CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Тосоор гоожсон тонголзуур тогоруунууд

09-08-2015 18:09

Б.Цогзаяабаатар
   “ Ээ тосоор гоож “ энэ уулга алдалт нь ерөөл бас хараал ч юм шиг. Ийм эсрэг тэсрэг ойлголтыг өгөх нь бий. Хэн хэдийд хэрхэн хэлснээс л аль утгаараа вэ гэдэг тодорно. Энд ерөөлөөр нь авлаа. Ёстой “тосоор гоожсон” сайхан аялалд яваад ирсэн тул ерөөж хэлэлгүй яах вэ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд Өмнөд их хөршийн Хайлаар, Дачин хотуудаар танилцах аялал хийсэн юм. Гол нь газрын тосны их баялагтай бүсийн Дачин хотод илүү саатсан тул “тосоор гоожсон” аялал болсон.

   Тэнд Газрын тосны музей үзэцгээв.Тэр музейн үзмэрийн голлох нь алдарт ажилчин Ванжин-шигийн амьдрал үйлстэй холбоотой баримтууд байсан. Дачин хот өөрөө газрын тосон дээрээ бий болоод  хөгжин олон оныг үдэж  байна. Энэ хотын хаа сайгүй л “тонголзуур тогоруун” шахуурга ажиллана. Түүнийг манай нөхдийн зарим нь “морин толгойт” гэж нэрлэнэ билээ. За юу гэж ч нэрлэлээ тэд ямар “нэрээ” мэдэх биш. Харин үргэлж тонголзоод л үүргээ лавтай сайн биелүүлж байна билээ. Ийм тонголзуур тогоруун шахуурга тус хот орчимд 260-аад мянга байгаа гэсэн. Тэр тоолонгоор нь газрын тос ашиглалт, улмаар унац хаялгаар нь бий болох бүтээгдэхүүн арвиж буй гэсэн үг. Дэлхийд алдартай Сон лиаогийн сав газрын ордыг түшиглэн боссон том хот юм Дачин. Уул ордын нийт тогдоогдсон геологийн баталгаат нөөц нь 5,7 тэрбум тонн гэх. Үүнээс 1,8 тэрбум тонныг нь ашиглаад байгаа аж. Харин “Дачин Ойлфийлд” ХХК нь өөрийн салбар компаниудын хэрэгжүүлж буй Хайлаар, Хөлөнбуйр,Тамсаг, Шинжааны төслүүдтэйгээ нийт 2,1 тэрбум тонн газрын тос олборложээ. Зөвхөн Сон лиаогийн орчимдоо биш өргөн хүрээнд эднийх ажилладаг гэсэн үг.  Энэ бол эдийн засгийн их чадавхийг нь илтгэнэ. Арга ч үгүй. Хятадын Үндэсний газрын тосны корпорацид харьяалагдан гадаад зах зээлд бие даасан үйл ажиллагаа явуулах эрхтэй төрийн өмчит компани юм. Улсынхаа сан хөмрөгт багагүй орлого оруулдаг тэд Дачингийн ордоосоо жил бүр 40 сая тонн газрын тос олборлож байгаа гэнэ. 1976-2002 оны хооронд энэ нь 50 сая тонноор хэмжигдэж байжээ. Их гүрний энэ нэгэн хотын газрын тос олборлогч бас баялаг бүтээгчдийн ажил үйлдвэрлэлтэй холбоотой тоон мэдээлэл олныг хэлж болох. Зөвхөн эл компани гэхэд 83 салбар нэгжтэй,  225,923 ажиллагсадтай. Үндсэн хөрөнгө нь 207,2 тэрбум юань юм байна. Бид эдний Шинжлэх ухаан техник, технологийн музейтэй нь танилцсан юм. Тэнд нь 4D кинон танилцуулгаараа хэний ч анхаарлыг татах юм. Газрын тосноос гаргаж авдаг дайвар  гэж хэлж болохуйц төрөл бүрийн бүтээгдэхүүн тавьсан байх. Тэднийгээ байршуулсан янз донж, дэглэлт нь гойд сайн. Галд тэсвэртэй хамгаалалтын хувцас, автомашин механизмын дугуй, сансрын нисэгчийн хувцас... гээд байна аа байна.

   Хүний газар бидний үзсэн бас сонссон нь олон. Тиймээс Дачин  хотод харсан тэр тосоор гоожсон тонголзуур тогоруунуудаас Монголдоо олныг харахсан гэж ямагт яарах нь манай аяллынхны буюу хэвлэлийнхний нэг зорилго билээ. Үүнчлэн газрын тосны салбарын арвин их туршлагатай Хятад гүрний Дачин хотын өндөр зэрэглэлийн их, дээд сургуульд нь мэргэжилтэн цөөнгүйг сургаж бэлтгэх нь улсын маань нэг зорилго байх биз ээ.
   Далай их өгөөжтэй Дачингийн бүс нутаг руу ямагт анхаарч, үргэлж хамтарч ажиллахыг эрхэмлэх нь манай хөгжлийг урагш хөтлөх нэг хөтөлгөө болно доо.

                                                                 Монгол геологчид

                                                  Дачин хотод суралцагч Монгол оюутнууд

                                                             олон тонголзуурууд

 

 

 

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100