CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Намайг хүлээн дүнхийх нутгаа санасан нүүдлийн шувуу, би

12-05-2015 13:40

 

   Цагаан зээр, бүсгүй хүн хоёрыг нутаггүй гэлцдэг. Зүрхийг минь сийчих шиг болдог энэ үгэнд би дургүй. Бүүвэйн дуу аялах учиртай бүсгүй хүн болж төрсөн болохоороо биш, зүүдлээд сэрдэг, сэрээд уйлдаг нутагтай болохоороо тэр.
   Их хотоос ангид нэгэн ертөнц, тэртээ хол миний нутгийн уулс намайг хүлээн дүнхийж буй. Тэндээс л би намрын шаргал навч, цасан ширхэг, бороон дусал, дэлбээлж буй цэцэг, ер юм бүхнийг анх олж үзсэн, бас таньсан. Тэнд л зөвхөн минийх гэж өмчилж чадах юм бүхэн бий. Төрүүлж, өсгөсөн эцэг, эх, хөгшин ээж, хорвоо мөнх бус гэдгийг таниулсан хөгшин аавын минь шарил, анхны хайрын ариухан дурсамж, ахдаа шоглуулсан бяцхан охины нулимс, алдаа, оноо бүхэн төрж өссөн Ховд нутагт минь л байгаа. Өдийгөөс арав гаруй жилийн өмнө манайх нийслэлийг зорих их нүүдлийг даган Улаанбаатар шилжсэн. Ховдыгоо хорвоо ертөнцөөр төсөөлдөг байсан би хот гэхээр тэнгэрт байдаг юм шигээр бодож байж билээ. Хотод ирсэн эхний өдрүүд бодох санах зүйлгүй сайхан өнгөрсөн. Гэвч хоног хугацаа өнгөрөх бүр нутгаа санаж, “ХОА” гэсэн бичигтэй машин хараад “Ховд руу хэзээ явах бол... Таньдаг хүн байгаа болов уу” хэмээн нүднээ харагдахгүй болтол нь харуулдана.     Нутгаа санасан сэтгэлийг минь дэвтээдэг ганц улирал нь хавар. Хичээл амрахтай, үгүй юу ах, дүү, бид гурав аавынхаа “Фургон”-д суугаад Ховдыг зорьдогсон. Хот хооронд ойрмогхоноос л автобус зорчих болсноос биш, тэр үед “Фургон”-д хорин хэдүүлээ чихээд л явдаг байлаа. Эхэндээ хэл амаа ололцохгүй, чи цаашаа, би наашаа гээд л хэрэлдэнэ. Хагас өдөр яваад л аян замын дуу аялсан шигээ, арга эвээ олоод, тоглоом наадам хийн явна. Гурван сар гэдэг дэндүү богино хугацаа. Ах, дүү, бид гурав яг л нүүдлийн шувуу шиг хавар ирээд, намар буцдаг байв. Ховд, хот хоёрын хооронд явсныгаа тоолбол гар, хөлийн хуруунаас аль хэдийнэ хол давсан. Заримдаа хаврыг хүлээн тэсгэл алдахдаа өвлийн хүйтнээр улирлын амралт тааруулж явсан нь ч бий.

