CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Цэвэр уст Гуандүн муж

12-18-2015 09:53

 

Гуандүн муж Хятадын эх газрын хамгийн өмнөд хэсэгт оршдог. Өмнө талдаа халуун бүсийн тэнгис далайтай, баруун өмнүүрээ Хайнань мужтай Чюнжөүгийн хоолойгоор зааглагдаж, зүүн талаараа Фүжянь муж, баруун талаараа Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах оронтой зах нийлнэ. 179.8 мянган ам дөрвөлжин км газар нутагтай, тэнгис эргийн урт 5000 гаруй км, Хятадын эх газрын хамгийн урт тэнгисийн эрэгтэй муж юм. Тэнгисийн эрэг дагуу олон боомттой. Гуандүн мужийн тэнгисийн эрэг дагуу Хайнань, Их Ваньшань, Дажөү зэрэг 800 гаруй арал бий.

Халуун, чийглэг уур амьсгалтай. Мужийн нутаг дэвсгэрийн 4.3 сая га газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар, 1.1 сая га газрыг ойн аж ахуйн зориулалтаар ашиглаж болно гэсэн тооцоо байдаг. 2010 оны байдлаар тус муж 104.3 сая хүн амтай байв. Хүн ам шигүү суурьшсан энэ мужид хятад үндэстнээс гадна жуан, яо, мяо, шэ, хотон, монгол, манж уйгур, и, солонгос зэрэг 40 гаруй үндэстэн аж төрдөг. Энэ мужийн хүн ам янз бүрийн шашин шүтдэгээрээ онцлогтой.

Гуандүн муж цэвэр усны нөөцөөрөө бүх Хятадад тэргүүлдэг. Байгалийн баялгийн хувьд төмөрлөгийн нөөц багатай боловч бусад 116 төрлийн ашигт малтмал илэрсний 88-ынх нь нөөцийг бүрэн тогтоосон байна. Гуандүн муж ургамал, ан амьтнаар баялаг. Төрийн хамгаалалтад авсан 24 төрөл зүйлийн ургамал ургадаг бөгөөд гадил, цагаан манжин, "луугийн нүд" хэмээн алдаршсан самрын эх орон гэгддэг. 22 төрөл зүйлийн дархан цаазтай ан амьтан бий.

 Гуандүн бол Хятадын хамгийн том, хамгийн хөгжингүй эдийн засагтай муж юм. Тус мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1989 оноос хойш өнөөг хүртэл Хятадад жил дараалан тэргүүлж байна. Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалт, оршин суугчдын мөнгөн хадгаламж, патентын эрх мэдүүлэлт, аялал жуулчлалын орлого, худалдааны эргэлт, татвар, гар утас болон интернет ашиглагчдын хувь хэмжээ, бараа тээвэрлэлтийн хэмжээ зэрэг эдийн засгийн олон үзүүлэлтээр Гуандүн муж улсдаа тэргүүлдэг. Учир нь Гуандүнд өөрчлөлт шинэчлэл, гадаадад нээлттэй бодлогыг хамгийн анх хэрэгжүүлсэн бөгөөд 1987 онд Гуандүний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бүх улсын нийт хэмжээний 79.6 хувийг дангаар эзэлж байсан юм.

Шэньжэнь, Жүхай, Шаньтөү зэрэг Хятадын хамгийн эртний эдийн засгийн дөрвөн онцгой бүсийн гурав нь Гуандүнд байдаг. Шэньжэнь бол хамгийн амжилттай үлгэр жишээ бүс юм. Өдгөө Гуандүн Хятадын эдийн засгийн хамгийн хөгжилтэй муж хэвээр байна.

Гуандүний агаар, ус экологийн хувьд харьцангуй цэвэр. Ундны усны чанар сайн. Гэвч хүчлийн бороо орох тохиолдол ихтэй тул энэ асуудал байгаль хамгаалах салбарт учирч буй хамгийн том бэрхшээл юм. Гуанжөү өдгөө хүчлийн бороо байнга ордог хотын эгнээнд оржээ.

Гуандүн муж 21 шууд харьяа хот, сяний хэмжээний 21 хот, хотын дүүрэг 59,  сянь 36, өөртөө засах 3 сянь, орон нутгийн зэрэглэлийн хотыг удирдах эрхтэй хамтын ажиллагааны нэг онцгой бүстэй. Мужийн төв Гуанжөү хот. Гуанжөү бол Хятадын хөнгөн аж үйлдвэр, түүх соёл, өмнөд нутгийн эдийн засгийн хамгийн том төв юм. Гуандүн мужид 5000 гаруй жилийн тэртээ хүн төрөлхтөн амьдарч байсан бөгөөд эртний юе үндэстний өлгий нутаг юм.
 
Гуанжөү хот хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээр хөгжиж байна. Гуанжөүгийн хоёр боомт дэлхийн 100 гаруй орны 500 гаруй боомттой тэнгисийн тээврээр холбогддог. Тус хот Хятадын гадаад худалдааны чухал бааз, аялал жуулчлал, гадаад харилцаа, шинжлэх ухаан соёлын солилцооны төв юм. Гуанжөү хотод Жүншань Их Сургууль, Хуананий Аж Үйлдвэрийн Дээд Сургууль, Хуананий Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Жинаний Их Сургууль, Жүншань Анагаах Ухааны Их Сургууль, Хуананий Багшийн Их Сургууль зэрэг сургууль, Хуананий ургамлын хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны 270 гаруй байгууллага бий. 

Шэньжэнь хот Хятадын хамгийн анхны эдийн засгийн онцгой бүс юм. 1979 оны 12-р сарын 26-нд Гуандүн муж Шэньжэнийг эдийн засгийн онцгой бүс болгохоор шийдвэрлэжээ. 1980 оны 8-р сард БХАТИХ-ын байнгын хороо "Гуандүн мужийн эдийн засгийн онцгой бүсийн дүрэм" баталж Шэньжэны эдийн засгийн онцгой бүсийг албан ёсоор байгуулжээ. Загасчны тосгон байсан Шэньжэнь түүнээс хойш түргэн хөгжиж, дэлхий нийтийн анхаарал татсан амжилтанд хүрчээ.

Шаньтөү хот Гуандүн мужийн 2 дахь том хот бөгөөд Гуандүн мужийн зүүн хэсгийн эдийн засгийн төв юм. 1979 онд энэ хотод эдийн засгийн онцгой бүс байгуулж, 1991 онд Шаньтөү хотыг эдийн засгийн онцгой бүс болгожээ. Гуандүн мужийн Жүхай хот мөн эдийн засгийн онцгой бүс юм. Эдийн засгийн онцгой бүс болсноос хойш маш түргэн хөгжиж цахим, барилгын материал, нэхмэл, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөн байна. Гуандүн мужийн Жүхай аялал жуулчлал хөгжиж буй томоохон хот юм.

                                                                                                           Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100