CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Мянган бурхантаар овоглосон Ганьсү

12-15-2015 14:28

 

Ганьсү муж Хятадын баруун хойд нутаг, Хатан голын дээд урсгалд байдаг. Эртний Ганьжөү, Сүжөү хоёр хотын Гань, Сү хэмээх хоёр үгийг нийлүүлж Ганьсү хэмээн нэрийджээ. Тус муж өргөн уудам газар нутаг, өнө эртний түүх соёлтой. Зүүн талаараа Шаньши, баруун талаараа ШУӨЗО болон Хөхнуур муж, хойд талаараа Өвөр Монгол, Нинся, Монгол улстай хил залгана. Ганьсү муж 425 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Ланьжөү, Тяньшүй, Бай-Инь, Жиньчан, Жяй-Ю гуань зэрэг 12 хот, өөртөө засах 2 жөү, 17 дүүрэг, сяний хэмжээний 4 хот, 58 сянь, өөртөө засах 7 сяньтай.

Ганьсү эрт үеэс Хятад болон Төв Ази, баруун зүгийн орнуудын хоорондох Торгоны замын чухал боомт байсан бөгөөд өдгөө ч Европ Азийн эх газрыг холбосон төмөр замын зангилаа, Хятадын зүүн өмнөд тэнгисийн эргийн эдийн засаг хөгжсөн бүс болон баруун хойд нутгийн холбоос болдог. Ганьсү Хятадын баруун бүсийн нутгийг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Ганьсүд хятад, хотон, түвд, дүншян, ю-гү, бао-ань, монгол, казак, тү, сала зэрэг 16 үндэстэн аж төрдөг. Үндэстний цөөнхийн нийт хүн ам 2.1 сая, үүнээс 61 хувь нь хотон, 20 хувь нь түвд, үлдсэн нь бусад үндэстэн. Цөөн тоот үндэстнүүд мужийн нийт хүн амын 8.7 хувийг эзэлнэ. 2012 оны тоо бүртгэлд тэмдэглэснээр, Ганьсү мужийн хойд хэсгийн Сүбэйгийн Монгол үндэстний өөртөө засах сяньд 4500 орчим монгол хүн аж төрж байна. Сүбэйгийн монголчууд амьдрал, зан заншлын хувьд Хөхнуурын Дээд монголчуудтай төстэй. Тэд монголын уламжлалт ёс заншлаа өвлөснөөс гадна түвд ёс заншлаас их зүйл авсан байдаг.

Ганьсү нутаг эх газрын сэрүүн бүсийн эрс тэс, хуурай уур амьсгалтай, өвөл нь хахир хатуу бөгөөд урт удаан. Зун урин дулаан боловч хавар, намар богино, агаарын дулааны зөрүү их. Агаарын дундаж дулаан жилд +4+14 хэм, 1-р сард -13-14 хэм, 7-р сард +11+27 хэм байдаг. Нар гийгүүлэх хугацаа 2250 цаг. Жилд дунджаар 300-560 мм хур тунадас унана. 7-9 сар хур бороо ихтэй.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр гол болгож, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйг зэрэг хөгжүүлсэн. Буудай, эрдэнэ шиш, ноён шиш, нарим, хөвөн, тосны ургамал, чихрийн манжин, тамхи, олсны ургамал тариална. Сарлаг, үхэр, адуу, хонь, ямаа үржүүлж, мужийн өмнөд өндөрлөгт Хятад улсад нэртэй сайн үүлдрийн хэчү адуу, өла хонь өсгөдөг.
 
Мужийн эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд хурдтай өссөн. 2013 оны эцсээр, Ганьсүгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 626 тэрбум юань хүрч, 2012 оныхоос 10.8 хувь өссөн үзүүлэлттэй байв. Тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 640 тэрбум юань хүрч, 27.1 хувийн өсөлттэй байлаа. Хот суурины хүн амын дундаж орлого 19 мянган юань, хөдөөгийн хүн амын дундаж орлого 5093 юань байсан нь тус бүр арваас дээш хувиар өсжээ.

Ганьсүд эрчим хүч, өнгөт төмөрлөг, газрын тос, нүүрс, хими, цахилгаан эрчим хүч, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөн. Никель, хөнгөн цагааны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлж, УЦС-ын цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээгээрээ тавд ордог. Хуванцар эдлэл, ган ширэм, химийн гаралтай эмийн үйлдвэрлэлээр дээгүүр орно.
 
Төмөр зам, усан тээвэр, авто зам, агаарын зам хосолсон зам харилцааны сүлжээтэй. Ланьжөү - Лянюунган, Бугат - Ланьжөү, Ланьжөү - Шинин, Ланьжөү – Өрөмчийн төмөр зам тус мужаар дайран өнгөрнө. Ланьжөүгээр төв болгосон сянь, сяныг холбосон авто замын сүлжээтэй. Ланьжөүгээс Бээжин, Шанхай, Шинин, Өрөмч хот руу шууд нислэгтэй.

