CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

ХУВИЛГААН ГЭРЭЛ ДЭХ “ШҮД”          

07-15-2015 10:50

 Хэдэн жилийн өмнө шарын шашныг үндэслэгч Богд зонхов тэргүүтэй буддын олон хутагт хувилгааны шарилын шүтээн Монголд залрах үеэр нэгд буяныг бодож, хоёрт сонирхолдоо хөтлөгдөн зорьж үзсэн санагдана. Ринсэл буюу шарилын шүтээн гэдэг нь хутагт хувилгаадыг жанч халсны дараа чандарлахад үлддэг сонин содон өнгө дүрстэй биет бөгөөд буддын шашныг дэлгэрүүлэх, хамаг амьтанд итгэл оршооход тустайн тул олон оронд үе уламжлан тахин шүтэгддэг гэж муйхарлан ухаарсан билээ.

Хутагт хувилгаадын ринсэл дотор Бурхан Шагжамунийн шарилын шүтээн буддын шашинтнуудын хувьд дээдийн дээд эрдэнэ юм. Бурхан багшийн шүд монголчуудтай холбогдсон түүхийг нэхэн үзвэл, Хубилай хаан Шри-Ланк аралд элч томилон Бурхан багшийн үс, аяга, таван шүдийг Дайдү-д залж, сар гаруй баяр найр хийж байсан тухай Марко поло аяллын тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Бурхан багшийн шүд буюу “цахиур эрдэнэ” хэмээгдсэн шүтээн өдгөө Хятад, Шри-Ланк, Монголд бий. Монгол дахь шүдийг 1589-1937 онд Эрдэнэзуу хийдэд Зуу бурхны дотор хадгалж байгаад 1936 онд сайд П.Гэндэнгийн цохолтоор Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалах болсон, 2011 онд МУ-ын хосгүй үнэт өвөөр бүртгэсэн.

 Бурхан багшийн шүдийг Хятадад тахиж буй, тэр мөртлөө миний амьдардаг дүүрэгт гэдгийг аль эртнээс лам багшаасаа дуулсан хэрнээ Бээжинд ирээд хоёр жил болсны дараа, өчигдөр л хүрч очсон нь миний залхуугынх эсхүл учрал тохиол бүрдэхгүй яваад байсных ч байж мэдэх юм. Бээжингийн баруун зах Ши Жиньшань дүүрэгт Бадачү /Дотроо найман хийдтэй тул Найман их орон гэж ийн нэрлэгджээ/ нэртэй цэцэрлэгт хүрээлэн, хүрээлэн дотор Лингуансы буюу Хувилгаан гэрлийн сүм нэртэй хийд, хийдийн хашаанд найман талтай 13 давхар суварга, суваргын дотор чухам өнөө эрдэнэ байх ажээ.

 Хятадууд сүм хийдээ бурхан шүтээний ч, аялал жуулчлалын ч газар болгодог туршлагаараа энэ хийдэд буяны төлөө мөнгө зарж болох олон цэг бий болгожээ. Лаа, үнэртэн зардаг лангуунаас хүж аваад дөнгөж асаатал гэнэт бороо асгарчхав. Хорь хүрэхгүй хором орсон бороо хувцас хунарыг минь норгож амжсан ч хүжсийг минь унтраасангүйн тул “Хувьтай хүн хур борооноор” гэдэг үгийг бодож багахан баясав. Урд минь холоос ирсэн бололтой лам дээлтэй аяны хүн явж байлаа. Гээе гээд гээж чаддаггүй “монгол” бүрэг зангаараа лам гуайтай шуудхан харилцаж, мэнд усыг нь мэдэж чадсангүй. Дэмий араас нь шогшуулсаар...

 Шүтээнийг жилдээ нэгээс хоёр удаа нийтэд үзүүлдэг, зарим жил бол огт үзүүлдэггүй гэж сайн дурын ажилтай эмэгтэй бидэнд хэлсэн билээ. Энэ жил тавдугаар сарын найманаас ирэх сарын долоон хүртэл үзүүлж байх хугацаанд нь яг таарчээ бид. Шүтээн залсан суварганд орохоор мөрлөж дараалсан хүн бараг хоёр гурван зуу. Хамгаалалтын хүмүүс цүнх саванд шингэн зүйл байж болохгүйг анхааруулж, ямар нэг улсын хил гаалиар нэвтрүүлэх гэж байгаа аятай л шалгаж байв. Ашгүй, миний сонирхлыг анхнаасаа л татсан аяны хүн өмнө минь мөрлөж явна. Баярласан гэж. Хүн  их, дараалал урт байсан болохоор лам гуайтай аядуухан хөөрөлдөж эхэллээ. Ламтан Дээд монголын нутаг Хөхнуураас иржээ. Бээжинд, Хувилгаан гэрлийн сүмд надтай адил анх удаа ирж байгаа нь энэ аж.

