CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хорин жилийн хойно...

11-23-2015 18:04

 

   Хорин жил гэдэг чамгүй хугацаа. Өдөр хоног өтөл насанд урсгал ус мэт өнгөрч, өсөх насанд хавар үдийн наран мэт уяатай байдаг гэдэг. Харин улс орны хувьд ямар байдаг бол.. Тэгвэл энэ асуултанд хариулт өгч мэдэх одоогоос хорин жилийн өмнө бичсэн нэгэн сэтгүүлчийн аян замын тэмдэглэлийг хүргэж байна. Хоёр арваны хугацаанд бид юу олов. Нүүдэл холын замд юу гээв гэдгийг эрхэм уншигч та тус нийтлэлээс ойлгоно гэдэгт лавтай итгэнэ.

 Энэрэл хайр ивлэсэн элэг бүтэн ертөнц
( Монгол улсад аялсан тэмдэглэл )


                                                                                                                                  Д. Норов

   Одон нэгтэй Монгол улсад очьё гээд удлаа. Санаж байвал бүтэж, сажилж явбал хүрнэ гэгч үнэн аж. Энэ оны өгөөмөр зун очиж тойрох тохиолыг өлзий бэлэгтэй дөрөөллөө.
   Тэнд хэдийгээр тавхан хоног болсон боловч эрхэм улсын тухай элэг зүрхэнд суусан сэтгэгдэл өндөр, төрсөн төрөгдөл ихээ.

                                                      Уянгын сайхан уран зураг

   Миний суусан онгоц Улаанбаатарын ойр хавийн огторгуйд халин ороход, галав дэлхий ногоорч, гал шиг бүгчим халуун уур амьсгал эгшин зуур арилж, чийгийн үнэр анхилсан цэвэр салхи сэнгэнэж, хэнхдэг цээжийг онгойлгов .
   Миний буусан онгоцны буудал нээрээ өвөрмөц юм. Тив дэлхийд тэр Буянт Ухаа гэсэн нэртэй. Дөрвөн талаар нь номин цэнхэр уул хайрхан сүндэрлэж, дээгүүр нь огт манан үгүй, өнгө цэвэр үүл униар хөвөлзөнө.
   Нисэж буух зурвасын зүүн талаар эгнүүлэн жагсаасан зуу гаруй жижиг онгоц яг л номин ногоон далайгаас нисэх гэж жигүүрээ дэлгэсэн хун шиг харагдана. Түүний дундуур хонь, үхэр тав гурваараа бэлчээрлэж, нислэгийн талбайн ногоог хазлах бөгөөд зарим нь онгоцны дугуйг шөргөөж, эврээ билүүднэ. Энэ зуур онгоцнууд номин цэнхэр агаараас нумлан буух буюу газраас халин дэвээд одно. Гэвч эдгээр хонь, үхэр  онгоцны чих дүлийрүүлэм нүсэр дуунаас үргэж цочино гэж үгүй, хоёр чихээ бага зэрэг хөдөлгөж, ижлийнхээ мөөрч майлах дууг сонссон шиг ажиг үгүйхэн өвсний сорыг чимхлэн байлаа .
   Нисэх буудлын талбайг сахиж хамгаалсан харуул манаа гэж байхгүй. Харин өргөстэй төмөр утсыг өргөөд зогссон цементэн баганууд өнгийн цэцэг солонгорч, өвс ногоо цэлгэрсэн талын дунд нэг нэгээсээ хэмжээ зай авч мөрлөн зогсох нь сонихон.
   Өөр өөрийнхөө дур сонирхлоор чөлөөтэй хувцаслаж биеэ зассан зорчигчид онгоцноос яаралгүйхэн бууна. Үүргээ үүрээд үүдээр гарахдаа ч тэр, үрээ тэврээд орохдоо ч тэр, чихэлдэж шахалдах хүн үгүй, ах дүү ёсоор нэг нэгэндээ зам тавиад цувна. Хүн олон байсан ч бархирч хашгиралдах дуун гарахгүй. Урьд ирсэн нь түрүүлж явна. Сүүлээр ирсэн нь араас нь дагана. Түрүүлж гарья гээд чихэлдэх хүнгүй. Үүрэг ихтэй өвгөн буурал настан цөмцгөнөөд замын бөглөөс болоход, улаа бутарч, булчин зангирсан залуучууд хойноос нь чихэж, ширүүн харцаар шөвөгдөх биш харин :
   -Би хамжилцах уу  гэж энэ тайван сайхан ертөнцийг цочоохоос айсан мэт нам дуугаар асууна …
   Энэ бүхэнд би сэтгэл татагдаж багийн нөхдөөсөө хоцров. Биднийг хүлээн авсан Ардын эрх сонины Ням гуай миний ханцуйнаас татаж :
   -Бүгд тэргэнд суугаад байна гэлээ .
   Уянгын сэтгэл гэж утга төгөлдөр амьдралаас эхтэй. Баянт ухаа нисэх буудлын байгаль дэлхий, үзэгдэж сонстсон тэр бүхэн … хөрш зэргэлдээ Монгол улсын тухай ойлголт хоосон байсан тархинд минь уянгын сайхан уран зургийн хувиар, ухааны төрөгдөл болж мяралзлаа.

