CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Титэм далайн оддыг устгаж байна

12-24-2015 18:10

 

Австралийн “Их шүрэн далан” бол дэлхийн байгалийн өвд зүй ёсоор бүртгэгдсэн манай гарагийн хамгийн урт, хамгийн том шүрэн арлуудтай үзэсгэлэн төгөлдөр бүс нутаг юм. Гэвч Их шүрэн далангийн шүрэн модод устах аюул нүүрлээд байгаа билээ. Сүүлийн жилүүдэд шүрэн модыг сүйтгэгч халуун орны титэм далайн од их хэмжээгээр өсөж үржсэн нь энэ арлууд дахь шүрэн модны төрөл зүйл эрс цөөрөх үндсэн шалтгаан болж байна. Тэнгисийн ёроолд амьдардаг далайн одны нэгэн төрөл зүйл болох “Титэм далайн од” хэмээх биеэрээ дүүрэн хорт өргөстэй энэ амьтан шүрэн модны гадаргуу дахь нялцгай биет амьтдыг идэж шүрэн модноос ердөө л араг яс үлдээдэг байна. Титэм далайн од маш их иддэг ховдог амьтан бөгөөд хоногт хоёр куб метр шүрэн модыг үгүй хийдэг гэнэ. Энэ нь хүний үйл ажиллагаанаас болсон сөрөг нөлөөнөөс хэдэн арав дахин илүү хор хөнөөлтэй юм.
Австралчууд “Их шүрэн далан”-гийн шүрэн модыг хамгаалахын тулд шумбагчдыг хөлсөлж титэм далайн одыг устгуулдаг. Гэвч титэм далайн оддын тоо толгой маш олон, шумбагчид хүрэлцэхүйн дээр титэм далайн од онцгой тэсвэртэй амьтан гэнэ. Түүнийг дөрөв таван хэсэг тасдаад хаяхад тус бүрнээ амьдрах чадвартай төдийгүй өсөж үржиж дөрөв таван амьтан болдог гэхээр итгэмээргүй санагдана.    

                                                                                              Тэгвэл Австралийн эрдэмтэд далайн гүнд ажиллаж титэм далайн одыг устгах чадвартай робот зохион бүтээсэн нь илэрхий үр ашигтай ажиллаж байна. Энэ робот далайн экологийн орчинд бохирдол үүсгэхгүй, титэм далайн одыг маш сайн таньж тэдэн рүү хорт тариа харвадаг. Хордсон далайн од 24 цагийн дотор 100 хувийн найдвартай үхдэг байна. Энэ роботыг ашигласнаар далайчдын хүч хөдөлмөрийг маш ихээр хэмнэх болжээ.       

Күинсландын Их Сургуулийн профессор Мат Дун Бабил “Далайчдын хүн хүч хүрэлцэхгүй, ажлын чадварыг хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай учраас бид энэ роботыг бүтээсэн юм. Бидний зорилго бол титэм далайн оддын тоо толгойг цөөлж Их шүрэн далангийн үзэсгэлэнт сайхан дүр төрхийг сэргээх явдал юм. Бидний бүтээсэн робот бие даан ажиллах чадвартай. Далайн одыг өөрөө хайж олоод устгадаг. Бид роботоо алсаас удирддаггүй. Тэд шүрэн моддын дундуур чөлөөтэй эргүүл хийж харааны мэдрэмжээрээ далайн одыг илрүүлмэгц давс хүчил бүхий хорт тариагаар харваж устгадаг” хэмээн ярьж байлаа.

Далайчид энэхүү роботыг Их шүрэн далангийн титэм далайн од хамгийн ихээр үрждэг бүсэд байрлуулжээ. Робот хэд хоног ажилласны дараа далайчид тэнгисийн ёроол руу шумбаж үлдсэн далайн одыг устгаж цэвэрлэнэ. Энэ нь маш их үр дүнд хүрч байгаа гэнэ.
 
Их шүрэн даланд хэдэн зуун мянган фото зураг авч, бичлэг хийсний үр дүнд судалгааны багийнхан усны роботын харааны системийг улам сайжруулж, түүний бие даан ажиллах чадварыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Күинсландын Их Сургуулийн профессор Фрийс: “Энэ төрлийн робот титэм далайн одыг олж илрүүлэх чадвар 99 хувьтай. Роботын харааны систем аль нь титэм далайн од, аль нь өөр төрлийн далайн од, эсвэл өөр зүйлийн амьтан гэдгийг ялгах чадвартай” гэсэн юм.

Энэ төрлийн усны робот нэг удаад далайн гүнд 8 цаг хүртэл ажиллах хүчин чадалтай. Найман цагт дунджаар 200 титэм далайн одыг устгадаг. Эхний ээлжинд роботыг далайн эрэг булангийн харьцангүй тогтмол усанд туршжээ. Дараагийн удаад далайн бүр гүнд, эсвэл ширүүн урсгалт усанд ажиллах чадвартай болгоно гэнэ. Ирэх жилээс роботоо олон тоогоор үйлдвэрлэн ашиглалтад оруулж, шүрэн арлын хамгаалагч болгохыг зорьж байна.

До.Болдхуяг

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100