CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хятадад сурч буй оюутны тэмдэглэл

09-21-2015 10:30

 

                                                                               “Ухань” их сургуулийн оюутан Шадавдолгор
   Хөрөнгө чинээтэй айлын хүүхэд эсвэл танил талтай хүүхэд л гадаадад сурдаг гэх ойлголт хуучирчээ. Хэрвээ та өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй бол ямар ч улс оронд ямар ч чиглэлээр сурч боловсрох нь өнөөдөр нээлттэй болжээ. “БНХАУ-Монгол” улс хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр хэдэн зуун монгол залуус БНХАУ-ын тэтгэлэгээр тус улсад суралцахаар ирж байна.  Миний бие ч гэсэн энэ хамтын ажиллагааны үр дүнг хүртэн БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын “Ухань” их сургуульд “Олон улсын харилцаа”  мэргэжлээр магисрт суралцаж байна. 

 
   2013 оны 9 дүгээр сарын 1-нд энэхүү их сургуульд анх хөл тавьж байлаа. “Ухань” их сургууль-д сурах хуваарийг БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдын яамнаас авахдаа “сургуулиа улсдаа нэр хүндтэй, хамгийн үзэсгэлэнтэй” гэдгийг би төсөөлөөгүй. Харин  ирсэнийхээ дараа энэ бүхнийг сонсоод сонгогдсондоо маш их баярласан. 

   БНХАУ-ын төвийн бүсэд байрлах Хубэй мужийн Ухань хот дахь “Ухань” их сургууль нь улсдаа нэр хүнд, боловсролын чанараараа 4-т жагсдаг. Энэхүү их сургууль боловсролын чансаагаараа байнга жагсаалтын эхний арав дугаарт багтдагын зэрэгцээ Хятад улсын хамгийн үзэсгэлэнтэй сургууль гэдгээрээ алдартай. Тус сургууль Ухань хотын үзэсгэлэнт “Луо Жа” хэмээх уулан дээр байгуулагдсан. Ер нь хятад улсын их сургуулиуд бүрэн цогцолбор хотхон хэлбэрээр баригддаг. Энэ нь оюутнуудынхаа зөвхөн суралцах орчин нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй аюулгүй байдал зэргийг хангаж чаддагаараа онцлог давуу талтай. “Ухань” их сургуулийн хувьд “Дун” нуураараа хүрээлүүлсэн, үзэсгэлэнт “Луо Жа” уулан дээрхи бүрэн цогц байгууламж юм.  Хотхон дотроо сургууль тус бүрийн хичээлийн болон оюутны байрууд, хүртээмжтэй номын сан, оюутны хоолны газар, биеийн тамрын талбайнууд, чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгүүд, хэрэглээний зүйлсээ авах дэлгүүр, банк, эмнэлэг, багш, ажилчдын байр гээд бүгд бий.
   Хятадад суралцах энэ хугацаанд хамгийн их анзаарсан зүйл бол энэ улсад “оюутан” зөвхөн суралцах ёстой гэсэн хувь хүн болоод нийгмийн ойлголт юм. Тэд цагаа зөвхөн хичээл, сурлагадаа зориулдаг. Тухайлбал оюутны байрандаа “хоол” хийхийг сургууль нь зөвшөөрдөггүй. Бүгд сургуулийнхаа хоолны газарт хооллодог. Өртөгийн хувьд ч боломжийн үнэтэй байдаг. 

 
   Дараагийн онцлох зүйл гэвэл “номын сан”. “Ухань” их сургуулийн номын сан ном, сэтгүүл төдийгүй техник хэрэгслээгээрээ тун хүртээмжтэй, салбар бүрийн мэргэжлийн ном, сэтгүүл хэвлэл болон цахим хэлбэрээрээ хангалттай байдаг. Тухайн салбар бүрийн гарсан шинэ номоор цаг алдалгүй сангаа баяжуулдаг юм билээ.
   Мөн тус их сургууль дотоод гадааын бүх оюутнуудыг сонирхсон хичээлдээ “давхар” сууж сонсох боломжийг олгодог. Энэ нь оюутан хүний хувьд тун үнэ цэнэтэй боломж гэж бодож байна. Миний хувьд мэргэжлийн хичээлдээ суухаас гадна хятад хэлний хичээлд суудаг. Ер нь бол тухайн хичээлийн багшаас зөвшөөрөл аваад аль ч мэргэжлийн хичээлд суух боломжтой юм.
   Ухань их сургууль төдийгүй бусад их сургуулиуд багш, оюутан, ажилчдынхаа эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд анхаардаг. Үүнийг сургууль бүрийн доторхи биеийн тамрын том жижиг талбай, хэрэгслүүдээс нь харж болохоор.  Өглөө оройн цагаар хүмүүс гүйж, дасгал хийж, талбай дээр тоглодог. 


   Сакура цэцэг дэлгэрэх жил бүрийн 3 дугаар сард “Ухань” их сургууль олны хөлд дарагддаг.  Хүмүүс зөвхөн сакура цэцэг харах гэж мөнгө төлж дугаарладаг.
   Хотынхоо үзэсгэлэнт “Луо Жа” уул болон “сакура” цэцгийн моднууд, “хятад-баруун”-ы өнгө аясыг агуулсан барилгуудаар өөрийн гэсэн өнгө төрхөө бүтээж чадаж байгаа нь “Ухань” их сургуулийг нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлж байгаа жишээ болов уу.  Бусад ч гэсэн үүнээс үлгэр жишээ аваасай гэж хүсэж байна. Энэ мэтчилэн “Ухань” их сургуулийн онцлог давуу талууд болон бусад сонирхолтой зүйлс олон бий.

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100