 

                                           Онгон байгальд “унтаж хоносон” нь

   Угтан авсан хүн маань биднийг хүндэлж төрийн зочдын буудал Их Тэнгэрийн буудалд байрлууллаа.
   Өвгөн буурал сарьдаг нь охин тэнгэрийн үүл мананд шургасан, өвчүү цээжээрээ нийлмээр тийм ойрхон, гурван өндөр уулын хэвлийд цогцлогдсон энэ буудал өндөр ч биш намхан, богино ч биш цомхон , өнгө нь улаан ч биш хөх ч биш, өндгөн цагаан .
   Авсаархан энэ буудлын ар өврөөр нь номин цэлгэр буянт сайхан Богд уул сүндэрлэж өмнө хөлөөр нь туул голын тунгалаг урсгал туналзаж, энгэр зоогоор нь араатан гөрөөс сүлжилдээд л... Ер нь үлгэрт домогт гардаг урт ханцуй намируулан уран бүжиг нахилзуулдаг саран дагинын амьдардаг оронд л ирсэн юм шиг этгээд сайхан санагдуулна .
   Энэ буудлын энгэрээр ийш тийш хувааж талласан хашаа хороогүй тэнүүн байгаль. Эргэн тойрноор нь давхиж гүйлдэх тэрэг унаа гэхгүй сэлүүн ертөнц . Ирэх явах хүмүүн хэр цөөн намжуун орон байлаа.
   Биднийг гуравдугаар давхарт суулгав. Өрөөний цонхыг нээсэнд ой модоор өвч хуягласан уул нурууд л ногоорно. Хүүхэн харааныхаа сойсон жолоог татаж, асарын доорхийг харвал, уулын оройгоос мэлмэлзэн гарч ирсэн нарийхан горхи яг сайхан буудлын цонхон доогуур байгалийн баян эгшиг түгээн хоржигнон урсаж байна. Ингэтэл бас шувуудын гангар гунгар гэх уянгат донгодоо, яруу цээлхэн хөгжим болж нисэн ирээд сэтгэл зүрхний хүсэл баярын ёнгорыг хэцүүхэн дэлсэнэ .
   Алтан дэлхийн хөрсөн дээр алхсан тэр цагаас өнөө болтол, ийм орчин ахуйд анх орсондоо ухаангүй баярлалаа. Үдшийн хөшиг аль эрт татаж, унтах цаг хэдийн болсон ч нойр эс хүрэн, орондоо хөрвөв .
   Хүн ер нь баярлавал нэг нойр алдаж, зовбол бас нэг нойр хулждаг юм байна. Онгон байгалийн үзэсгэлэнт үзэмжид өрц зүрх минь ухаангүй баясан унаж, унтах нойр минь ороо морь шиг ой руу давхиад эртхэн гэгч орооч, энэхүү ганган байгалиар тойрьё гэж хүсэн хөрвөсөөр байгаад жаахан дугхийгаад авсан чинь өглөөний туяа цонхоор гийж, уран болжмор жирхийн донгодчихсон байлаа .
   Цонхоо нээсэнд болжморын жиргээ, горхины шуугиан, гургалдайн донгодоо … байгалийн найрал хөгжим сэтгэлийг баясгаж байв.
   Хөнжил дэвсгэрээ сэнд мэнд хурааж, нүүр гараа угаах төдий болчихоод амраг хонгортойгоо золгохоор яаран тэмүүлэх адуучин залуу шиг шатаар доош гүйв .
   Гэтэл хамт ирсэн хэд маань надаас эртлэн босоод гадна зогсож, Их Тэнгэрийн буудлын байгалийн баян үзэмжийг бахархан сонирхож байв .
   Бурхан тэнгэрээс энэ дэлхийг бүтээж торниулсан тэр цагаас хүн гэдэг ханашгүй сэтгэлтэй амьтны сүйтгэлд учраагүй, элэг бүтэн энэ уулын онгон байгальд бидний сэтгэл бүр булаагдаж, ой мод, өвс ургамал, өнөр цэцгийн дундуур зай авч, уулын гүн тийш шургасан зөрөг замаар хэн нь ч явцгаая гэж хэлсэнгүй атал, хэдүүлээ бүр мөрлөн жагсаад явсан байлаа.
   Өндөр модны намаанд, өвс хулсны навчинд өлгөгдсөн болор сувдын хэлхээ шиг гялтганах шүүдрийн ус, сэтгэлийг минь татаж төрсөн нутгийн минь түүхэнд л байдаг энэ усан мөхлөгийг би хатсан шир шиг уруулаараа гайгүй шуналтай гэгч долоож соров.
   Таван цул сэнгэнэж, түрүү хэдэн өдрийн амьсгал давхцан, цээж битүүрэх үзэгдэл, нумноос салсан сум шиг тэрхэн зуур ор мөргүй арилав .
   Орчин тойрны үзэмжээс аваад ойн байдал төлөв нээрэн гоёхон. Онгон ойн гүн хөвчөөс олон жигүүртний уран донгодоо тасралтгүй дуулдаж бие сэтгэлийг баясган цэнгүүлэхийг өгүүлэхийн газар нэн цоо алга.Үг хэлбэл чихний хэнгэрэг цоолом өндөр дуугаар орилдог цуг яваа залуу ч яасныг бүү мэд унтаж байгаа өвөгөө сэрээчихгүй гэж хичээх шиг доор дуугаар үг хэлэх боллоо …
   - Сайн байна уу. Тэнгэр буудлын зочид уу гэж гүн ойгоос гарч ирсэн хоёр цэрэг залуу бидэнтэй мэндэллээ.
   - Тийм ээ. гэж би толгой дохилоо .
   - Дотогшоо одоо битгий яв ! Үүгээр үргэлж баавгай, бодон гахай зэрэг араатан амьтан ирдэг. Хичээгээрэй. Баяртай гэж ёслоод тэд зорьсон замаараа явав .
   Бид энэ үед Богд уулын буга согоо явдаг бөглүү ойд орсон хийгээд өмдний шуумаг, гутал оймсоо чийгийн усанд шал норсныг мэдлээ.
   Хэдүүлээ нэг нэгнээ хараад сэмээрхэн инээснээ, ирсэн мөрөөрөө буцав .
   - Энэ газрыг зочдын буудал гэхгүй, онгон байгалийн үзэмжийн орон гэж болно хэмээн манай багийн дарга над уруу харлаа.
   - Уухай, өчигдөр шөнө бид онгон байгальд хонолоо шүү дээ гээд байнга л хөөр хөгжөөнтэй явдаг бичээч залуу маань инээв.

