CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

ХАДААСАН БАЛГАС

07-10-2015 09:50

                                                                           Нэг.

Монгол улсын Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун тийш 12 км зайд, Харбухын голын урд хөвөөнд буй[ Х.Пэрлээ. Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон. УБ., 1961.] холоос сүр бараатай, хуучин хотыг нутгийн ард олон Хадаасан балгас, Харбухын балгас хэмээн хоёр янзаар нэрийддэг[ Д.Цэвээндорж, Д.Баяр. Монгол нутаг дахь соёлын үл хөдлөх өвийн хадгалалт, хамгаалалт. УБ., 2006,181-р тал] бөгөөд тэрхүү дурсгалыг “Номгүй хунтайж” хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав хэмээн хуучилдаг. Түүгээр ч барахгүй XX зууны эхэн үед түүгээр нутаглаж байсан Цогт тайжийн үрийн үр Эелдэнзасаг Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ. Зарим мэдээнд их шавийн Чандмань тойн, Ширээт нар байгуулсныг Галдан бошгот эвдсэн[ Х.Пэрлээ. Монгол ард улсын эрт дундад үеийн хот суурины товчоон. УБ., 1961, 124-р тал] гэх нь бий.

Хадаасан балгасны араар 600 метр зайтай урсах Харбухын гол Туул голын ай савд багтана. Харбухын голын хөндийд эрт балраас хүн суусаар ирсэн бөгөөд тэр бүс нутагт хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XVll зууныг хүртэл олон үеийн соёлын дурсгал бий. Тэдгээрээс хамгийн нэрд гарсан дурсгалын нэг бол Хадаасан балгас мөн. Тус хотын өмнө талд 1 км зайд Хадаасан толгой, 3 км зайд Буурал уул, зүүн талд Борогчингийн бор тал, Бөөр нуур, түүний цаана 5 км орчим зайд Ямаат уул байна. Хэрмийн баруун талд буй галт уулын гаралтай хүрмэн чулуу бүхий Хүрэмт хэмээх жижиг уулнаас эх авсан Намуун булаг баруун өмнөд зүг урсаж Харбухын голд цутгана. Хадаасан балгас умард өргөрөгийн 47° 52’ 249, дорнод уртрагийн 103° 53’ 051, далайн түвшинээс дээш 1015 метрийн өндөрт оршино.[ А.Очир, Л.Эрдэнэболд, А.Энхтөр. Хар бухын балгасыг малтан шинжилсэн урьдчилсан үр дүнгээс. Археологийн судлал. Тоm XXII, fasc 16. ]

Тус хот дөрвөлжин хэлбэртэй, хэрмийн зүүн болон хойт хана хэмжээгээр адилгүй тул тэгш хэмтэй болж чадаагүй аж.[ А.Очир, А.Энхтөр, Л.Эрдэнэболд. Хар бух балгас ба Туул голын сав дахь хятаны үеийн хот, суурингууд. УБ., 2005, 14-р тал] Хэрмийн дөрвөн тал ертөнцийн зүг чигийн дагуу тус бүр гадагш түрж гарсан том чих бүхий сонор үүдтэй, дөрвөн үүдийг холбосон өргөн гудамж хотын төв хэсэгт огтлолцсон байна. Гол гудамжнаас салбарласан олон жижиг гудамжны ор мөр ихэд бүдгэрчээ. Тэрхүү огтлолцсон төв гудам хотыг дөрвөн хэсэгт хуваах бөгөөд тэдний нэгд хожим чулуун барилгууд барьжээ. Үлдсэн гурван хэсэгт эрт цагт шавар тоосгоор үйлдсэн олон арван барилгын ор суурь, овгор шороон далан, баганы суурь чулууд тааралдана. Зарим байшин гадуураа тусгай шавар хэрэмтэй байсны ул мөр мэдэгдэж байна.[ Х.Пэрлээ. Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон. УБ., 1961, 66-67-р тал]