 Тэрээр Хөхнуур Ганьсүгийн хил дээрх нэгэн хийдийн лам гэнэ. Намайг Монголоос ирсэн гэхээр их л сонирхож, “Эрт цагт танай орныг Том Лхас гэж бас хэлдэг байсан шүү. Бид адил шүтээнтэй. Одоо харин олон шашинтай болсон гэж сонссон” гэж лам хэлж байна. Ламтаны нэр алдрыг асуувал цааргалах маягтай. Намайг түвдээр ойлгохгүй гэж бодоод л тэгж дээ гэтэл удалгүй улаан гадартай үнэмлэх гаргаж үзүүлэв. Лувсанжамц \Лувсан Жяхуа Жамцо гэсэн байсан ч Жяхуа гэдгийг нь тайлж дийлээгүй. Тамгатай, батлагдсан гэсэн утгатай үг байж болохыг түвд судлаач хүнээс мэдэж авсан юм\ гэж хятадаар бичсэн тэр үнэмлэх гаднаа “Гэгээний үнэмлэх” гэсэн уйгаржин монгол бичигтэй болохыг богцлохоос нь өмнө хальт уншиж амжлаа.

“Муу хүний заяа завагт” гэдэг. Хур бороотой ч таарлаа, Хөхнуурын гэгээнтэй ч учирлаа. “Бурхан багшийн шүтээнд бараалхахдаа Лам гурван эрдэнэд мөргөмү гээд залбираарай” гэж лам гуай надад захиж байв. Хятадаар уншиж чаддаг бол уншаарай гээд түвд, хятадаар хадаж бичсэн тарни өгч байна бас. Сүүлийн үед ажил алба их, амьдрал ахуй яаруу гэж гүйсээр буяны тухай, багшийнхаа тухай бодож амжилгүй явсандаа баахан гэмшив. Саяхан 1000 жилийн тэртээ амьдарч асан Түвдийн дагина Мажиг Лавдонмаагийн цадиг түүхийг уншиж суухдаа “чөтгөр шулмын дотроос хүний “би” хэмээх үзэлд хэт дулдуйдсан сэтгэл хамгийн айхтар шулам” гэдгийг ойлгосон болохоор шүтээний өргөөнд ороод гаран гартлаа “шулмыг дарах хүч хайрла” гэж амандаа бувтнан залбирсаар байлаа.

Хувилгаан гэрлийн сүмийг Тан гүрний Далигийн үе нийтийн тооллын 766-779 онд, хийд доторх тахилын суваргыг нийтийн тооллын 1071 онд байгуулжээ. Эндэх бурхан багшийн шарилын тухайд гэвэл Хятадын Наньчао хэмээх улсын нэгэн хувраг нийтийн тооллын 5-р зууны үед Сянби аймгийн хойчис гэгддэг Хотан хаант улсаас анх залсныг Тан улсын үед Бээжинд авчирч, өнөөгийн тахилын суварганд залсан аж. Түүхийн явцад сүм болон тахилын суваргыг олон удаа нурааж, мөн олон удаа шинээр барьсан гэдэг. Одоох суваргыг өнгөрсөн зууны дундуур шинээр босгосон бөгөөд 1964 оны 6 сарын 24-нд Бурхан багшийн шүдийг суварганд залах ёслол хийхэд тухайн үед ерөнхий сайд байсан Жөү Энлайгийн урилгаар олон орны төлөөлөгч, Монгол улсаас Гандан хийдийн Уран Данзан гэдэг лам ёслолд оролцсон гэдэг. Энэ лам манай хүрээний цамыг дахин сэргээсэн шашин соёлын их зүтгэлтэн байсан юм билээ.

 Хувилгаан гэрлийн сүмд 1000 шахам жил тахигдсан бурхан Шагимүнийн шарилын шүтээнийг үзээд буцаж явахдаа сүмийн хашаан дахь мөнгөн гүйлс модны хажууд удаан бодож зогсов. Гурван хүн гараа алдалж байж сая нэг тэвэрч болох бүдүүн иштэй энэ модыг Хубилай хааны байгуулсан их Юань гүрний үед суулгажээ. Мөнгөн гүйлс гурван мянган жил насалдаг гэнэ. Урт насална гэдэг буян боловч гурван мянганы түүхийг “биеэр” гэрчилнэ гэдэг зовлон мэт. Гэхдээ би буяны тухай юугаа мэдэх билээ. “Буян гэдэг аз жаргал юм. Аз жаргалыг алс холоос эрэх хэрэггүй. Нэгэн өдрийг ч болов сэтгэл амгалан, хоолтой дулаан өнгөрүүлнэ гэдэг ч их буян, аз жаргал юм шүү” гэж лам багшийн минь хэлдэг санаанд орж байна. Энэ өдөр миний хувьд тэр их буяны дээр, гэмшил, гэгээрлийн үелзэлд хэсэгхэн ч болов автаж өнгөрөөсөн аз жаргалтай ховор өдөр өө.

 


Э.Эрдэнэсувд
Бээжин хот
2015.05.17

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100