Увидас шингэсэн уран гар


   Аливаа зүйлийг өнгөн байдлаар нь сайн муу гэж үнэлэх нь дэмий юм байна. Би ийм алдаа гаргах шахаж .
   Учир ийм байлаа. Тэр үдийн хойно бид, Монгол улсын байгалийн музейг үзэхээр явлаа. Хүрээд очтол улаан тоосгоор зэрэглэж барьсан хоёр давхар байшин. Байгалийн нар салхинд хуучирч гоё сайхан өнгө байдлаа алдсан байв. Энэ дотор ороод юу л олж үзэв дээ гэж бассан сэтгэлээр босго даван ортол сонин гайхамшиг нүд бүлтийлгэлээ.
   Нэгдүгээр давхарын хойт жигүүрийн тасалгаанд, анир чимээнд сонор соргог буга согоо, ааш зан нь догшин, хэдэр бар ирвэс, араас мярааж гэтдэг үнэг чоно, алд алдаар дагшиж давхидаг аргаль зээрээс аваад ан гөрөөсөнд сайн тас бүргэд, хар шувуу, хүн анхаардаггүй гүрвүүл бялзуухай гэхчлэн тоо томшгүй ан амьтан яг л тэр биеэрээ байж, нисдэг нь ниссэн байдлаараа, хальдаг нь хальсан хэвээрээ, дагшдаг нь дагшсан чигээрээ байлаа. Түүнийг хэн ч үлгэр гэхгүй, үнэн биеэрээ байна гэж хэлэхээр юм .
   Асарын шатаар хоёр давхарт гарч, үндэстний амьдрал ахуйн багаж хэрэгслийн зүйл сонирхсоны дараа, тайлбарлагчийг дагаж зүүн талын өрөөнд ороход, сэхийлгэн зогсоосон аварга гүрвүүл /динозовар/ анхаарлыг минь татлаа. Энэ бол дэлхийн бүх улсын байгалийн музейд  байгаа аварга гүрвүүлийн хамгийн том нь гэж тайлбарлагч танилцуулав.
   Энэ аварга гүрвүүлийн бие нь өндөр бүдүүн бөгөөд урт байлаа. Хурааж дэлгээд он жил удсан боловч үе мөчөөс нь гээж орхигдуулсан юмгүй, бүтэн сайхнаараа байв.
   Ургамал бодис, үр тарианы үзүүлэн ч уул, ус, уурхай баялагын үзмэр ч гэсэн тэр… Бүгдийг нь тийм сайхан хадгалжээ. Тайлбарлагч загвар хэвүүд гэж хэлэхгүй л бол тухайн амьтантай таарч байна л гэж андуурахаар байлаа.
   - Эдгээр зүйлийг та нар ямар сайхан загварлаж, ингэж сайн хадгалж чадсан билээ” гэж би тайлбарлагчаас асуув .
   - Өө, манай энд хэсэг уран гартай урчууд байдаг. Тэдний сайхан хийсэн юмыг бид нүднийхээ цөцгий шиг хайрлаж хамгаалаад ийм янзаар байлгаж байна гэж хэлнэ дээ гээд инээв .
   Свизерлантад арав гаруй жил ажиллахдаа европийн улс орнуудыг бүгдийн тойрч, ихийг үзэж, олныг мэдсэн цуг яваа залуу ч:-Би бараг дэлхийг тойрсон. Гэвч ийм амьд дүрслэг байгалын музей анх удаа үзэж байна ” гээд толгой дохив .
   Монгол хүнийг гартаа нүдтэй гэдэг. Энэ нь үнэн худал эсэхийн талаар бид энд маргахгүй. Ямартаа ч энэ музейг үзсэн бүхэн гайхан шагширч, Монгол улсын урчуудыг увидас шингэсэн уран гартай гэж магтаж байлаа .