Хэрмийн хойд тал 660, зүүн тал 760, урд тал 670, баруун талын хана 690 метр урт[ А.Очир, А.Энхтөр, Л.Эрдэнэболд. Хар бух балгас ба Туул голын сав дахь хятаны үеийн хот, суурингууд. УБ., 2005, 14-р тал], өргөөшөө сууриараа 29 метр, дээгүүрээ 4 метр, өдгөө хэрмийн далан ихээхэн нурж, газраар тарж, 2-2,5 метр өндөр болжээ. Түүний дөрвөн талыг тойрсон олонцонжтой, цонж хоорондын зай 15-20 метр. Хэрмийг нарийн ширхэгтэй шар шавар, шороогоор үелүүлэн дагтаршуулж хийсэн нь тодорхой мэдэгдэх ба зарим хэсэгт шар хүрэн өнгийн шавар үе ялгарч харагдана. Тус хотын гадна талаар суваг шуудуу байсан нь тод ялгарах бөгөөд зузаан 3-3,5 метр байна.[ А.Очир, Л.Эрдэнэболд, А.Энхтөр. Хар бухын балгасыг малтан шинжилсэн урьдчилсан үр дүнгээс. Археологийн судлал. Тоm XXII, fasc 16.]  

Хэрмийн дотор тал, ойр орчимд хятан маягийн дусал хээтэй вааран суулгын хагархай, шаазан эдлэлийн хэлтэрхий олноороо хөсөр хэвтэнэ. Зарим вааран сав lX зууны үеийн Уйгарын дурсгалтай ижил агаад тэндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн сав нутгаар ч өргөн тархсан[ Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал. УБ., 1999, 188-189-р тал] байсныг судлаачид олж тогтоосон байна. Хадаасан балгаснаас олддог вааран савны хагархай ихэвчлэн толигор гадаргуутай, хээтэй, гадагш ирмэгдүүлэн гаргасан амсартай, ихэвчлэн эргэх хүрдэн дээр хийсэн байдаг. Вааран савны олонх нь хэмжээгээр том, айраг, дарс, үр тариа хадгалах зориулалттай байжээ. Томоохон вааран савны ханын зузаан дунджаар 0.2-0.4 см хэмжээтэй аж. Эл дурсгалын эргэн тойронд хуучин тариа, ногоо тарьж байсны ул мөр болох тариалангийн тариг, услалтын суваг шуудны ор, тариа будаа цайруулж байсан чулуун уур, тээрмийн чулуу тааралдах ажээ.[ А.Очир, А.Энхтөр, Л.Эрдэнэболд. Хар бух балгас ба Туул голын сав дахь хятаны үеийн хот, суурингууд. УБ., 2005, 16-р тал]

                                                                           Хоёр.

