CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

“Согтуу” Либай, “Саран мэт” Ян Гүйфэй нарын домог

07-10-2015 11:29

 

Хүлс хаднаа нар тусахуйяа бор утаа борхирон
Хүрхрээний ус голд унахыг алс холоос хармой
Хөөсрөн урсах, нисэн дэгдэх, гурван мянган тохойг
Хөх огторгуйгаас тэнгэрийн гол буув гэж санав аа...

 
Эрхэм уншигч абугай “согтуу” хэмээн алдаршсан Тан улсын яруу найрагч Либайгийн тухай олонтаа уншиж, сонссон биз ээ. Тэгвэл энэ удаад түүний тэнгэрлэг хайр сэтгэл, өвөрмөц аж амьдралын тухай нэгэн домгийг өгүүлж мэдлэгийн далайд тань дусал нэмсү. Либай баян худалдаачны гэрт төрж, хар багаасаа ном эрдэмд шамдан, шүлэг зохиол бичиж, илдний урлагт суралцжээ. Тэрбээр нэгэн үе сайн эрстэй нийлж ядуу дордсыг өмгөөлөн баяд ноёдтой тэмцэж явсан бол нэгэн үе Тан улсын Шюаньзун хаанд ойр шадар явж ордны амьдрал, баян тансагт умбаж байсан гэдэг. Либайгийн тухай элдэв домгийг ард олон ам дамжин ярьж, яруу шүлэг дууллыг нь шагшин магтсаар ирсэн юм.

 
Харин Ян Гүйфэй бол Хятадын түүхэнд мөнхөрсөн хамгийн гоо үзэсгэлэнт дөрвөн бүсгүйн нэг билээ. Түүний амьдрал Хятад, Японы түүх, Тан улсын Шюаньзун хаантай гүн гүнзгий холбоотой учир хятад, японы ард түмний дунд домог болон үлджээ. Ян Гүйфэйгийн жинхэнэ нэрийг Юйхуань гэдэг. Юйхуань уг нь Тан улсын Шюаньзун хааны хөвгүүн Лимаогийн сул хатан байсан юм. Гэвч түүний хадам аав Шюаньзун хаан Юйхуанийг ихэд таалж, зарлигаар ордонд оруулж, хатнаа болгожээ. Түүнийг өмнөд ордондоо суулган, Тайжэнь цол соёрхжээ.

Хожим түүнийг Тайжэнь ордноос явахад их хатантай дүйцэхүйц эрх ямба олгож, Гүйфэй буюу эрхэм татвар хатан гэсэн цол хайрласан юм. Тэр үед хаан 56 настай, Гүйфэй 22 настай байв. Ян Гүйфэй үзэсгэлэнтэй сайхан төрсөн төдийгүй дуу хөгжим, бүжигт гаргууд авьяастай байжээ. Шюаньзун хаан түүнд “Солонгон өнгөт өдөн дээл” хэмээх шүлэг бичиж өгөхөд Ян Гүйфэй уншаад далд утгыг нь ухаарч хаанд талархан тэнгэрийн дагина газар буусан мэт сайхан дуулж бүжжээ. Үүнд Шюаньзун хаан тэсгэлгүй баярлан Ян Гүйфэйг ховор эрдэнэ мэт үзэж, хайрлаж санах нь цаглашгүй болсон гэдэг.

Нэгэн удаа Шюаньзун хаан Нюй-Ар хэмээх үзэсгэлэнт ууланд гарахад хувилгаан аршийн оронд очсон мэт гүн сэтгэгдэл төрж гэнэ. Уулнаас хосгүй сайхан хөгжмийн дуу сонсоод ордондоо буцсаны дараа, түүнийгээ Энэтхэгийн нэг хөгжмийн аятай зохилдуулж “Солонгон өнгөт өдөн дээл” хэмээх шүлгээ бичсэн гэж ардын домог ярианд өгүүлдэг. Өөр нэг домогт, Шюаньзун хаан Гүйфэй хатнаа дагуулж, Дамин ордны Тай-Е нуурын хөвөөгөөр цагаан лянхуа үзэх үедээ Гүйфэй рүү зааж “Лянхуа хэдий сайхан ч дүрс байгаад ухаан санаа үгүй. Үгээр зүйрлэмгүй миний цэцэгт үл хүрэх ажээ!” гэснээс хойш, “Үгээр зүйрлэмгүй цэцэг” гэдэг үг хожмын хүмүүсийн сайхан бүсгүйг магтах өвөрмөц хэллэг болсон юм.