Ажилч айл авдар дүүрэн

   Би бол улаан нялх насаа үржилт малын дуунаар бүүвэйлүүлж, өсөх эрийн гал үеэ уургатай ханилуулж ирсэн хөдөөний хар хүү билээ. Мал маллах амьдралд, хүнд багшилж чадахгүй боловч хүнээр заалгахааргүй юм. Гэвч айл айлын заншил адилгүй, гүзээ гүзээний хужирхай ондоо гэдэгчилэн хоёр гүрэн төрийн харьяанд амьдарч байгаа малчдын ажил амьдрал өөр байх нь яриангүй хэрэг. Монголд очсон энэ сайхан тохиолоор эндхийн малчдын аж амьдралтай танилцвал бас болмоор санагдав. Ардын эрх сонины найзын олон жилийн сурвалжилга хийсэн гярхай нүд, хэцүү ухаан бидний санаа бодлыг олж мэдсэн бололтой. Өнөөдөр малчдын амьдралтай танилцуулах шинэ хөтөлбөр нэмэв. Бид тэнгэрийн хаяа дэрлэсэн тэнэгэр уудам нутгийн, тэрэг унаа цөөн тэртээх замаар давхилаа.
   Зам цагаан учир зуун тавь гаруй км замыг тэрхэн зуур товчлоод, Төв аймгийн Баянцогт сумны Мэндсүрэн хэмээх айлд хүрчихэв.
   Тэгш сайхан шил дээр арван ханатай том монгол гэрийнхээ хоёр талаар авсаархан хоёр бага гэрийг зэрэгцүүлж гал голомтоо бадраасан айл байлаа. Өөхөн цагаан монгол гэрийн ард хоёр мухлаг тэрэг зогсоож, шалангийн хоёр модон дээр нэг нэг мөнгөн эмээл хазаар тохсон харагдана. Тэнэгэр уудам бэлчээрээр адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ бэлчинэ.
   - Энэ таван хошуу мал бүгд Мэндсүрэн гуайнх уу ” гэж гэрт орох зуур Ардын эрх сонины ерөнхий найруулагч Лигдэнгээс асуув.
   - Тиймээ, тийм гэж тэр толгой дохив .
   Гэрийн эдлэл таваар нь одоо үеийн юмнаас бүрдсэн овоо тамиртай айлын шинж мэдэгдлээ.
   Энэ айл тун зочинсог байлаа. Биднийг босго алхаж хивсэн дээр сууснаас эхлээд, гэрийн эзэн амар мэнд асууж бармагц цай будаа гэж зүүн баруун гүйгээд сүйд болов. Бид ч орсноос нааш ам сул, аяга хоосон суусангүй. Цай ууж дуустал цагаан тос ирж, дараа нь айраг аягалав. Залгаад монгол гэрийн голд байх төмөр зуухан дээр нэрж байсан шимийн архинаас мөнгөн аяганд мэлтэлтэл сөгнөөд бидэнд барилаа. Бид нэг нэг аяга ууж барахад, гэрийн хар хүн Мэндсүрэн хөх торгон урт цамцнийхээ хормойг зөрүүлэн сууж, хоёр ханцуйгаа шамлан ярсхийтэл инээснээ :
   - Эхнэрийн минь нэрсэн шимийн архийг хүртэж тогтоосонд баярлалаа гээд, ширээ дүүрэн тавьсан чихэр боорцог, цагаан идээг авч гарлаа. Дахин орж ирэхдээ том тэвштэй шүүс өргөн орж ирэв.
   -За! Одоо боодог зооглоорой гэж бидэнд Бээжингийн шарсан нугас шиг шарлатал шарсан махнаас огтлож өгөхүй. Энэ шүүсний амт хачин сайхан байлаа .
   -Яаж ингэж хийгээ бэ?. Тун сайхан амттай байна идэх зуураа би асуув .
   - Ингэж болгосон махыг бид шүүс гэхгүй. Боодог гэдэг. Хониор хийхгүй. Ямаагаар хийдэг. Ямааг төхөөрмөгцөө дотор гэдэсийг нь гаргаж,  улайлгасан жижиг чулууг дотор нь хийж боогоод, галд шарж болгодог. Ийм учраас боодог хэмээн нэрлэсэн гэж бараа болж яваа Монголын найз танилцууллаа .
   Бид Мэндсүрэнгийнд ханатал ууж, цадтал идээд мордов .
   - Сонсоход Монголын хөдөө аж ахуй хүчирдэлтэй гэсэн. Гэвч энэ айлын байдлаар бол баян тарган л байна даа ” гэж намайг яриа өдөхөд.
   - Өө ! Ажилч бол авдар дүүрэн гэдэг шиг. Тэд хөдөлмөрч болохоор хөрөнгө мөнгө баян байна шүү ” гэж Ардын эрх сонины ерөнхий эрлэгч Лигдэн ярилаа .
   Энэ үг маш зүйтэй санагдав. Ажилч хөдөлмөрч бол араг үүрсэн гуйлгачин ч айхавтар баян болж чадна. Аажуу залхуу бол алт мөнгөн уултай ч алс хойноо гуйлагчин болж дүүрэх болно.

