CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

“Салхиар дуулагчид” олон орны хөөмийчдийг сургаж байна

11-19-2015 14:17

 

“... Хөөмий бол байгальтай хамгийн ойр урлаг. Магад нарийн торгон исгэрээг бид салхины чимээг дуурайж сурсан байх. Сүрлэг уулсаас урсаж байгаа ширүүн урсгалтай голд чулуу хагших чимээг дуурайж бид хархираа хөөмийг сурсан байж мэднэ. Хэт техникжсэн, хэт хотожсон энэ нийгэмд биеэсээ байгалийн чимээг гаргаад явж байхад салхи нэг зөв эргэнэ дээ..” 2013 онд МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Салхиар дуулагч” олон улсын хөөмийн тэмцээний тэргүүн байр, 2015 оны намар Болгар улсад болсон Дэлхийн язгуур урлагийн их наадмын алтан медалийн эзэн МУ-ын залуу хөөмийч Ж.Мэндбаяр ингэж ярьж байна.
Мэндбаяр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, малчин удамтай хүн. Монголын мэргэжлийн анхны хөөмийчдийн нэг тэрээр Өвөрмонголын Урлагийн Их сургуульд багшилж, олон хөөмийч сургаж бэлтгэжээ. 2014 онд Дэлхийн язгуур урлагийн академи, Монгол Хөөмийн холбоотой хамтран Улаанбаатар хотноо Олон улсын хөөмийн сургуулийг байгуулан, өдгөө тун ч амжилттай явна. Язгуур урлаг, хөөмий сурах сонирхолтой хүмүүс улам бүр олон болж байгаа болохоор сургуулийнхаа ирээдүйг тэр өөдрөгөөр төсөөлж байгаа аж. Ингээд түүнтэй нэг мөч ярилцсанаа хүргэе.

Сур: Танай сургуульд гадаадаас олон хүн ирж хөөмий сурч байгаа гэж сонслоо. Тэр хүмүүс зөвхөн хөөмийний төлөө Монголд ирж байгаа гэж үү?
Ж.Мэндбаяр: Тийм шүү. Одоогоор манай сургуульд Франц, Герман, Чех, Колумби улсаас ирсэн хүмүүс хөөмий сурч байна. Япон, Солонгосоос ч хүмүүс бидэнтэй холбоогдоод байгаа. Тэд удахгүй Монголд ирэх байх. Өмнө нь Хятадын Шаньдүн мужаас 56 настай эмэгтэй манай сургуульд 3 сар хөөмий сураад нутаг буцсан. Нутагтаа хөөмийлж, удахгүй тоглолт хийх гэж байгаа. Энэ хүмүүс бол зөвхөн хөөмий суръя гэж зориод, манай сургуульд албан ёсоор хүсэлт тавьж, виз болон оршин суух зөвшөөрөл аваад сурч байгаа хүмүүс л дээ.
Сур: Ярианаас чинь хөөмийг хүссэн хүн бүхэн сурч чадмаар шиг ойлголоо. Авьяас, өгөгдөлгүйгээр энэ урлагийг сурч эзэмшиж болно гэж үү? Гадаадын хүмүүс хөөмийг хэрхэн хүлээж авдаг вэ?
Ж. Мэндбаяр: Байгаль эхээс төрсөн хүн бүр сурч чадна. Учир нь энэ бол байгалийн эгшиг. Хөөмийг аль ч улс үндэстний хүмүүс их гайхаж, чих тавьж сонсдог. Хөөмийгөөр дамжуулан өөртөө бүрхүүл, орон зай үүсгэчихдэг шиг байгаа юм. Европт тоглолт хийх үеэр нэг үзэгч Алтайн магтаалыг сонссоныхоо дараа “Энэ ээжийн тухай дуу юу?” гэж асууж билээ. Би тийм л гэж хариулсан. Монгол хэл ойлгохгүй мөртөө тэгж гүнзгий мэдэрч чадсан нь сайхан санагдсан л даа. Байгальтай холбогдъё гэвэл хөөмийг сонс, хөөмийл. Энэ бол дэлхийн урлаг.
Сур: Хөөмийг уламжлан дэлгэрүүлж, дэлхий дахинд түгээхийн утга учир таны бодлоор юундаа байна вэ?
Ж. Мэндбаяр: Юуны түрүүнд Монгол гэдэг нэрийг хөөмийгөөрөө дамжуулан дэлхийд таниулахыг хүсэж байна. 1956 онд хөөмийч Сундуй гуай тайзан дээр анх удаа хөөмийлж, хөөмийг олонд таниулах, гадаадад сурталчлан таниулах ажлыг эхүүлсэн түүхтэй юм. Энэ үйлсийг дэлгэрүүлсэн дараагийн үеийн төлөөлөгч бол Монгол улсын гавьяат жүжигчин Тойвгоо юм. Би гуравдахь үеийн хөөмийч л дөө. Тэгэхээр хөөмийг дэлгэрүүлэх нь миний хувьд амин чухал үүрэг юм.
Хөөмий бол монгол үндэстний язгуур урлагийн үнэт баялаг. Тиймээс монголчууд бид л хөөмийгөө хадгалан хамгаалах ёстой. Хадгалах, хамгаалах гэдэг нь зөвхөн өөрсдөө хэрэглээд суухыг хэлэх биш, харин түүнийг цааш нь түгээн дэлгэрүүлж, улмаар олон хүнд зааж сургаж, гайхамшгийг нь дэлхий дахинд хүртээх ёстой. Энэ нь цаад утгаараа хөөмийг өнө бат уламжлан өвлүүлэх үндэс суурь болж чадна гэж боддог.
Нүүдлийн ахуй соёлтой монголчууд бид өнөөгийн эдийн засаг, нийгмийн ярвигтай харилцаа, техникжсэн хотожсон амьдралын хэмнэлд шигшигдэн, язгуур гүн ухаан, соёл уламжлалаа бүдэгрүүлж байгаа нь нууц биш. Тэгвэл Монголыг монгол чигээр нь хадгалах, уламжлах, түгээн дэлгэрүүлэх увдис манай ардын соёл урлагт байгаа бус уу? “21 дүгээр зуун, даяарчлалын энэ эринд монголчууд бид бусад улс үндэстэнээс хоцорч ер болохгүй. Язгуур шинжээ алдахгүй нүүгээд л байх ёстой. Хөөмий ч бидэнтэй хамт нүүж л байна” гэж Ж.Мэндбаяр эцэст нь хэлсэн юм.
Монгол улсын Олон улсын Хөөмийн сургуультай холбоо барих бол Фэйсбүүк дээр International Khoomii school гэж хайгаад, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

 

 


                                                                           Ярилцсан: Э.Эрдэнэсувд

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100