CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

МЭЛМИЙ НЬ НЭЭГДСЭН СОХОР ГАЙХАМШИГ

09-18-2015 11:11

 

Заримдаа ажлын компьютерээ асаагаад юу юугүй тархиа ажиллуулах гэхээсээ өмнө кийборд дээрээ хоёр гараа сул тавиад, хуруунуудаа бүжиглэхийг хүлээдэг. Энэ өглөө ч тэр. Тайван хүлээж суутал “тэд” үсэг цохиж эхэллээ. Оюунд нь их л гүн ухааны аястай бодол орж ирсэн бололтой, цохисон үсэг, үгс, өгүүлбэр нь гайхалтай мэдрэмж төрүүлэв.

...Эртний сайхан ерөөлөөр
Энэ биеийг олоод
Эрхэм үйлсийг бүтээхээр
Эгэлийн мөрийг хөөв...

Хуруунууд ингэж бичтэл би бодлыг нь үргэлжүүлэн ингэж бодов: “Эрхэм үйлс нь эгэл мөрөөр бүтдэг ажээ, ямар ч эго, хүчин чармайлт хэрэггүй, би хэмээх үзлээс ангид үед буюу зоригч, зоригдол, зоригдахуун үгүй үед тэр өөрөө нахиалж дэлгэрдэг болой. Хорвоо нь хоосон буюу хоорондоо шүтэн барилдсан хооснуудын хоосон гэдэг үүнийг ухаарахыг л ‘би’ хүснэ...”

 
Манай төрөлхтний утга зохиолын түүхэнд оюуны мэлмий нь бүрэн нээгдсэн “сохор” гайхамшиг хоёр байсны нэг нь Хомер, нөгөө нь Борхес байжээ гэдгийг балай харанхуй би саяхан мэдээд удаагүй байтал бурхан эсвэл ямар нэг далдын хүчин, бүр эсхүл хамт ажилладаг нэгэн эрхэм найзын буянаар ч юм уу Борхесийн “Хоёр хаан, хоёр хонгил” ном өвөрт минь хоёр шөнө хонож буй билээ. Энэ өглөө хурууд минь тийм гүнзгий утгатай үгс цохисны учир үүнд л байж таарна, лавтай. Агуу гайхамшигт хүмүүсийн гэгээн оюунаар хэдэн мянган жил тоос шороонд бөглөөтэй байсан тархины минь бяцхан бяцхан нүх сүвүүд нэг нэгээрээ онгойж, түүнээс цацрах зурвас гэрлүүд хэдий нүдэнд үзэгдэхтэй үгүйтэй боловч ертөнцийн их гэрэлд нэгдэн сүлжилдэж, намайг сансар эрхсийн дунд хүргэн жаргааж буй мэт.

“Аяа, төсөөлөл мэдрэмжийн баяр хөөрөөс танин мэдэхүйн баяр жаргалан нь хавьгүй дээгүүр ажээ...” гэж агуу Борхес “Боогийн бичээс”-дээ хэлжээ. Энэ бол өнөө хүртэл миний мэдэрч байснаас дэндүү өөр, магад миний үнэмлэхүй үнэнд хамгийн их ойртох үнэний тухай ойлголтыг өөрчлөх хүчтэй шиг санагдана. Өдий болтол амьдрахдаа би төсөөлөл, мэдрэмж, зөн совинг танин мэдхүйн дараах байранд тавьж ирсэн юм. Харин одоо бол мэдрэмж, мэдлэг хоёрыг алагчлалгүй, хэзээ нэгэн цагт хэвлийд минь бүрэлдсэн ч биелэн төрж чадаагүй ихэр хүүхэд минь хэмээн сэтгэж нэгэн зэрэг хайрлана. Ай, хязгаарыг үл мэдэх хөнгөн явдалтан миний хөшүүн сэтгэлд сэхээрэл өгсөн агуу Борхес, энэ эгэл өдрөөс тэр л эрхэм өдөр хүртэл чи өнө үүрдийн минь амраг болог. Учрал минь ариун эхэлсэн шигээ ариун нөгчих болтугай.





 

 

 



Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100