CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Цайны өлгий Аньхүй муж

12-10-2015 15:14

 

 

Аньхуй муж Хятадын зүүн өмнө бие, Хөх мөрний доод урсгалд байдаг. Зүүн талаараа Жянсү, Жэжян, урдуураа Жянши, баруун талаараа Хүбэй, Хэнань, хойгуураа Шаньдүн мужтай зах нийлнэ. 140 мянган ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр, 69.2 сая хүн амтай, хүн ам шигүү суурьшсан муж юм. Аньхүй мужид хятад, жуан, шэ, бү-и үндэстэн аж төрдөг. Мужийн төв Хэфэй хот. Хэфэй механик, цахим, хими, металлурги, нэхмэл, хүнс, навчин тамхины үйлдвэртэй, хөгжиж буй аж үйлдвэрийн хот юм. Аньхуйд Хэфэй хотоос гадна Үхү, Бэнбү, Хуаншань зэрэг түүхт хот бий.

Аньхүй мужийн хойд хэсэг тал газар, дунд хэсэг дов толгод, өмнөд хэсэг нь уулархаг бүс юм. Баруун өмнөө өндөрлөг, зүүн хойноо нам дор газартай. Хуаншань, Жихуашань зэрэг томоохон уулстай. Далайн төвшнөөс дээш 1873 метр өндөр Хуаншань уулын Лянхуа оргил тус мужийн хамгийн өндөр цэг юм. Мужийн газар нутгийн 30 хувь нь тал газар, дов толгод. Хөх мөрөн, Хуайхэ гол, Шинь-Ань мөрний усны гурван хагалбарт хуваагддаг. Цаохү, Дагунхү, Байхү зэрэг олон нуур цөөрөмтэй.

Анхуй нутаг дулаан бүсийн чийглэг, урин зөөлөн уур амьсгалтай. Агаарын дундаж жилд +14+17 хэм, 1 дүгээр сард +1+2 хэм, 7 дугаар сард +27+28 хэм, жилд дунджаар 770-1700 мм хур тунадас унана. 6, 7 дугаар сард хур борооны улиралтай. Цаохү нуурын 60-80 хэмийн халуун рашаан 50 гаруй төрлийн өвчин анагаадаг. Мөн Хуаншань уул халуун рашаантай.

Аньхүй ашигт малтмалаар баялаг, 90 гаруй төрлийн ашигт малтмалын орд илрүүлж, 50 гаруйнх нь нөөцийг тогтоосон. Үүнээс 20 гаруй төрөл нь чухал ач холбогдолтой. Нүүрсний нөөцөөр Хятадад зургаад, зэс, төмөр, мангани, титан, ванадийн нөөцөөр тавд ордог. Хүхэр, кали, цахиур, гантиг, боржин, каолин зэрэг металл бус ашигт малтмалтай. Амьтан, ургамлын төрөл зүйл олон, ой модны нөөц ихтэй. Ойн бүрхэвч 2.3 сая га. 2000 гаруй төрлийн өвс ургамлаас 36 төрөл нь эмийн ховор чухал ургамал юм. Аньхүй мужийн нуур цөөрөм, гол мөрөнд 120 гаруй төрлийн загас байдаг.

Аньхүй муж Хятадын хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн чухал бүс нутаг юм. Хоёр жилд гурав удаа ургац авдаг. Тутарга, улаан буудай, шилэмдэг, хөвөн, олс, тамхины ургамал, цахирмаа, удвал, цагаан цээнэ зэрэг эмийн ургамал тариална. Хятадын цайны тариалангийн гол нутаг. Хулс, нарс, царс, тосон цай, тослог уянгат мод ургана.

Аньхүй Хятадын нүүрс, зэс, төмрийн үйлдвэрлэл хөгжсөн гол мужуудын нэг. Нүүрс, цахилгаан эрчим хүч, төмөрлөг, барилгын материал, нэхмэл сүлжмэл зэрэг аж үйлдвэрийн салбартай. 2013 оны эцсээр Аньхүй мужийн  дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1.9 триллион юань хүрч, 2012 оны мөн үеэс 10.4 хувиар өссөн байна.

Төмөр зам, усан тээвэр, авто зам, агаарын зам хосолсон зам харилцааны сүлжээтэй. Хөх мөрөн, Хуайхэ голоор гол болгосон аяллын замтай. Хэфэй, Хуаншань, Фү-Ян, Аньчин зэрэг нисэх онгоцны дөрвөн буудалтай. Бээжин, Ши-Ань, Чэндү, Шанхай, Мүгдэн, Гуанжөү, Ланжөү зэрэг хот руу 20 гаруй шугамаар нислэг хийнэ.

Аньхүй мужийн 82 их дээд сургууль, дунд болон техник мэргэжлийн 510 сургуульд 1.5 сая оюутан сурагч суралцдаг. Тус мужийн хотын хүн амын жилийн дундаж орлого 25 мянган юань, хөдөөгийн тариачны жилийн дундаж орлого 10 мянган юань. Мужийн хэмжээгээр музей 42, соёлын төв 100, номын сан 85 бий.

Аньхуй муж үзэсгэлэнт сайхан уул устай. Хуаншань, Жихуашань уул бол Хятадад төдийгүй дэлхий дахинд алдартай хайрхан юм. Хуншань уулыг Мин улсын нэрт жуулчин Шюшякэ "Таван хайрхнаас буцаж ирвэл уулнууд уул биш шиг болж, Хуншань ууланд гарвал Таван хайрхан ч дов толгод болно" хэмээсэн юм. Хуншань уул эргэн тойрон 500 километр, нэрлэж болох 72 оргилтой, түүний 30 гаруй нь далайн төвшнөөс 1500 гаруй метр өндөр. Жихуашань бол бурхан шашны аялал жуулчлалаар нэрд гарсан уул юм.
                                                                                                                Д. Гүнтөмөр

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100