CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Газрын хөрснөөс гэрийн тавилга ургуулж байна

12-16-2015 14:27

 

Английн Дерби муж дахь “Гэрийн тавилгын тариалангийн хүрээлэн”-д сандал, чийдэнгийн бүрхүүл зэрэг өвөрмөц хэлбэр дүрс бүхий тавилга ургаж байна. Энэхүү сонин, содон, өвөрмөц санааг Английн дизайнер Гевин Манро сэджээ. Тэрээр 10 жилийн турш гэрийн тавилга ургуулах туршилт хийсний үр дүнд зарим модонд нь сандал, чийдэнгийн бүрхүүл зэрэг өвөрмөц хэлбэр дүрс илэрсэн байна. Нэг га талбайтай “Гэрийн тавилгын тариалангийн хүрээлэн”-д уд, царс, цагаан билу зэрэг олон төрлийн мод тусгай зориулалтын хуванцар загварын дагуу ургаж байна. Түүний 150 орчим нь түшлэгтэй сандал, 100 орчим модонд чийдэнгийн бүрхүүл, жаазны хүрээ зэргийн эх загвар бүрэлдэж байна.
Байгалийн аргаар ургуулсан энэхүү гэрийн тавилга нь бат бөх бөгөөд өвөрмөц хийцтэй байх нь. Ургаа модыг огтолж гэрийн тавилга хийдэг уламжлалт арга барилтай харьцуулбал энэ нь байгаль орчинд илүү ээлтэй болохыг Манро олон жилийн судалгааны дүнгээрээ баталжээ. “Уламжлалт аргаар сандал хийхэд таагүй зүйл олон харагддаг. Тарьж ургуулсан модыг 60 жилийн дараа л ашиглаж болдог. Ер нь бол хөрөөдсөн модыг жижиглэн тайрч, зүсэж, цавуугаар нааж, хадаасаар хадаж тавилга хийдэг. Ингэж хийсэн гэрийн тавилга хэрэглээний явцад өнгө зүсээ алдан, элэгдэж муудан, эрэг боолт нь суларч, наалт нь салж ганхдаг. Тиймээс бид зүйж, наахгүйгээр ямар тавилга байна. Түүнийг бүхлээр нь ургуулж яагаад болохгүй гэж...” Манро ярьжээ.
Манро 40 настай. Тэрээр Английн Лийдсийн их сургуулийг гэрийн тавилга хэрэгслийн дизайнер мэргэжлээр төгссөн. Түүний ургуулсан эдгээр тавилга олон жилийнх нь нөр их хөдөлмөрийн үр шим гэдэг нь дамжиггүй. Дизайнер Манрогийн хийсэн туршилт эхэндээ амжилтад хүрээгүй ч тэрээр засаж янзлах, бордоо хийх, хорхойг нь устгах гээд олон түвэгтэй замыг туулсаны эцэст ийн эхний үр дүнгээ олж харсан байна.

“Мод ургах арван жил” гэж хүмүүс ярьдаг. Нэг тавилга дор хаяж найм, арван жил бололгүйгээр бүрэлдэнэ гэж байхгүй. Манрогийн хэлж байгаагаар уд модыг сандал болгон ургуулахад 4-5 жил, харин царсыг тавилга болгон ургуулахад дор хаяж 9 жилийн хугацаа шаардах гэнэ. Тэрээр өөрийн туршлагаа ингэж ярьж байна: “Модыг өөрийн санаснаар ургуулах гэж албадаж болохгүй гэдгийг би аль эрт мэдсэн. Модны мөчрийг жам ёсоор нь ургуулахгүй бол үхэх л болно. Тиймээс модтой маш зөөлөн аргаар, бүр эв найртай харьцах хэрэгтэй. Бидний хийж байгаа бүхэн өчүүхэн, зүгээр л нэг оролцоо төдий зүйл.” гэж хэллээ.
Манрогийн тарьсан анхны сандалууд ирэх оны сүүлчээр ургаж дуусна. Гэхдээ засаж, янзлах олон шат дамжлагын эцэст хэрэглэгчийн гар дээр 2017 онд очих төлөвтэй байна. Өнөөдөр түүний ургуулсан сандал хэдийнээ олны анхаарлыг татаж, Франц, Америк зэрэг орнуудаас эхний захиалгаа аваад байна. Одоогоор нэг сандал 4000 паунтын үнэтэй ч хүмүүсийн байгалиас ургасан тавилгыг хэрэглэх хүсэл сонирхол түүний өртөгт биш, харин тэрхүү урлагийн үнэ цэнэд оршиж байгаа юм байна.

 

                                                                                                                                      \Арлун\ 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100