CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Үргэлж мөнхийн хавар цагаараа Гүйжөү муж

12-16-2015 18:05

 

 

Гүйжөү Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань-Гүйжөүгийн өндөрлөгт байдаг. Хойд талаараа Сычуань мужтай, өмнүүрээ Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах оронтой, зүүн талаараа Хүнань, баруун талаараа Юньнань мужтай зах нийлнэ. Баруун талаараа уулархаг, өндөрлөг, зүүн, өмнө хэсэгтээ нам дор газартай, далайн төвшнөөс дээш дунджаар 1000 гаруй метр. Үмэн, Далөү, Мяолин зэрэг томоохон уул нуруу, Үжян, Чишүй, Чиншүй, Мэнжян, Наньпань, Бэйпань зэрэг гол мөрөнтэй. Мужийн нутгийн гуравны хоёр нь Үжян мөрний сав газар юм. Нуур цөөрөм бага, дулаан, халуун бүсийн чийглэг зөөлөн уур амьсгалтай, зундаа нэлээд халдаг. Жилийн дундаж дулаан +10+20 хэм, 1 дүгээр сард +1+10 хэм, 7 дугаар сард +17+28 хэм болдог. Жилийн 200 гаруй хоног бүрхэг, бороотой, ихээхэн чийглэг байдаг.

Гүйжөү муж зүүнээс баруун тийш 570 км, өмнөөс хойш 510 км, 176 мянган ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр, 35 сая гаруй хүн амтай. Хятад үндэстнээс гадна мяо, бү-и, дүн, и, шүй, хотон, мөлао, жуан, яо, манж, бай, түжя зэрэг олон үндэстэнтэй. XX зууны 50-иад оноос хойш Гүйжөү мужийн цөөн тоот үндэстний хүн ам 2 дахин өсөж жилийн дундаж өсөлт 2.33 хувьд хүрсэн нь Хятадын хүн амын дундаж өсөлтөөс өндөр байна.

Байгалийн баялаг их, 60 гаруй төрлийн ашигт малтмалын ордтой. Үүнээс 16 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад эхний дөрөвт, мөнгөн ус, фосфорын нөөцөөр тэргүүлдэг. 2,2 сая га ой модтой, 3860 төрлийн өвс ургамал, 2600 гаруй эмийн ургамалтай. Хятадын эмийн ургамлын тал нь Гүйжөүд ургадаг. 1000 гаруй төрлийн ан амьтнаас алтан үст сармагчин, бич, бар, буга, тогоруу зэрэг 30 төрлийн нэн ховор араатан жигүүртэн бий.

Гүйжөүд жилд хоёр удаа ургац авдаг. Тутарга, эрдэнэ шиш, улаан буудай, төмс, тамхи, хөвөн, чихрийн нишингэ, чихрийн манжин, ялангуяа цайг ихээр тариална. Тус муж торгоны хүр хорхой үржүүлдэг Хятадын дөрвөн гол нутгийн нэг юм. Ой модны төрөл олон. Хятадын хуш модны гол нутаг. Жимс жимсгэнээс лийр, жүрж, алим, гадил, хан боргоцойг ихээр тарина. Өнгөрсөн зууны жараад оноос нүүрс, төмөрлөг, хими, машин механик, цахилгаан эрчим хүчний хүнд аж үйлдвэр хөгжсөн.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарт архи, тамхи, нэхмэл сүлжмэл, цаас, арьс шир, торгоны үйлдвэрлэл голлодог. Ялангуяа Маотай архи нь сайн чанар, өвөрмөц үнэр амтаараа эрт цагаас алдартай. 1915 онд болсон Панамын олон улсын яармагт алтан медаль авсан, Хятадын алдарт 8 архины дээд, Францын коньяк, Английн шотланд вискитэй адил дэлхийд алдартай архи юм. Гүйжөү нутгийн архи 2100 жилийн өмнөөс нэрд гарчээ. Маотай архийг уулын цэвэр булаг, сайн чанарын улаан буудайгаар нэрдэг, заавал 3 метрээс гүн зооринд хадгалдаг. Хятадад ирсэн хүн, нэн ялангуяа Гүйжөүд очсон хүн заавал Маотай архи уух ёстой гэлцдэг.

2013 оны статистикаас үзвэл, тус мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 800 тэрбум юань хүрч, 2012 оны мөн үеэс 12.5 хувиар өсжээ. Төмөр зам, усан зам, авто зам, агаарын замаас бүрдсэн зам харилцааны сүлжээтэй. 2013 онд 650 км хурдны автозам шинээр тавьснаар тус мужийн автозамын урт 3281 км болжээ. Төмөр замын нийт урт 2100 км. Үжян мөрөн, Чишуй гол дээгүүр дотооддоо усан замын тээвэр хийдэг. Жилд 16 сая тонн ачаа барааг усан замаар тээвэрлэнэ. Гадаад дотоодын арав шахам чиглэлд тогтмол нислэгтэй.

Гүйжөү мужийн төв Гүй-Янь эдийн засаг, соёл, зам харилцааны төв, аж үйлдвэрийн цогцолбор хот юм. Завсрын халуун бүсийн өндөрлөгийн уур амьсгалтай, өвөл зун гэж байдаггүй сайхан нутаг юм.

Гүй-Яний цаг агаар урин дулаан, уул ус нь үзэсгэлэнтэй учир “Хаврын хот” хэмээнэ. 1700 жилийн тэртээх Баруун Жинь улсын үед тэнд айл тосгон бий болж, НТ 621 он буюу Тан улсын үед хот суурин байгуулжээ. Гүй-Яньд 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаас хойш орчин үеийн үйлдвэр хөгжиж өдгөө баруун өмнөд нутгийн аж үйлдвэрийн нөлөө бүхий цогцолбор хот болжээ.

 

                                                                                            Гүнтөмөр 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100