CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Эртний “Торгоны зам” дагуух Дүньхуан хотыг зорих гадаад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж байна

11-26-2015 18:01

 

   “Торгоны зам” Хятад улс даяар яригдах “халуухан” сэдвийн нэг болоод байна. “Торгоны зам” нь эртний Хятад улсыг барууны орнуудтай холбосон торгон холбоос нь байсан. 2013 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Төв Азид айлчлах үеэрээ “Нэг бүс нэг зам” буюу тэнгисийн болон эх газрын “Торгоны зам”-ын санаачилгыг гаргасан. Өдгөө энэ  замаар Хятад улс барууны орнууд гэлтгүй дэлхийн бусад улс орон, бүс нутагтай хуурай болон тэнгисийн замаар холбогдож байна.
   Торгоны замын нийт урт 7000 гаруй км. Түүний 4000 гаруй нь Хятадын нутгаар дамждаг. Хятадын төв хэсгийн Ши Ань хотоос гараагаа авсан энэ зам 20 гаруй хотыг дамжин өнгөрч өрнийн Итали улсад хүрдэг байна.
   2000 гаруй жилийн тэртээ дорнын торго дурдан, хаш, шаазан эдлэл тэмээн жингээр энэ замыг дагаж барууны орнуудад хүрдэг байсан. Тэгвэл өнөөдөр жуулчдын тусгай галт тэрэг “Торгоны зам” дагуу аялж, гадаад дотоодын жуулчдын сэтгэлийг соронз мэт татах болсон юм. Ингээд эртний “Торгоны зам”-ын нэгэн чухал суурин, Хятадын баруун хойд нутгийн Гансу мужийн Дүньхуан хоттой та бүхнийг товч танилцуулья.
   “Мянган бурхант чулуун агуй” буюу “Мө гао” агуйгаар нь монголчууд  Дүньхуан хотыг сайн мэдэх биз ээ. “Мө гао” агуйг  “Ханан дээрх номын сан”, мөн “Уран баримлын чуулбар” ч гэж нэрлэдэг.  Чин гүрний үед буюу манай тооллын 366 онд одоогийн Дүньхуань хотын зүүн өмнө байрлах Мин Ша уулын цавчим хадан дээр “Мө гао” агуйг нүхэлэн бүтээжээ. Эртний гурван төрийн уран сийлбэрчдийн гарын урыг шингээсэн энэхүү ариун дагшин газарт 492 агуй байдаг. Агуй дотор 45000 ам метр ханын зураг, 2400 гаруй бурхны өнгөт сийлбэр хөрөг бий.

   “Мө Гао” агуйн хамгийн том чулуун агуй 268 ам метр  талбайтай. Хамгийн өндөр агуй нь 40 метр. Харин хамгийн жижиг нь нэг метр ч хүрэхгүй өндөртэй. Тан болон Сүн гүрний үед байгуулсан саравчит таван агуй уран нарийн хийцээ өнөөг хүртэл хадгалж иржээ. Энэ бүхэн Хятадын маш ховор нандин, эртний үнэт барилгад тооцогддог байна.
   Дүньхуанд “Мянган бурхант чулуун агуй”-г сонирхохоос гадна Хятадын баруун хязгаарын элсэн цөлийн байгалийн өвөрмөц тогтоцыг ч харж болох юм. “Торгоны зам”-ын чухал өртөө болох Дүньхуан хотоор аялах жуулчдын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж, энэ оны эхний 7 сард давхардсан тоогоор 3.5 саяд хүрсэн байна. 

   “Мө Гао” агуйн жуулчлалын газрын хөтөч хатагтай Дүн И ярихдаа: “Би энд 6 дахь жилээ ажиллаж байна. Гэхдээ энэ жил шиг ийм завгүй байсангүй. Жуулчид бөөн бөөнөөрөө ирж байна. Урьд нь бас ч гэж  амсхийх чөлөөтэй байсан. Харин энэ жил ёстой “хөл газар хүрэхгүй яарна” гээч л болж байна.” гэлээ
   “Мянган бурхант чулуун агуй”-г сонирхох жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр давтагдашгүй ховор нандин түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах ажил ч тууштай хийгдэж байна. Судлаачдын хэлж байгаагаар, хүний амьсгалаар ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл элсэн ханан дээр сийлсэн зурагт эвдрэл, гэмтэл учруулдаг гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Дүньхуаний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 4 жил гаруйн хугацаанд 300 сая юань зарцуулж “Дижитал Дүньхуан” хэмээх үзэсгэлэн байгуулжээ. Энэ үзэсгэлэнд жуулчид 3D технологиор “Мө Гао” чулуун агуйн түүх болон одоогийн байдалтай бодитоор танилцаж болох нь. 

   “ Дижитал Дүньхуанг бид шинэ технологи ашиглан бүтээсэн. Жуулчид дэлгэцээс “Мө Гао” агуйн түүх соёлтой танилцахын зэрэгцээ 3D  кино үзэж байгаа мэт харааны маш гайхалтай агшинг мэдрэх болно. Дижитал хувилбартай танилцсаны дараа агуйг бодитоор үзэж сонирхох нь цаг хугацаа, орон зайг нүд ирмэх зуур давж өнгөрүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ” гэж Дүньхуаний судалгааны хүрээлэнгийн дарга ноён Ван Шюдүн ярилаа.

   Түүхийн гайхамшгийг өвлөн хадгалж байгаа эртний “Торгоны зам”-ын нэгэн чухал суурин болсны хувьд Дүньхуан хот гадаад дотоодын эрдэмтдийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг. Хэдэн арван жилийн турш эрдэмтэн судлаачид бурхны чулуун агуй дахь хуучин судар ном, албан бичиг, торгон цэцэг, шашны эд хэрэгсэл, тэрчлэн бусад ховор нандин дурсгалын зүйлд судалгаа шинжилгээ хийсний дүнд “Дүньхуан судлал”-ыг үүсгэн байгуулжээ. Тиймээс Дүньхуан зөвхөн Хятад орны бус харин дэлхийн ховор нандин соёлын өв болох нь дамжиггүй юм.

 


                                                                                                                                  \Арлун\

 

 

 

 

 

 

 



Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100