Гүйфэй саран мэт дугуй цагаан царайтай, авир ааш ялдам, авьяас билэг хэтийдсэн, хосгүй үзэсгэлэнт бүсгүй байв. Либайг “Саранд дурласан” гэдэг ёгт санаа бөгөөд үнэндээ “саран мэт” Гүйфэйд дурласан билээ. Тэр үед Либай Шюаньзун хааны зарлигаар Ян Гүйфэйд олон шүлэг найргаа зориулж, тэр бүхэндээ түүнийг сартай зүйрлэж байлаа.

Дэрэн дээрх гэгээн сарны гэрлийг
Дээрээс унасан хяруу гэж гайхаад
Дээш харж тунгалаг сарыг ширтээд
Доош харж төрсөн нутгаа санав аа..
.
Либай өөрөө “тэнгэрийн сар”-ны гоо үзэсгэлэнд унаж дурласны үрээр Ян Гүйфэйд бичсэн үг бүхнээс нь даль жигүүр ургаж үнэнхүү тансаг яруу найраг бүтсэн биз ээ. Гэвч тэр эзнийхээ хайртай хатанд сэтгэлээ нээх нь бүү хэл эгцлэн ширтэж зүрхлэхгүй тул түүндээ ихэд шаналж, гансарсан сэтгэлээ хатуу дарсаар тайтгаруулан:

Цэцгийн дунд нэгэн хувин архитай
Цэмцийн сууж ганцаар согтном, би
Гэгээн сүүдэр гурван хүмүүн болов оо...хэмээн шүлэглэж явжээ.
 
Ян Гүйфэй, Шюаньзун хааны амин хайртай хатан байсан болохоор түүний төрөл төрөгсөд их шан хишиг хүртэж ноёны зэрэгт дэвшжээ. Гүйфэйгийн гурван эгч төрийн хатад, ах дүү нар нь том ноёд болов. Шюаньзун хаан Ян овогтын удмын хүнийг баруун гарын чинсанд өргөмжлөн, төрийн жолоог атгуулжээ. Хаан өөрөө төрийн хэргийг сонирхохоо больж, Гүйфэй хатны өнгө, гүц дарсны охинд хэтэрхийеэ шунан тачаасны учир Тан улсын төр доройтон буурч, зөрчил тэмцэл хурцдан, эцэстээ Аньшигийн бослого дэгдэв. Босогчид Шюаньзун хааныг юуны өмнө “улсын эзэн байтлаа ёс журмаас тэрсэлж өөрийн төрсөн хөвгүүний сул хатан Ян Гүйфэйг булааж хатнаа болгосон” хэмээн буруутгаж байсан юм.  

Шюаньзун хаан айж балмагдан, элдэв арга сүвэгчилж, уурлаж түрхэрсэн олныг номхруулах уран арга хайж сайд түшмэд, сэцэд мэргэдтэйгээ өдөр бүр зөвлөн ярьж архи дарс, зугаа цэнгэлээ түр хойш тавьжээ. Тэр цаг үед хятадын ард түмэн шүлэг найрагт үнэн голоосоо дуртай, ялангуяа их найрагч Либайгийн шүлгийг хүн бүр цээжээр мэддэг, найр хуримын үед бахархан уншдаг байсан гэлцдэг. Тийм ч учраас Шюаньзун хаан Либайд ард олны уур омог дарагдахуйц нэгэн сайхан шүлэг бичих зарлиг буулгаж уух дарс, муутуу цаас, бийр янтайг нь бэлдэж өгчээ.

Либай хэдэн шөнө сууж “Хаан эзэн бол тэнгэрийн хөвгүүн, Гүйфэй бол тэнгэрийн саран, тэдний хайр дурлал бол тэнгэрийн санаа, эгэл ард бид тэнгэрийн зориг санааг хэрхэн ухах билээ, тэнгэрийн зарлигийг тэрсэлж яахан болох билээ” гэсэн утгатай, сонссон бүхний сэтгэл уярч, өөрийн эрхгүй нулимс бөмбөрмөөр сайхан шүлэг бичиж өгч гэнэ. Шюаньзун хаан ордны олон бичээчийг өдөр шөнөгүй суулган шүлгийг хэдэн мянган хувь хуулуулж тарааснаар олны сэтгэл уяран номхорч, тэр удаад эзэн хаан аврагдсан гэдэг.    

