CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

“Дэвжээ” тэмцээнээс хийсэн сурвалжлага

12-15-2015 19:37

 

   Нэгэн цагт Монгол улсын их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж, үндэсний хэмжээнийх болтлоо өргөжиж асан Дэвжээ тэмцээнийг Хятадад сурч буй Монгол оюутнууд уламжлан зохион байгуулсаар цөөнгүй жил болжээ.     
   Дуутай бүжигтэй, дурсамжтай бас оюутан насны гэгээн өдрүүдийн нэг нь яах аргагүй өнгөрсөн 12-р сарын 13-ны ням гариг байлаа. Энэ өдөр БНХАУ-д сурч буй оюутан залуусын “Дэвжээ” уралдаант цэнгээнт тэмцээн болсон юм.
   БНХАУ дахь Монгол оюутны холбоо, Монгол улсаас Хятад улсад суугаа элчин сайдын яам, консулын хэлтэс, ССТV -гийн Монгол сүлжээ тус наадмыг хамтран зохион байгуулсан. ССТV-гийн Монгол сүлжээний А. Урнаа даргатай хамт олон ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон тус наадамд Хятад Ардын их сургууль, Тяньжины хотын баг, Бээжингийн Багшийн их сургууль, Төвийн үндэстний их сургууль зэрэг 7 багийн 60 гаруй оюутнууд оролцсон юм.
   Аль ч нийгэм ямар ч улсын нүүр царай нь оюутнууд. Тэдний бодол сэтгэмж, тэмүүлэл мөрөөдөл, авьяас билэгээс яах аргагүй тухайн улсын ирээдүйн өнгө төрх тодордог. Энэ ч утгаараа тэмцээнд оролцсон оюутан залуучууд маань чамгүй бэлтгэсэн гэдэг нь эхний мөчөөс тодорхой харагдаж байсан.
   Тэртусмаа багуудын жүжигчилсэн тоглолт өнөөгийн Монголын нийгэм дэхь олон асуудлыг ил гаргаж ирсэн. Архидалт, ажилгүйдэл, авилгалд залуучууд үгүй гэж хэлж, эх нутаг, үндэсний урлагаа дээдэлж эх орныхоо  ирээдүйг гэрэлтэй тод өнгөөр харж байгаагаа жүжигчилсэн тоглолтоороо үзүүлж чадсан. Энэ удаагийн Бээжингийн “Дэвжээ”-нд Тяньжины оюутнууд хамгийн холоос зорин ирсэн бол хамгийн онцлог зочид нь Төвийн Үндэстний их сургуулийн оюутнууд байлаа.
   Үзэгч, дэмжигчдийг суудлаасаа өндөлзүүлж чадсан урлагийн олон тоглолт болсноос Олон улсын эдийн засаг, худалдааны их сургуулийн оюутан Н.Тамир болон Бээжингийн багшийн их сургуулийн оюутан Г. Наранцэцэгийн бүжгийн үзүүлбэрүүд тун онцлог байлаа. Ийм ч учраас тус тэмцээний шилдэг оролцогчийн шагналыг дээрх оюутнууд хүртсэн.
   Дэвжээ наадмыг зорин Тяньжин хотоос ирсэн оюутнууд үе болгон дээр өөрийн гэсэн онцлог тоглолтыг үзүүлж байсан ч шүүгчдээс бэлтгэсэн асуултанд хариулж чадсангүй. Энэ нь хойноос нь нэхэж явсан багуудад том боломж олгож, эцсийн дүн зарлахад Тяньжины оюутнууд тусгай байрын шагнал хүртсэн. Ирэх жил тэд шилдгийн шилдэг болоход олон хүн эргэлзэхээргүй сайхан тоглолт үзүүлж чадсан шүү. Тяньжинийнхан... Төвийн үндэсний их сургуулийн ганц залуутай охидууд эхний шатанд “Ээ дээ” гэхээр байсан ч яван чангарсаар шагналт гуравдугаар байрт орсон. Тэдний сүүлчийн шатанд үзүүлсэн бүжгийн үзүүлбэр оноогоо ахиулхад нь чамгүй нэмэр болох шиг болсон. Дэд байрт Э. Бүжин ахлагчтай Бээжингийн хэлний их сургууль шалгарсан бол дан охидоос бүрдсэн С. Хос- Уянга ахлагчтай Хятадын Ардын их сургуулийн баг тэргүүн байрт шалгарч цом, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон ССТV-гийн Монгол сүлжээний хамт олон эхний 4 байрыг шалгаруулаад зогссонгүй. Бүх оролцсон багуудад тодорхой хэмжээний урамшуулал олгох шийдвэрийг наамдмын үеэр гаргасан. Учир нь тэнд муу баг гэж байсангүй.
   Оюутнуудын санаачлага идэвхийг дэмжиж, тэдний зүгээс зохион байгуулж буй тэмцээнийг ивээн тэтсэн ССТV-гийн Монгол сүлжээний хамт олонд оюутнууд тун талархалтай хандаж байсан. Ийм ч учраас тэмцээний үеэр БНХАУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам болон тус улс дахь Монгол оюутны холбооноос наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан ССТV-гийн Монгол сүлжээний хамт олонд хүндэт өргөмжлөл гардуулсан. Тэмцээний шүүгчээр Монгол улсаас БНХАУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам, консулын хэлтсийн дэд консул Б. Мэндбаяр, Хятадын олон улсын радиогийн мэргэжилтэн, Болор цомын эзэн До. Болдхуяг, ССТV-гийн Монгол сүлжээний мэргэжилтэн Д. Чинзориг нар ажилласан. ССТV-гийн Монгол сүлжээний дарга А. Уранаа “ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн буцна” гэх шүлгийн мөрүүдээр энэхүү тэмцээнийг нээсэн бол дараа жил илүү өргөн дэлгэр сайхан ДЭВЖЭЭ тэмцээнийг тус сүлжээнээс ивээн тэтгэж, БНХАУ дахь Монгол оюутны холбоотой хамтран зохион байгуулах болно гэсэн урамтай сайхан үгээр энэ удаагийн Дэвжээ тэмцээнийг өндөрлүүллээ.

   Монгол улсаас БНХАУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам, консулын хэлтсийн дэд консул Б. Мэндбаяр “Дэвжээ” тэмцээнийг албан ёсоор нээлээ.

   ССТV-гийн Монгол сүлжээний дарга А. Уранаа Дэвжээ тэмцээнд оролцогчидод баяр хүргэлээ.


   Монгол улсаас БНХАУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам, консулын хэлтсийн дэд консул Б. Мэндбаяр, ССТV-гийн Монгол сүлжээний дарга А. Уранаад хүндэт өргөмжлөл гардуулав.

Дэвжээ тэмцээний торгон агшин

Шилдэгүүд тодров

 









 



Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100