвэж явах замдаа зуурдаар амиа алдаад байна. Сууж явсан завь нь живсний улмаас амиа алдсан гурван настай бяцхан хүүгийн зураг хүн төрөлхтний зүрхийг шимшрүүллээ. Хэрэв дайн самуун цаашид үргэлжилбэл ирэх хэдэн жилд Европт дүрвэгсэд хэдэн саяар нэмэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар, хууль бус цагаачид Словени, Грек, Унгар, Сербийн хил орчимд бөөгнөөд байна. Дублины хэлэлцээр ёсоор, тухайн иргэн анх хөл тавьсан Европын орны эрх баригчдад хандан дүрвэгчийн статус олгохыг хүсэх ёстой гэнэ. Эл зарчмыг баримтлан Германы Канцлер А.Меркель “хүсэлт гаргасан хүн бүхэнд статус олгоход бэлэн байна” хэмээн мэдэгдсэний дараа Европын холбооны улсуудыг зорих дүрвэгсдийн тоо улам нэмэгдсэн юм.

Унгар, Словенийн эрх баригчид дүрвэгсдийн урсгалаас болгоомжилж хилийнхээ дагуу хоёр метр өндөр торон хашаа барьжээ. Гэвч дүрвэгсдийн их нүүдэл тасрах шинжгүй байна. Их нүүдлийг сааруулахын тулд юуны түрүүнд Сири, Ливи, Иракт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайныг зогсоох, Туркийн Засгийн газраас Сирийн дүрвэгсдэд ажил хийх боломж олгох, Персийн булангийн чинээлэг орнууд дүрвэгсдийг хүлээн авах, Баруун Африкийн орнуудын эдийн засагт дэмжлэг үзүүлэх гэх мэтчилэн хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай байна.

ТАВ

Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк албан ёсоор байгуулагдаж, “Нэг бүс, нэг зам” стратегийн бүтээн байгуулалт амжилтад хүрч байна.

2015 оны сүүлчээр холбогдох улс орнууд батлан зөвшөөрсний дагуу Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах хэлэлцээр хүчинтэй болсныг зарлав. Үүний үр дүнд Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк албан ёсоор байгуулагдаж тус банкинд Англи, Франц, Герман, Монгол зэрэг 57 улс орон элсэн орлоо. Энэ нь хөгжиж буй улс орноос санаачилсан олон улсын анхны байгууллага бөгөөд Азийн эдийн засгийн интегралчлалд ашигтай төдийгүй дэлхийн хөгжлийн хандлагад ашигтай юм.

Хятад улсын дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” стратегийн бүтээн байгуулалтад томоохон ахиц гарчээ. Энэ стратегийн төсөлд 60 гаруй улс орон оролцож, дэлхийн 4 тэрбум гаруй хүнд үр өгөөжөө хүртээж байна.

11 дүгээр сарын сүүлчээр Олон улсын валютын сан Хятад улсын мөнгөн тэмдэгт юанийг SDR буюу Олон улсын валютын сангийн зээлжих эрхэд албан ёсоор элсүүлэв. Энэ нь Хятадын эдийн засаг дэлхийн банк санхүүгийн системд нэгдэн орсныг харуулж байгаа явдал бөгөөд хөгжиж буй орны валют SDR-т элссэн анхны тохиолдол болсон юм.


ЗУРГАА
 
Оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн тал буудаж унагасны улмаас Орос, Туркийн харилцаа ноцтой хурцдаад байна.

2015 оны 11 сарын 24-нд Оросын Су-24 байлдааны нисэх онгоцыг Туркийн агаарын хүчин F-16 сөнөөгч онгоцоор буудаж унагсан юм. Энэ нь сүүлийн хагас зуун жилд НАТО-гийн гишүүн орон анх удаа Оросын байлдааны онгоцыг буудан унагсан хэрэг бөгөөд үүнээс болж Орос, Туркийн харилцаа ноцтой хурцдаад байна.

