CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Өлзийнарангийн өгсүүр зам

12-02-2015 16:53

 

   Тэр өөдөө л яваад байна. Тэнгэрлэг эр юм аа. Даши Намдаков нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан буриадын хөвүүний хөөмөл болон бусад уран бүтээлийн чансааг нь хөөж гүйцэх гэж зураач, барималчид уралдаж байгаа аж. Энэ уралдаан дэлхийн үзэгдэл болж байгааг олон хэвлэл онцолсон. Оросын зах нутаг дахь буриад зоны нэгэн өнөр бүлд мэндэлсэн түүний бүтэн нэрийг намтарт нь Дашинима гэсэн байна. Оросоор “Удачливое солнце” гэжээ. Угтаа биднийхээр Дашням аж. Өлзийнаран гэсэн нэр л дээ. Бага балчирт нь нэгэнтээ их өвчин ороожээ. Бээжингийн Олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа тэр тухайгаа ярьсан байдаг. Тухайлбал “Би хүүхэд байхдаа маш хүнд өвдсөн. Намайг бөө эмчилсэн. Надад нэг хүн хэлж байсан юм. Энэ бол чиний бүтээл биш гэж. Чи бол зүгээр дамжуулагч. Олон зуун жилийн турш өвөг дээдэс маань маш их мэдээлэл цуглуулсан. Тэр нь чамаар дамжиж илэрхийлэгдэж байгаа юм гэж. Энэ бол генетикийн мэдээлэл гэх юм уу даа. Би бол антен, мэдээлэл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг юм уу даа. Энэ бол үнэн хэрэг дээрээ өвөг дээдсээс минь уламжлагдсан маш эртний улбаа юм. Бид чинь зөвхөн өнөөдөр л бий болчихоогүй шүү дээ. Хүн ер нь гарал үүсэл, үндэснээсээ тасарч, салах ёсгүй. Түүгээрээ тэжээгдэж явдаг юм “ гэжээ. Бас ч гэж балчиртаа барцдаа хэлтэлсэн болоод тэр үү, онгод хийморь нь босоо явна гэхэд болно. Тиймдээ Бээжинд толилуулсан хоёр дахь үзэсгэлэнгээ “Буриадын онгод” гэж нэрлээ болов уу. Хятадын нийслэлд дэлгэсэн эхний үзэсгэлэн нь “Нүүдэлчин” нэртэй байжээ. Тэр өөрөө нүүдэлчний удамтан. С.Бодровын “Монгол” киноны зураачаар ажилласан гэдгээр нь манай уншигчид мэдэх болсон. Мөн Англид “Хайд” паркид нь 2012 оны хоёрдугаар сарын 14-нд Чингис хаан бүтээлээ тавьснаар дэлхийн анхаарлыг татсан. Морьтон Монгол бид түүнд нь ихэд талархан бахдаж байв. Одоо тэрбээр та бидэнд бүтээлээрээ бүр ойр болж байна. Учир нь удахгүй мөнөөх алдарт “ Чингис хаан” нь Монгол нутгийн их талын дайдад оригоороо заларна. Тэр зүгт хөврөх зочдын цуваа тасрахгүй цаг айсуй байна.

Өлзийнаран маань өргөн дэлхийд өнөр нөхөдтэй уран бүтээлч юм билээ. “Шүлгүүд” бүтээл нь В.В.Путинд буй. М.Ш.Шаймиев “Морьтон” бүтээлийг нь дээдлэн хадгалж харж, бусдад үзүүлэн гайхуулж яваа. Ю.М.Лужковт “Үдэш”,Р.А.Абрамовичид “ Эртний тулаан” хэмээх урлалууд нь байгаа. Түүнчлэн Шинэ Оросын элитүүдэд олон бүтээл нь байгаа. Зөвхөн Орост ч бус Герман,Франц,Бельги,Швейцарь,Финлянд, Япон, Тайван, Америкт түүний бүтээсэн олон туурвил бий. Бүгд л захиалга заллагаар бүтээсэн. Тухайн газар бүртээ өнгө нэмж , өнө эртний өндөр соёлын нууц улбааг илтгэнэ. Нууцлаг ертөнцийн төлөөлөл юм шиг санагдуулдаг түүний бүтээл бүрт Эсгий туургатны гүн ухаан бас нэвт шингэсэн байх нь элбэг. Бүтээлийг нь олон газраас үзэж болно.

Нью-Йоркид “Түвд хаус” нь алдартай. Хятадын Гуанжоу хотын урлагийн музейд хүртэл бүтээл нь буй. Энэ ч чанараараа дэлхийн баян уран бүтээлчдийн нэг. Бас их гар, нөлөө бүхий хүмүүстэй нөхөрлөнө. Сергей Шойгутай ойр гэдэг. Герхард Шредертэй дотно. Кантри хөгжмийн од Вилли Нельсон, жүжигчин Ума Турман нартай үй зайгүй гэх. Олон ургальч үзлийн эзэн гэмээр хандан янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй үг хэлээ ололцдог нь бас шаггүй дипломатч маягийн гэлтэй. Уран бүтээлээс нь олныг харж уншиж, тэр бүхэндээ автан яалтгүй шүтэн бишрэгч нь болчихдог гэж нэг биш хүн хэлжээ. 2011 онд "Бяцхан Будда" бүтээлээрээ Буриадын Төрийн шагнал хүртсэн байдаг. Арслангийн нуруун дээр амгалан хэвтээ хүү, өнхөрч унах гэсэн бөмбөрцгийг хөлөөрөө тогтоон буй арслан... ийм л төрх эхлээд харагдана. Арслан монголчуудын хувьд дөрвөн хүчтний тоонд ордог. Түүгээр энэ дэлхийг аюулаас аврагчийг төлөөлүүлжээ. Нуруун дээр тайван унтаа хүү бол ирээдүй юм. Ирээдүйдээ бид амар амгалан цэнхэр гаригаа өвлүүлэх ёстой. Энэ ухаан Дорноос түгэн Өрнийг гийгүүлэхийг “монгол хэлээрээ” өгүүлжээ гэмээрээ. Өлзийнарангийн маань өгүүлэмж ийм агуу ажгуу. Түүний энэ бүтээл нь Улаан-Үдэд "Хамбын хүрээ" хийдийн өмнө байрладаг. Чита мужийн Укурик тосгонд төрсөн тэрбээр 2004 оноос Москвад аж төрж байв. 2014 он гэхэд Лондонд ажиллаж амьдарсан байна. Италид оршин суусан. Ер нь дэлхий түүний орон гэр гэхэд болно. Дэлхийтэй хамт дэгжиж, хөгжиж, хөлжиж яваа ийм хүнээр та бид бахархахгүй яах билээ.

 


                                                                                                                               Б.Цогзаяабаатар

 

 

 

 

 

 



Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100