Тарнийн увидастай таван рашаан

   Бид Мэндсүрэнгийнхээс гарч, хоёр цаг хиртэй аян хөөгөөд, Төв аймгийн Зуун модын байгалын музейд хүрлээ. Уржигдархан Улаанбаатарт  музей үзсэн болохоор өнөөдөр бас юуг нь үзэх бэ? гэсэн сэтгэлийн хөдөлгөөнийг олж мэдсэн шиг дагуулж яваа Монголын найз: -Илүү юм үзүүлж байна гэж магадгүй. Гэвч та нар үзээд мэднээ гэж биднийг дагуулсаар музейн хүрээний хаалгаар орлоо.
   Ёстой л байгалын музей гэж хэлэлтэй, гэр байшин гэх юмгүй. Ажилтны суудаг модон хавтсаар зүйж барьсан хоёр сууцыг эс тооцвол байгаа бүхий л үзмэр нь бүр байгаль дэлхийн бүтээл байлаа. Амьтад төрөл зүйлээрээ байна. Хөл доороос год хийж үсэрч гарах нь байх бөгөөд хөхөмдөг уулын бэлээр идэшлэх нь ч байна. Үнэг туулай, дорго солонго, буга, зээр … бүгд л харагдана. Харин догшин араатан үзэгдсэнгүй. Уулын ард бол бий гэнэ. Ургамлын арвиныг хэлэхийн аргагүй. Хэдэн км газар онголсон энэ музейн тойронд монгол улсад буй бүхий л ургамал амьтан  байдаг гэнэ. Уран сэтгэмжээрээ орчлон дэлхийд оройлох ямар ч зураач  уураг тархиа шавхаж зурсан ч илтгэж үл чадах энэ музейд бид бүгдийн сэтгэл татагдаж, үг дуугүй ойн гүн рүү явцгааж байлаа .
   - Одоо ингээд буцахуу даа ” гэж дагуулж яваа хүн сануулав .
   Цагт баригдсан бид арга буюу гүвээ хязгаараар нь л тойрч үзэв. Нарийн нэгжиж тойрвол найм хоног үзсэн ч барах юм биш гэнэ .
   - Тээр дээр үзмээр бас нэг юм бий. Гэвч цаг оройтчихлоо” гэж тайлбарлагч залуу харамсангуй хэллээ. Бидэнд илүү юм үзэж сонсох нь олдошгүй завшаан. Тиймээс оройтсон ч хамаагүй гээд дагаж явав.
   Бартаа их, мод сахлаг замгүй газраар аяллаа.
   Арваад минут хэртэй алхаад уул давсан шиг билээ. Тэвэр чинээ дөрвөн модны дунд бүдүүн бух хэвтсэн шиг нэг сүрхий үхэр чулуу бидний замыг хөндөлсөв.
   - Та нар эндээ хүлээж байгаарай гээд тайлбарлагч залуу, унжийж дүүжлэгдсэн модны салаа, бутлаг модны намааг шүүрэн барьж, үхэр хадан дээр самбаалаг сайхан авиран гарснаа, нэгэн өгөрхий модон салаа авч бидэнд бариулаад нэг нэгээр татаж гаргав. Тэр үхэр чулуун дээр нэг шаазан хөмөрсөн байв. Тайлбарлагч залуу шаазанг авахад доор нь тахианы өндгөн чинээ жаахан нүх байх бөгөөд нэг зэс халбага тавьсан харагдлаа. Тайлбарлагч залуу халбагыг авч, өнөөх нүхнээс хүн тус бүрд гурван халбага ус хутгаж уулгав .
   -Энэ бол нүдний рашаан. Үүнийг ууж нүдээ угаавал, нүдний гэмийг арилгаж хараа сайжруулдаг. Алгаа нааш гэв .
   Бид битүүлж авсан гурван халбага усаар нүдээ шавшаад, их сонирхол төрж шинжвэл: Шанага томдож, халбага багтах төдий өндгөн чинээхэн нүх, нүдэн хэлбэртэй бөгөөд дотор нь дүүрэн ус мэлмэлзэж байв.
   - Энэ жаахан усыг нэг балгаад л дуусгачих юм биш үү ” гэж би чамлав.
   - Барагдах юм биш. Хэдий хутгаад уусан ч дундрахгүй. Хичнээн бороо орсон ч бялхан халихгүй. Хэзээ ч энэ л хэмжээндээ байдаг гэв.
   - Явах цаг боллоо, хурдан ирцгээ гэж биднийг дуудах жолоочийн дууг, уул хайрхан, өргөн хангайн цуурай дэмжиж , элэр балар сонстов.
   Бид буцав .
   - Манай Зуун модын байгалийн музейн хүрээнд нүд, хамар, чих, ам, шүд зэрэг таван эрхтний архаг өвчнийг засаж эдгээх рашаан бий. Цагт баригдаад нөгөө дөрвийг нь үзүүлж чадахгүй боллоо. Уучлаарай гэж тайлбарлагч залуу хэллээ .
   Цагийн хараагаар тарни увидастай таван рашааны үүсэл гарлыг нарийн мэдэж чадсангүй. Таван эрхтэн нь өвчин зовлонтой хүмүүс энд ирж, өөр өөрийнхөө архаг өвчиндөө тааруулж рашаанаас нь ууж угаагаад эрүүл мэнд болж, энх жаргалтай амьдарч байгаа гэж буцах замд Монголын найзаасаа сонслоо .
   Тарни увидастай таван рашаан маань, даян дэлхийн амьтан бүхэнд буян хишгээ нэн илүү хүртээгээрэй гэж би тэрэгний ард хоцорсон Зуун модын байгалын музей руу залбиран даатгалаа .