 

“Оросын онгоц Туркийн агаарын хилийг зорчиж, хилээс даруй гарах анхааруулгыг хүлээн аваагүй учир сөнөөсөн” гэж Туркийн тал мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Оросын сөнөөгч онгоц 6000 метрийн өндөрт, Сирийн нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байхад Туркийн тал буудаж унагсан. Энэ бол террористуудын хамсаатнууд бидний "ар нуруу руу хутгалсан" явдал хэмээн мэдэгдсэн юм.

Үүний дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нэн даруй Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурав. Өнгөрсөн 15 жилд Турк, Оросын улс төр, эдийн засгийн харилцаа хурдтай хөгжиж, хоёр орон хоорондын барааны эргэлт бараг 10 дахин нэмэгдсэн. Туркийн гадаад худалдааны түншүүдээс ОХУ хоёрт орж байсан юм.

Гэвч ОХУ Туркээс оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнд хориг тавих,  Оросын ажил олгогчид Туркийн иргэдийг ажилд авахыг хориглох, Туркийн иргэд Орост визгүй зорчихыг хориглов. ОХУ-ын хөрөнгө оруулалттай Туркт хэрэгжих төслүүд, атомын цахилгаан станц байгуулах, хоёр орны хооронд байгалийн хийн хоолой татах зэрэг төслийг түр зогсоож магадгүй болоод байна.

Мөн ОХУ Сири болон Балтын тэнгист байлдааны онгоц, агаарын довтолгооныг эсэргүүцэн хамгаалах S400 пуужин, том оврын пуужин тээгч эргүүлийн хөлөг онгоцыг нэмж томилсон юм.
Энэ хэрэг явдлын дараа Ойрх Дорнодын байдал эмх замбараагүй болж, банк санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсээд байна. Орос, Туркийн хувьцаа огцом унаж, Лирагийн өртөг буурч, Европын хөрөнгийн биржид сөрөг нөлөө үзүүлжээ. 

ДОЛОО

Хагас зууны турш дайсагнасан АНУ, Куба хоёр улсын харилцаа сэргэж, харилцан элчин сайдын яамаа нээлээ.

2015 оны 4 дүгээр сард Панам улсад Америк тивийн орнуудын дээд хэмжээний уулзалт болов. Энэ үеэр АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама, Куба улсын Ерөнхийлөгч Рауль Кастро нар түүхэн уулзалт хийсэн юм. Ийнхүү бараг 50 жилийн дараа АНУ, Куба хоёр улсын тэргүүн дээд хэмжээний уулзалт хийлээ. 5 дугаар сард АНУ Кубыг терроризмыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтаас хасав.

Улмаар 7-р сарын 20-нд Вашингтон хотод Кубын Элчин сайдын яам, харин Гаванад АНУ-ын Элчин сайдын яамны нээлтийн ёслол боллоо. Түүнчлэн 1958 оноос хойш анх удаа хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын анхны хэлэлцээр болов.

Хүйтэн дайн дууссанаас хойш хоёр орны харилцаанд ийнхүү чухал ахиц гарав. Гэхдээ энэ бол хоёр орны харилцаа хэвийн болох анхны алхам төдий бөгөөд ирээдүйд маш олон ноцтой асуудлыг зохицуулах, зөрчлийг арилгах шаардлага бий. АНУ-аас Кубад тавьсан эдийн засгийн битүүмжлэл Америк Кубын харилцааны хамгийн том саад хэвээр байна. Хагас зуунаар үргэлжилсэн хүйтэн харилцааны мөсийг хайлуухад урт удаан, ээдрээ бэрхшээлтэй замыг туулах нь гарцаагүй юм.