   Ховд гэдэг нь алтны авдар гэсэн утгатай үг юм гэнэ лээ. Газрын баялаг ихтэйгээс гадна эхийн бөөр шиг алаг ч ихрийн сэтгэлтэй олон ястан нэг дор аж төрдөг болохоор ингэж нэрлэсэн биз. Тунгалаг Буянт гол маань одоо ч дуу шигээ мяралзан байгаа. Манайх аймгийн төвөөс арван км хүрэхгүй, Буянт сумын нутаг Дөрвийн газарт ногоо тарьдаг, одоо ч тарьсаар буй. Нэгээс арав хүртэлх тоогоор нэршсэн газарт гагцхүү Гурвын газар л байдаггүй.
   Ховдод очиж үзсэн хүн бол андахгүй дээ, манай нутгийн шумуулыг. Өвс ногоо ихтэй жил бол машин явж байгаа мэт дүнгэнэнэ. Шумуул үдийн халуунаар өвсөнд сүүдэрлэн хоргоддог учир л арай гайгүй. Сэрүү унахтай зэрэгцэн барих нь уу гэлтэй болно. Гэвч ногоочид шумуулнаас айх нь үгүй, толгой түрийгүй битүүлээд л, мэдэхгүй хүнд бол дайнд мордох гэж байна уу гэлтэй хувцаслан, ногооныхоо ажилд гардаг. Шумууланд хазуулсаар бие маань дасал болсон уу, эсвэл биднийг таньдаг ч юмуу хэцүүдсэн нь үгүй. Харин тэд хааяа ирэх зочдыг андахгүй, булдруутай болтол нь тамгалаад буцаана.
   Манайх 1993 онд ахыг зургаатай, намайг гуравтай, дүүг дөнгөж ой гаруйтай байхад ногоо тарьж эхэлсэн гэдэг. Ээж маань хар үүрээр босоод л, ганцаараа ногоогоо арчилж байдагсан. Дүү бид хоёрт ногооны зэрлэг түүх ажил ногдоно. Бас ойролцоох айлын хүүхдүүдтэй жараахай барьж, шавраар бяслаг хийх ажилтай. Өнгөрсөн жил нутагтаа очиход тоглож өссөн найзууд маань хот хүрээ яваад сураггүй. Айлууд гэрээрээ буухаа больж, шавар байшин барин, хааяа нэг ногоон дээрээ ирээд явдаг, эзгүй оргисон нам гүм байдал Дөрвийн газарт ноёрхох болсон байна лээ. Ногоо гэсээр биегүй болсон ээжид туслах гэж дүү маань аймагтаа сурснаар ээж “тэтгэвэр”-тээ гарч, ногооны ажлыг дүү ганцаараа нугалах болсон юм. Дүү маань өөртөө “ерөнхий”, ойр зуурынх нь ажилд тусалдаг надад “туслах”, ээжид “зөвлөгч”, аавд “хянагч”, харин ногооны ажилд оролцохоо больсон ахад “ажиглагч” нэр зүүн, хөхрөлдөн суусан нь саяхан. Гэтэл одоо өрхийн тэргүүн, өөр шигээ хүүгийн аав болчихсон яваа.
   Дурсамж бүдгэрнэ үү гэхээс арилдаггүй. Хэдэн настай байснаа санадаггүй ч, мартдаггүй дурсамж надад олон бий. Хааяа зөвхөн дурсамж л хүнийг амьдруулдаг, мөнхрүүлдэг юм шиг санагддаг. Аав намайг манай ойролцоо ногоо тарьдаг айл руу захиас авчруулахаар явуулсан удаатай. “Намайг хэний хүүхэд вэ” гэхээр нь би юу гэж хэлэхээ мэддэггүй, Эрдэнэцогтын хүүхэд гэхээр аавыгаа нэрээр нь дуудах эвгүй санагдан, бодож бодож “Эрка ахын хүүхэд” гэчихэв. Тэгж хэлснээсээ болж хэсэгтээ л Эрка ахын хүүхэд нэртэй явсан юм даг. Бас Хөгшин аав маань “Хув чихтэй мал хөөрхөн байдаг. Харин хүн ямар байдаг юм бол доо. Алив, наад чихийг чинь жаахан татаад сунгаадахъя. Миний чихнээс аваад наа” гэдэг байв. Хожим л би чихийг маань авах санаагүйг ойлгосон. Саяхныг хүртэл хөгшин аав минь чих татан, “Томордоггүй юү” гээд инээд алдан, намайг өхөөрдөн суусансан. Харин одоо бурханд хэрэг болоод тэнгэрээс  биднийгээ хараад сууж байгаа.

   Би 2008 онд анх хилийн дээс алхаж, БНСУ-ыг зорьсон ч сар бололгүй эх орондоо ирсэн. Зай завсаргүй сүндэрлэх барилга, бүүдгэр тэнгэр надад цаанаа л нэг хөндий, хүйтэн, цэцэг ногоо, ширхэг чулуу нь хүртэл хуурамч санагдсан. Харин одоо би БНХАУ-д сурч байна.  Гэрээсээ гараад сум орж, сумаа санаад, сумаасаа аймаг ороод аймгаа санадаг шүлэг анх нэгдүгээр ангидаа цээжилж байлаа. Тухайн үедээ ямар сонин шүлэг вэ гэж боддог байв. Харин одоо энэ шүлэг миний амьдралыг товчхон өгүүлэх шиг санагддаг. Би эх орноо бүхлээр нь санаж байна. Миний нутгийн уулс ч намайг хүлээн дүнхийж буй.

 


                                                        Бээжингийн багшийн их сургуулийн оюутан Э.Эрдэнэцэцэг

 

 

 

 

 

 





Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100