CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Өндөрлөгийн үзэсгэлэн Хөхнуур муж

12-21-2015 15:45

 

 

Хөхнуур муж баруун хойд Хятадын нутаг, Хөхнуур-Түвдийн өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршдог. Тус мужийг Хятадын хамгийн том шорвог нуурын нэрээр “Хөхнуур” хэмээн нэрлэжээ. Зүүн хойгуураа Ганьсү, зүүн талаараа Сычуань, баруун өмнүүрээ Түвд, баруун хойд талаараа Шинжаантай зах нийлнэ. Хөхнуур муж зүүнээс баруун тийш 1200 гаруй км, өмнөөс хойш 800 км, Хятадын нийт нутаг дэвсгэрийн 7.5 хувь буюу 696 мянга 700 ам дөрвөлжин км газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр Шинжаан, Түвд, Өвөр Монголын дараа дөрөвт ордог. 2012 оны байдлаар 5.7 сая хүн амтай байлаа. Хөхнуур мужид хятад, түвд, хотон, монгол, түжя, сала, хасаг зэрэг олон үндэстэн бий. Мужийн нийт хүн амын 43 хувь нь цөөн тоот үндэстэн. Хөхнуур бол нутаг дэвсгэр том, хүн ам сийрэг суурьшсан муж юм.
Мужийн баруун хэсэг өндөрлөг, зүүн тал харьцангуй нам тал хээр нутагтай. Газар нутгийн 85 хувь нь далайн төвшнөөс 3000 метрээс өндөр. Хамгийн өндөр цэг Хөхнуур, Шинжааны хилийн Күньлүнь уулын Богдван оргил далайн төвшнөөс 6860 метр өндөр, хамгийн нам газар далайн төвшнөөс дээш 1650 метр өндөр. Хөхнуур мужийн нутаг Тангуул, Аржин, Чилянь, Күньлүнь, Хөх шил, Баянхар, Анмачин уул зэрэг хэдэн том салбар уулсад хуваагддаг. Цайдмын хотгор, Гүнхэгийн хотгор, Хөх шилийн хотгор, Хар нуурын хотгор зэрэг үржил шимт уудам хөндий, нам дор газруудтай.

Мужийн өмнөд хэсгээс Хөх мөрөн, Хатан гол, Зүүн Өмнөд Азийн хамгийн том Меконг мөрөн зэрэг олон гол мөрөн эх авдаг болохоор “Мөрөн голын эх” хэмээнэ. Мөн Хуаншуй, Датун, Жачүй, Цайдам гэх мэт томоохон гол мөрөн бий. Хөхнуур, Хар нуур, Давст нуур, Жалин нуур, Элин нуур, Хөх шил нуур зэрэг томоохон нууртай. Үүнээс Хөх нуур Хятадын хамгийн том давст нуур юм. Тус мужид 276 гол мөрөн, 266 нуур байдгаас цэнгэг уст нуур 151, давст нуур 110 гаруй бий. Тэндхийн олон уул сарьдаг мөнх цастай, тэдгээр цаст уул олон гол мөрний эх ундарга юм. Хөх мөрөн хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог, Хятадын хамгийн том мөрөн юм. 6403 км урт Хөх мөрөн Тото, Дан чю, Цумар гол гэсэн гурван эх ундаргатай. Хөхнуур мужаас эх авдаг Хатан гол тус мужийн нутгаар 1964 км урсана.

Хөхнуур муж эх газрын, хуурай, эрс тэс уур амьсгалтай, салхи ихтэй. Жилийн дөрвөн улиралтай, өвөл хүйтэн, зун сэрүүн. Агаарын дундаж дулаан жилд +5+8 хэм, 1 дүгээр сард -1-7 хэм, 7 дугаар сард +15+20 хэм байдаг. Тус мужийн нутагт 100 гаруй ашигт малтмалын орд илэрснээс 40 шахам төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад эхний аравт ордог. Усны эрчим хүчний нөөц ихтэй. 20 гаруй усан цахилгаан станцаас Лунтаний усан цахилгаан станц хүчин чадлаараа хамгийн том нь юм. Салхины эрчим хүчийг ашиглах боломж их, одоогоор 100 гаруй салхин цахилгаан станц ажиллаж байна.

Хөхнуур муж ургамал амьтнаар баялаг, 186 мянга га ойн бүрхэвчтэй, модны нөөц 30 сая 600 мянган шоо метр. 500 гаруй зүйл эмийн ургамал, гишүүнэ, хорхой өвс, чихэр өвс, сүүн орхоодой, чонын хармаг, цасан лянхуа, хурц улаан цэцэг зэрэг үнэт, ховор ургамалтай. 200 гаруй төрлийн жигүүртэн шувуу, 50 гаруй төрлийн ан амьтантай. Буга, сарлаг, хулан, тэмээн гөрөөс, түвд бөхөн, аргаль угалз, цагаан ирвэс зэрэг Хятадын нэн ховор ан амьтан олон бий.

Аж ахуйн гол салбар нь мал аж ахуй бөгөөд газар тариалан, ойн аж ахуй, загасны аж ахуй зохих түвшинд хөгжсөн. 2013 оны тоо баримтаас үзвэл, Хөхнуур мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 210 тэрбум юаньд хүрч, 2012 оны мөн үеэс 10.8 хувиар өсжээ. Өсөлтийн хурдаараа бүх Хятадад эхний ест бичигдэж байна.  

Хөхнуур мужид дотоодын аялал жуулчлал харьцангуй сайн хөгжсөн юм. Үүний шалтгаан нь дэлхийн шарын шашны зургаан их хийдийн нэг, буддын шашны сүсэгтнүүдийн мөргөл тахилгын ариун дагшин орон Гүмбум хийд байдагтай холбоотой. Хөхнуур мужийн улс төр, эдийн засаг, соёл, зам харилцааны төв бол Шинин хот юм. Шинин хот хөнгөн нэхмэл, механикийн аж үйлдвэрээр гол болгосон шинэ хэлбэрийн аж үйлдвэрийн хот юм. Хөхнуур мужийн 2 дахь том хот Голмод бөгөөд Хайшигийн Монгол Түвдийн өөртөө засах тойргийн харьяа, Цайдамын хотгорын өмнө талын Голмод голын эрэгт байгуулсан шинэ хот юм.

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100