Ганьсү муж 20 их дээд сургууль, тусгай мэргэжлийн 178 дунд сургууль, ерөнхий боловсролын 1666 сургууль, сяниас дээш шатны судалгаа, эрдэм шинжилгээний 143 байгууллагатай. Байгалийн шинжлэх ухааны 126, нийгмийн шинжлэх ухааны 9, шинжлэх ухаан техникийн мэдээлэл, эрдэм шинжилгээний 8 байгууллага бий. Есөн мянга шахам эрүүл мэндийн байгууллага байдгаас эмнэлэг 1877 байна.

Ганьсү мужид Дүньхуан хотын Мянган бурхант Мөгаокү агуй, Пинлян хот орчмын Күндүн шань уул, Тяньшүй сяний Майжи шань уул, Жя-Юй гуань хотын орчим байдаг Их Цагаан хэрмийн баруун үзүүр, Шяхэ сяний Лавран хийд зэрэг аялал жуулчлал хөгжих ирээдүйтэй түүх соёл, байгалийн сонин сайхан газар цөөнгүй бий. III-IV зуунаас эхэлж, XIV-XV зуун хүртэл бурхны шашны томоохон төв болон хөгжсөн Дуньхуаны агуйн дурсгалт газар онц гайхамшигтай. Зөгийн үүр мэт байрласан мянга орчим агуйд буддын зан үйлийг тусгасан ханын зургууд, бурхны сийлбэр хөрөг дүр, сургаал судар, 2400 гаруй хөшөө сийлбэр буй нь сонирхолтой үзмэр төдийгүй шинжлэх ухаан, шашин судлал, түүх, соёлын судалгааны үнэт өв юм.

Ганьсү мужийн Шяхэ сяний нутагт байдаг Лавран хийд дэлхийн шарын шашны зургаан том төвийн нэг юм. Тус хийдийг Чин улсын Энх-Амгалан хааны үед 1709 онд байгуулжээ. Лавран хийд ная гаруй га талбайтай. Гэгээний арван найман орд, бурхны арван найман дуган, алтан суварга, ном хаялцах газар, ном судрын асар, судар хэвлэх хүрээлэн, маанийн өргөө зэрэг олон барилга бий. Лавран бол шашны төв төдийгүй шашны дээд сургууль, эртний ном судрын музей юм. Хийдэд жар гаруй мянган боть судар, далан мянга гаруй модон дээр сийлсэн ном хадгалагдаж байна. Лавранд хорин есөн мянган бурхан тахидаг. Насан хутгийн дуганд арван хоёр метр өндөр бурхан, Улаан ордонд алтаар шарсан хүрэл бурхан хоёр зуун жаран хоёр бий. Лавран хийд үй олон ханын зураг, танка, наамал бурхан, торгоор бүтээсэн бурхны зурагтай. Гүнтан хэмээх сүрлэг сайхан эрдэнийн суварга хийдийн өмнө талд бий.

Ганьсү мужид Жючуаны хиймэл дагуул хөөргөх төв бий. Тус төв Хятадын сансрын техникийн чухал бааз, Хятадын анхны хиймэл дагуул, сансрын нисгэгчтэй хөлөг зэрэг олон хиймэл дагуул, сансрын хөлөг хөөргөсөн газар юм. Иймээс Жючуаны хиймэл дагуул хөөргөх төвийг Хятадын сансрын хот хэмээн нэрлэдэг.

Ганьсү мужийн Ланьжөү хот тус мужийн улс төр, эдийн засаг, соёл, зам харилцааны төв, Ази Европын эх газрын төмөр замын шугамын чухал зангилаа, Хятадын баруун хойд нутгийн аж үйлдвэрийн хамгийн том бааз, Хятадын эртний түүхт хот юм. Эрт цагт торгоны замын Хатан голыг гатлах гарам, зам харилцааны зангилаа байжээ. Чин улсын Энх-Амгалангийн 5-р он буюу 1666 онд Ганьсү мужийг байгуулан Ланьжөүд түшмэл суулгажээ. Чин улсын үед мал аж ахуйн хөгжил, Хятадын ноос ноолуурын эрэлт хэрэгцээний дагуу Ланьжөү хот Хятадын ноосон нэхмэлийн төв, баруун хойд нутгийн худалдааны төв болжээ.

Ланьжөү хот өдгөө Хятадын аж үйлдвэрийн чухал хот болон хөгжиж байна. Нефть, хими, машин механик, өнгөт төмөрлөгөөр гол болгосон цахилгаан эрчим хүч, чулуун нүүрс, барилгын материал, хар төмөрлөгийн хүнд үйлдвэртэй. Хөвөн, ноосон нэхмэл, хүнсний үйлдвэрээр гол болгосон арьс шир, цаас, эм бэлдмэлийн хөнгөн үйлдвэртэй. Ланьжөү Хятадын баруун хойд нутгийн төмөр замын тээврийн гол зангилаа, шинжлэх ухаан соёлын төв юм. Тус хотод Хятадын ШУА-ийн цэвдэг, хөрс, элсэн цөл, геологи, өндөрлөгийн агаар мандлын физик, шинэ үеийн физик, хими зэрэг эрдэм шинжилгээний хүрээлэн, Ланьжөүгийн их сургууль, Баруун Хойдын Багшийн Их Сургууль зэрэг их дээд сургууль бий.

 

Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100