Гэвч энэ амар амгалан байдал удаан үргэлжилсэнгүй. Нэгэнт доройтсон Тан улсын төр улам бүр ялзарч, ардын амьдрал ядууран, бослого үймээн дахинтаа дэгдэх болов. Эцэстээ Шюаньзун хаан аюулаас зайлан дутааж, Мавэй өртөөнд очиход цэрэг жанжид нь урваж, ард иргэдийн уур хилэнг дэгдээсэн Ян овогт чинсанг алсан бөгөөд Ян Гүйфэйг алахыг Шюаньзун хаанаас шаарджээ. Хаан аргагүйн эрхэнд уйлан хайлан байж хайрт хатан Гүйфэйдээ амиа тэвчих зарлиг буулгав. Ийнхүү Гүйфэй Мавэй өртөөний сүмийн өмнөх лийрийн модноос боомилж үхсэн гэдэг.

Тэр үед Ян Гүйфэй 38 настай байжээ. Ардын дунд уламжлагдсан нэгэн домогт, Гүйфэйгийн өрөөсөн гутал мултарч унасныг нэг хөгшин олж аваад, түүгээр өнгөрөх замын хүмүүст мөнгөөр үзүүлж баяжсан гэлцдэг. Ян Гүйфэйгийн үхлийн тухай домог олон бий. Зарим нь Гүйфэй алагдаагүй, түүний өмнөөс золионы хүнийг алсан гэнэ. Хятадын “Улаан асрын зүүд” зохиолыг судлаач нэрт эрдэмтэн Юй Пинбө дээрх үзлийг баримталдаг. Тэр, “Тухайн үед түүний өмнөөс ордны нэг охиныг боомилж алсан юм. Ян Гүйфэй нуугдан зугтсаар Японд очсон. Ян овогт чинсаны хүүгийн эхнэр болон ач Ян Хуань ч Гүйфэйтэй хамт зугтсан” хэмээн үздэг. Ян Гүйфэй Японд байхдаа Японы хаанд тусалж ордонд гарсан хуйвалдааныг дарсан гэж домогт өгүүлдэг. Японд Ян Гүйфэйгийн хэмээх хоёр ч бунхан бий.

1963 онд нэг япон охин зурагтаар өөрийгөө Ян Гүйфэйгийн удам угсаа, хойч үе хэмээн батлан ярьсан юм. Японы нэрт жүжигчин Ямагүчи Момое өөрийгөө Гүйфэйгийн хойч үе хэмээдэг. Японд Ян Гүйфэйгийн тухай олон домог бий. Нэгэн домогт, Ян Гүйфэйгийн өмнөөс золионы хүн алагдсан гэдэг. Ян Гүйфэй тэр үед Японы Ямагүчи кенд зугтаж очсон байв. Цэргийн жанжин Чэнь Шюаньли бээр Гүйфэйгийн үзэсгэлэнт өнгө зүсийг хараад мянгантаа санаа алдан, алж төвдөхгүй тул Гүйфэйгийн оронд өөр охиныг хөнөөжээ. Ингээд Ян Гүйфэй Чэнь Шюаньлигийн шадар хүмүүсийн хамгаалалтан дор өмнө зүг дутааж, Шанхай орчмын нутгаар далайд гаран, Японд очсон гэлцдэг.

Шюаньзун хаан Аньшигийн бослогыг дарангуйлж түвшитгэсний дараа, тэнгист хүн илгээн, Ян Гүйфэйг эрүүлжээ. Эрлийн хүмүүс Хисазү хэмээх газар Ян Гүйфэйтэй уулзаж, хааны бэлэглэсэн хоёр бурхны хөргийг өгөхөд хариуд нь үсний хаш хатгуураа бэлэглэн талархал илэрхийлжээ. Тэр хоёр бурхны хөргийг Японы Хисазү нутгийн сүмд одоо хүртэл тахисаар байгаа гэдэг.

Хожим Гүйфэйг нас барахад Хисазүд оршуулсан бөгөөд бунхан дээр нь таван суварга бүтээсэн нь одоо ч хадгалагдаж байна. Бунхны өмнө хоёр модон хавтас бий бөгөөд түүний нэг дээр таван суваргын тайлбар, нөгөө дээр түүний тухай “Оньсого таавар, үлгэр домог шиг амьдарсан Ян Гүйфэйгийн бунхан. Тан улсын VI эзэн хаан Шюаньзуны хайрт хатан Ян Гүйфэй” хэмээн бичжээ. Япончууд Ян Гүйфэйгийн бунханд мөргөвөл царайлаг хүүхэд төрүүлнэ хэмээн итгэдэг. Өдгөө, Япон улс Гүйфэйгийн бунхныг аялал жуулчлалын газар болгон хөгжүүлж, түүнийг олон нийтэд нээлттэй болгохоор идэвхтэй бэлтгэл хийж байгаа ажээ.
 