НАЙМ

Тайваний хоолойн хоёр эргийн удирдагчдын түүхэн уулзалт болов

2015 оны 11 дүгээр сарын 7-нд Сингапурт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Тайванийн удирдагч Ма Инжү нарын түүхэн уулзалт болов. Ийнхүү Тайваний хоолойн хоёр эргийн удирдагчид 1949 оноос хойш анх удаа уулзлаа. Энэхүү түүхэн уулзалтыг БНХАУ, Тайвань, Хонконг болон гадаадын 620 гаруй сэтгүүлчид сурвалжилсан юм.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ “Тайваний хоолойн хоёр эргийн ахан дүүс хоёр эргийн харилцааны хөгжлийн явцаас ухаарал авч үндэстний болон түүхэн хариуцлагаа хүлээх ёстой бөгөөд түүхийн шалгалт давсан зөв сонголт хийх ёстой. Хоёр эргийн элэг нэгт ахан дүүс өөрийн асуудлаа өөрсдөө ухаалгаар шийдвэрлэх чадвартай бөгөөд дэлхийн улс орон, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэж чадна гэдгээ бид өөрсдийн үйл ажиллагаагаараа дэлхий нийтэд харуулах ёстой” гэсэн юм.

2008 онд Ма Инжү Тайваний удирдагч болсноос хойш Тайваний хоолойн хоёр эргийн ахан дүүсийн харилцаа илэрхий сайжирч байна. Ши Жиньпин, Ма Инжү нарын түүхэн уулзалт Тайваньд бүх нийтийн сонгууль болохоос гурван сарын өмнө болсноороо онцлог байлаа. 

ЕС

Номхон далайг дамнасан эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр батлагдав.

2015 оны 10 дугаар сарын 5-нд Америк, Япон зэрэг 12 улс сүүлийн хэдэн арван жилд анх удаа болсон худалдааны хамгийн том хэлэлцээр болох ТРР буюу Номхон далайг дамнасан эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээрийг баталж, 11 дүгээр сард ТРР-ийн тэргүүлэгчдийн анхдугаар хурлыг зохион байгуулсан юм. Энэ хэлэлцээрт хамрагдсан 12 орны эдийн засгийн хэмжээ дэлхийн нийт эдийн засгийн 40 хувийг эзэлдэг бөгөөд харин худалдааны хэмжээгээр дэлхийн гуравны нэг хувийг эзэлж байна.

АНУ анх санаачилж, 5 жилийн хугацаа зарцуулж тохиролцсон ТРР хэлэлцээгээр 18 мянган төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх буюу бууруулсан юм. Энэ нь ТРР-ийн гишүүн бус орнуудад сөрөг нөлөө үзүүлж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна. Гэвч ТРР алсдаа бусад орнуудад үүдээ нээх юм. 

АРАВ

Цаг уурын асуудлаарх Парисын хурал амжилттай өндөрлөв

2015 оны 11 дүгээр сарын 30-нд эхэлсэн цаг уурын асуудлаарх Парисын хурал орон нутгийн цагаар 12 дугаар сарын 12-нд амжилттай өндөрлөж, “Парисын гэрээ" байгуулж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар чухал ахиц гаргасныг тус хурлын дарга, Францын ГХЯ-ны сайд Фабиус зарлаж, хурал амжилттай өндөрлөснийг албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Төслийн дагуу 2020 он гэхэд агаар мандалд цацдаг хорт хаягдлын эсрэг тэмцэлд хөгжиж буй орнуудад 100 тэрбум долларын тусламж үзүүлэхээр болов. Ингэснээр дэлхийн дулаарлыг сааруулахад ихээхэн хувь нэмэр болно хэмээн Фабиус үзэж байна. Төслийн дагуу дэлхийн улс орнууд дулаарлын хэмжээг үйлдвэрлэлийн өмнөх эрин үеийн хэмжээнд барьж, 1.5-2.0 градусаас илүү нэмэхгүй байх үүрэг хүлээв.

Бага хурлын оролцогчид хоёр долоо хоногийн турш эрчимтэй хэлэлцээ хийсний эцэст төгсгөлийн баримт бичгийг боловсруулсан юм. Парисын бага хуралд дэлхийн 195 орны төлөөлөгч оролцжээ.

                                                                                                              До.Болдхуяг

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100