Гайхаш алдуулсан сүлд туг

   Бид малчдын амьдралтай танилцаж хөдөө хоёр хоног явж ирсний дараа, өнөөдрөөс Улаанбаатар хотыг тойрохоор болсон бөгөөд эхлээд Богдын ордоныг үзлээ.
   Туналзан урсах тунгалаг усандаа торгон хээ татаж, дөрвөн уулын дундуур дөрөө чангалан урсах туул голын дэнж дээр байгуулагдсан Богдын ордон гэгч нь сүм хэлбэртэй хоёр давхар асар байлаа. Жавзандамба хутагтын хааны ширээнд сууж төр барин, түмнээ жолоодож  байсан үеийн төрийн явдал, амьдралын олон үйл явдлыг тодотгосон энэ ордонд, үнэ цэнэтэй зүйлс тоогүй арвин байна.
   Харийн улсын хаад ноёдын бэлэглэсэн, зууч элчийн өргөсөн алтан мөнгөн цаг, эрдэнэ сувд гээд л... Өчигдөрхөн авчираад тавьсан юм шиг тоос буртагт огт дарагдсангүй, гялалзан харагдаж байлаа.
   Ялангуяа монголчуудын уран гараараа шаглаж оёсон, шандсаар татсан барын арьсан хүрэм, ирвэсийн арьсан суудал, бар ирвэсийн арьсаар бүрсэн монгол гэр, ан гөрөө, аян дайнд явахдаа агт хүлэгтээ тохож байсан алт мөнгөн эмээл хазаар …тэр хэвээрээ тавигджээ. Жавзандамба богд хаан энд ажиллаж амьдарч өнгөрсөн төдий биш, харин өнөөхөн аягатай халуун цайгаа тавиад аянд мордсон юм шиг санагдаж байв .
   Энэ ордонд дэлгэн үзүүлж байгаа монголчуудын голомтоо бадраах санааг илтгэсэн галыг гурван овоо дүрэлзүүлж, голд нь өнө мөнхийг төлөөлүүлсөн нар сарыг цацруулан, хоёр талаар нь шууд шулуун зан аашаа илтгэсэн хоёр шугам хашиж, доод талын төв дунд нь өдөр шөнийн хорин дөрвөн цагт унтдаггүй сонор хоёр загас шумбасан, сүлд тугийн тухай тайлбарыг сонсоод би цочин гайхлаа. Энэ туг Монголын ард түмний урагшлах эгнээний өмнө мандан бадраад, гурван зуу далаад жил болж байгаа гэнэ. Би энэ тугийг Монгол ардын хувьсгал ялсан үед дөрвөн уул ( Богд, Сонгино, Чингэлтэй, Баян зүрх )-ын төв дэхь Сүхбаатарын уудам талбайд цацран мандсан хэмээн бодож байлаа. Гэвч өнөөдрийн үйл явдлаар, Монгол улсын туг мөнх дэлхийд мандаад хэдэн зуун жил болсныг мэдлээ.