Гүйфэй үгүй болсны дараа Либай "Зүүд мэт хоосон амьдралыг сэтгэлээ зугаацуулж барнаахаас өөр зам үгүй" хэмээн үргэлж дарс ууж согтууран “саранд зориулсан” шүлгээ тэрлэсээр байжээ. Тэрбээр нэгэн удаа тэнгист завиар аялах үедээ усанд туссан сарны дүрсийг хараад, хөлчүү ухаандаа үзэмж төгс байдлыг нь Ян Гүйфэйтэй эндүүрч тэвэрч авна хэмээн далайн усанд үсэрч нас барсан нь яруу найрагч хүний тэнгэрлэг үхэл байсан биз ээ. Либай өөрийн гэсэн онцгой өнгө аяс, цаг үеийнхээ нийгмийн байдлыг тод томруун тусгасан 900 гаруй уянгын шүлэг бичиж үлдээсэн нь өнөө хэр уламжлагдан үлдсэн байна.

Хятадын эртний нийслэл Ши-Ань хотод Либайгийн яруу найргийн цамхаг бүхий цэцэрлэгт хүрээлэн бий. Тэр цамхаг эгц өндөр шаттай, ханан дээр нь Либайгийн сэтгэл догдлон бичсэн шүлгүүдийг сийлсэн бөгөөд, өмнө нь түүний гантиг хөшөө бий. Хөшөөнд Либайг хажуулдан хэвтэж буйгаар дүрсэлсэн нь түүнийг ихэвчлэн хөлчүү байдгийг нь бэлэгджээ. Либай Ян Гүйфэйд дурласан сэтгэлдээ шатан багтарч ядахдаа тэр цамхагт гарч шүлгээ уншдаг байсан гэж нутгийн ард иргэд домоглон ярьсаар байна.

Их найрагчийн тэнгэрлэг хайр сэтгэлийн тухай бяцхан домгийг өгүүлэгч миний бие тэртээ арав гаруй жилийн өмнө Либайд зориулж бичсэн шүлгээ уншигч танаа өргөн барья. 
 

                    ЛИБАЙ

Янаг сэтгэлийн хурмастад сарны өнгөөр бадамласан
Ян Гүй Фэйгийн үзэсгэлэнд тэнгэрийн хөвгүүн ч сөхөрнө
Билэг танхай Либайгийн согтуу ухаанаас төрж
Бийрээр таталсан шүлэг эзэн хааныг ч аврана

Тан улсын тас харанхуй тэнгэрийг цуулаад
Амраг бүсгүйгээ чи уулын цаанаас ургахыг гиюүрэн хүлээхдээ
Дэн барин түүндээ л гэж түүсэн ч өгч чадаагүй
Алтансаргай цэцэг бол би байсан юм шүү

Мянга илүү оны хойно Ар Халхын өндөрлөг дээр
Уйтгарлан суухад минь хацар дэрлэн урсах цас болсон
Насан залуу шүлэгч чи улам уяхан болоо юу
Надад дурласан бүсгүйн энгэсэг болооч Ли бай

Солир шатан урсах үзэсгэлэн гоо орчлонд
Согтуу гажигаараа дуудуулах тавиланг чинь үүрэн алхах
Салхи шиг дураар хэрнээ гуниглаж бас чаддаг
Сагсуу шүлэгч миний онгод болооч Ли бай

Чамд шүлэг бичмээр байна, бийр минь болооч Ли бай
Чангаанзны дарс уумаар байна, бутан минь болооч Ли бай
Урьд чамайг сархад залгилахад би лүү чинь байсныг санаач
Урин саранд хайртай байхад чинь чамд дурласан охин байсныг бодооч

Майхны ваадан дэрвүүлсэн сэрүүн сэвэлзүүр шөнөөр
Амраг бүсгүйн чинь хацрын гэгээнд чамайг магтъя гэтэл
Хайрт чинь чамдаа яараад толгод даван одлоо
Одоо надад лаа алга гүн харанхуй болжээ

Аваргатосон 2003 он

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100