Бугын үзэгдэлтэй будагт зураг

   Их тэнгэрийн буудлын орчимд үд болох үеэр, бугын сүрэг бүлэг бүлгээрээ бууж ирээд, буудлын цонхон доогуур шуугин урсах нарийн горхиноос уудаг гэж Бээжингээс мордох үеэр найз нарын ярихыг сонсоод, Монгол улсад очсоны дараа, зэрлэг бугын сүргийг олж үзнэ дээ гэж баясаж явсан билээ .
   Ер нь үзье гэхээр улам холддог ч юм уудаа. Монголд хүрсэн цагаас  бугын сүргийг олоод үзчихвэл гэж босон суун бодовч бүтсэнгүй. Хүн амьдарч байгаа энэ хүрээнд хаанаас буга ирэв вэ?. Түмнээс дамжсан домог байлгүй ч гэж бодлоо. Тойрч үзэх зүйл ч зөндөө байсан хойно, бугын усаа уудаг, Богд уулын бүслүүрээс бургилан урссан голыг бүхэл өдрөөр сахин суугаад хүлээх цаг ч надад олдсонгүй .
   Өдөр хоног өнгөрөх ануу урсгал усан мэт түргэн. Сурвалжлага амжилттай өндөрлөөд өнөөдөр бид улсдаа буцах болов. Бугын сүргийг үзэж чадаагүйдээ би сандрав. Ингээд үдийн алдад бид Буянт Ухаа нисэх буудал руу явав. Буудлаас гараад удсангүй, зочдын буудал болон ерөнхийлөгчийн ордныг холбосон нарийхан голын хөрвөөгөөр сүрэг буга соргог өвс хазлан тунгалаг ус ууцгаах нь харагдлаа …Баярласан хүн бархирах гэгчээр: - Тэр! Бугын сүрэг ” гэж би хашгирав .
   Сэтгэлийг минь гүн ойлгосон жолооч тэрэгээ тэр дор нь зогсоов .
   Бид, гэрэл зургийн хэрэгсэлээ аваад бууцгаалаа.
   Бугын сүрэгт зуугаад метр хиртэй ойртов. Гэвч буга үргэж, цочихгүй, уран уруулаа шомбойлгож усны тунгалгаас уух нь ууж, өвсний сорыг чимхлэх нь чимхлээд тун ч хөөрхөн үзэгдэнэ …
   - За хө.! Нислэгийн цаг боллоо. Одоо явъя. Би чамд бугын ар үзэгдэлтэй, уран зураг бас авсан гэж цуг яваа залуу ханцуйнаас татав .

Бөөн асуулт, битүүхэн хариулт

   Ардын эрх сонины сайхан урилгаар Монгол улсыг тойрч үзэх сурвалжлага төлөвлөж санасан ёсоор дуусч өндөрлөлөө.
   Бидний суусан онгоц нүд ирмэхийн зуур агаар мандалд гарлаа. Улаанбаатар хотын барилга сууц болон Монгол улсын номин байгаль үзэн байтал миний хараанаас холдож удсан ч үгүй алга боллоо. Гэвч Монгол улсад тойрч сурвалжилсан хэд хоногийн хугацаанд үзсэн харсан зүйлүүд санаанаас үл холдож бөөн асуулт болон цувна .
   Монгол улс бол малжих улс, нүүдэлчин ард олон, гэвч эндхийн байгаль дэлхийгээс аваад байрлуулж хадгалсан түүх дурсгалын зүйл … юм бүхэн нь яагаад бүрэн бүтэн цэвэр тэгш байдаг юм бол?
   Улсын нийслэл Улаанбаатар хотын баруун хормойгоор уянгын дуу өргөн шуугих туул гол нь тув тунгалаг, урсгалын ёроолд унтаж хэвтсэн өнгө бүрийн хад, янз бүрийн чулуу тов тодорхой харагдана. Энд хүн ардгүй биш, дөрвөн зуун мянган хүнтэй. Монгол хүмүүс усанд умбахгүй биш, умбана. Тэд хөвөөгөөр нь суухгүй биш сууна. Тав гурваараа тойрч суугаад тамхи татаж байна. Юм идэж байна … гэвч үлдсэн хог лаг гэж юу ч үгүй, цэв цэвэрхэн .
   Улаанбаатар хотын зүүн орой дахь Баян зүрх уулын энгэрт байрласан  сүмд, хэдэн зууны өмнөх олон зуун төрлийн ном болон үе үеийн урчуудын бүтээсэн бурхан дүүрэн бий. Жаахан ч эвдэгдэж сүйтгэгдсэнгүй. Сайхан хадгалагдаж байна.
   Монгол улсын Наймдугаар Богдын ордонд Английн хаанаас бэлэглэсэн алтаар бүрсэн сүйх тэрэг, Оросын хаанаас өгсөн алтан цаг, Хятадын ноёдоос хүргэсэн хатгамал хуартай торгон дэвсгэр, өөрийн урчуудаар хийлгэсэн барын арьсан бүрээстэй монгол гэр, алт мөнгөн эмээл хазаар … тэр янзаараа хадгалагдаж байна .
   Улсын төв номын санд дан алт мөнгөөр барласан монгол түвд үсгээр бичсэн эрт дээр үеийн ховор чухаг ном судрууд овоолоостой байна .
   Буудлын хүрээгээр нь буга бэлчинэ. Буу аваад онилсон хүнгүй.
   Хэдэн зуун хүн нэг гэрт будаа идэвч хэн нэгэндээ харшилсан эрээн мяраанаар орилох өндөр дуу байхгүй. Юм бүхэн нь ёс номтой .
   Хөдөө талаар давхихад араатан гөрөөс энд тэндгүй харагдана. Түүнийг хөнөөж сүйтгэх хүн ер тааралдаагүй .

   Үлгэр домог шиг эдгээр явдал яагаад Монгол улсад үлгэр биш, үнэн мөнөөр оршиж байдаг бэ?. Тэд бидэнтэй адилхан нүдтэй, гартай, хөлтэй, тархитай … хүн. Гэтэл … асуулт аюулхай цээжинд овоорсоор. Бодож бодсоны эцэст ийм нэг явдал надад битүүхэн хариулт өгөх шиг боллоо.
   Тэр өдөр бид малчин Мэндсүрэнгийнхээс гарч, хагас цаг илүү яваад хүн айл үгүй хөвчийн уудам хангайд хүрч, баян байгалын үзэсгэлэнг бахархан, буртаггүй цэвэр агаар амьсгалахаар түр буув. Дээшээ харвал номин цэнхэр тэнгэр, тэгшхэн бараалбал тэнгэрын хаяа дэрлэсэн уудам саруул хөдөө тал, үелэн долгиолох өвс мод … сэтгэл зүрхний баясал хөөрлийн хөвч ёнхор яахын аргагүй дэлсэн баярлаж,- Энд жаахан суугаад явах уу ? гээд би хүйтэн ундаа аваад бууж билээ. Байгалийн баян сайханд бид баахан баясан хөөрөлдөж, үргэлжлэн аянаа хөөхөөр мордлоо . Машинаа хөдөлгөх гэж байсан жолооч гэнэт :
   - Та нар сууж байгаарай гэснээ суудал доороосоо уут авч, тэргэнээс  буунгуутаа замын цаана бидний хаясан тамхины үлдэгдэл, хайрцаг, хүйтэн ундааны сав, суухдаа дэвсэж байсан хуучин сонин зэргийг түүж уутлаад машиныхаа арын хайрцагт хийчихэв …
   Энэ муу гээгдэл юмийг түүж юугаа хийх гэж байгаа юм болдоо гэж би бодсон ч тэр дороо асууж чадсангүй. Гэвч элдэв хоёрыг анхаарч , бүхнийг асууж, ухаж явдаг ажлын дадалд дийлдэн, Төв аймаг дөхөх үед би ам нээв .
   - Та бидний амрахдаа хаясан юмыг түүж аваад юу хийх гэж байна вэ?
   - Өөв. Тэр хогоор би хийх вэ?. Юу ч хийхгүй. Нутаг билчээр бузартуулчих вий гэж л түүсэн юм .”
   - Хаана хаях уу ?
   - Хогийн савтай газарт.
   Би сэтгэл хөдөллөө. Жолоочийн ухааныг биширлээ. Ер нь амьдрал хайр дээр тогтдог хойно, эх нутгаа алаг нүднийхээ цөцгий шиг аминчлан хайрлаж, ингэж хамгаалдаг болохоор Монгол улсын байгаль дэлхий элэг бүтнээрээ байсан юм байна .
   Энэ сайхан зан заншил, энэ дэлхийн бүх газарт түгэн дэлгэрч, элдэв янзаар сүйтгэгдсэн эх байгалийн унаган төрхийг буцааж өгвөл хичнээн сайхан. Хүмүүс ямар аз жаргалтай байх бол гэж би агаарт нисэн яваа онгоцноос бурхан тэнгэрт залбиран даатгав. Элэг бүтэн ертөнц...
                                    

 


                                                                                                             Бэлтгэсэн: Д. Чинзориг

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100