Хадаасан балгасыг дэлхий дахины эрдэмтэд сонирхон шинжлэх болсон нь Монгол улсад археологийн судалгааг эхлүүлсэн XIX зууны сүүл үед холбогдох юм. Хотын турийг анх удаа шинжлэх ухааны зорилгоор тодорхойлсон хүн бол тухайн үед Нийслэл Хүрээнд сууж байсан Оросын Консулын газрын төлөөлөгч И.В.Падерин[И.В. Падерин. О Каракоруме и о других развалинах близ Орхона. // Известия Императорского Русского Географического Общества IX, 1893. Стр 356 ] юм. Тэрбээр 1870 онд Монголын эртний нийслэл Хархорумын турийг эрж олох зорилгоор түүх дурсгалаар нэн баялаг Орхон, Туулын хөндийгөөр аялж, хуучин хот балгадыг үзэж, тэдгээрийн түүхийн тухай нутгийн ард түмний домог, хууч яриа тэргүүтнийг тэмдэглэн авч бичгийн сурвалжийн мэдээ, жуулчдын тэмдэглэлтэй харьцуулан түүхэн үнэнийг тогтоохыг зорьжээ.[ У.Эрдэнэбат, Х.-Г.Хюттель, Д.Цэвээндорж. Уйгурын нийслэл Хар балгасыг археологийн талаар шинжлэн судалсан тойм. Археологийн судлал. Tom (IX) XXIX, f 17, УБ., 2010  ] Түүний дараа 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев, 1891 онд В.В.Радловын удирдсан судалгааны анги ирж тодорхойлолт, дэвсгэр зураг үйлдэж, судалгааны эргэлтэнд оруулсан юм.[ Сборник трудов Орхонской экспедиции I. 1892 г, вып. II. 1893 г, вып III. 1896 г, вып.  IV. 1899 г.,] 1909 онд Финийн эрдэмтэн Ж.Г.Грано тэргүүтэй судлаачид Хадаасан балгаст ирж фото зураг авч хэвлүүлжээ.[ J.G.Grano. Archaologishe beobachtungen von meiner reise in Suedsibirien und der nordwest mongolei im Yahre 1909. Helsingfors. 1910. Дам эшлэв] 1933-1934 онд Монгол улсын Шинжлэх Ухааны Хүрээлэнд ажиллаж байсан Оросын судлаач Д.Д. Букинич[ Д.Д.Букинич. Общий отчет по археологическим работам за 1933-1934 г. Монгол Улсын ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн гар бичмэлийн сан  Ф-9, Т 11, ХН-23] Хадаасан балгасны дэвсгэр зургийг хийжээ.  Харин анхны малтлага судалгааг 1940-өөд оны сүүлээр Зөвлөлтийн нэрт археологич С.В.Киселев[ С.В.Киселев. Древнемонгольские города”. М.,1965.] хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр хэрмийн дотор буй Хятаны үед холбогдох шороон овгоруудыг бага сага малтлан шинжилжээ. 1970-аад онд Х.Пэрлээ, Э.В.Шавкунов нар Хадаасан балгасны нэгэн суварганд малтлага хийж дундад зууны Монголын бичиг соёлын үнэт дурсгал болох үйсэн номнууд илрүүлэн олж, дурсгалын дэвсгэр зургийг үйлдэн, Хадаасан балгас Хятаны үед холбогдоно[ Х.Пэрлээ. Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон. УБ., 1961. 52-р тал] хэмээн он цагийг тогтоожээ. Тэрхүү үйсэн номнууд хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, мөрийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага туршлага бүхий олон бичээчийн уран гараар бүтсэн зүйл байжээ. Тэдгээр номд тухайн үеийн төрийн зүтгэлтэн Түшээт хан аймгийн Хөндлөн Цөхүр Түмэнхэн Сайн ноён, Засагт хан аймгийн Сэцэн тайж, Засаг барьсан Дархан түшээт ноён, Дайчин баатар ноён, Цогт тайж зэрэг түүхт хүмүүсийн нэр гардаг.[ Д.Цэвээндорж, Д.Баяр. Монгол нутаг дахь соёлын үл хөдлөх өвийн хадгалалт, хамгаалалт. УБ., 2006, 182-р тал]

2002-2003 онд “Хар бух” нийгэмлэгийн санхүүжилтээр ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн хамтарч Хадаасан балгасны чулуун хэрэм доторх гол барилгын зүүн тасалгааг малтан судалсан юм. Малтлага судалгаагаар бурхны шашны холбогдолтой эд өлгийн зүйлс болох тахилын чулуун ширээ, гуулин цөгц, шүншигний шатаасан цац, зэс бумба, бурхны шашны зан үйлийн тухай бичсэн үйсэн номын тасархай, өөр өөр цаг үед холбогдох вааран савны хагархай олноор илэрчээ. Тэр барилга улаан шавар дагтаршуулан пааландаж хийсэн шалтай, шатаасан улаан шавраар ханыг шавардаж, туурганд нь гоёмсог зураг урласан байжээ. Малтлагын явцад барилгын багана мод, баганын суурь, хээтэй, хээгүй элдэв янзын тоосго цөөнгүй олдсон байна.[ А.Очир, А.Энхтөр, Л.Эрдэнэболд ба бусад. Хар бухын балгасны малтлага судалгааны ажлын тайлан. ШУА-ийн АХГБС. 2002]

Хадаасан балгасыг малтсан судлаачид түүнийг хоёр өөр цаг үед холбогдоно, өөрөөр хэлбэл эхлээд хятанчууд тэнд хэрэм бүхий хот барьсан бөгөөд хожим XVII зууны үед хэрмийн дотор талд чулуун барилгууд байгуулжээ[ А.Очир, А.Энхтөр, Л.Эрдэнэболд. Хар бух балгас ба Туул голын сав дахь хятаны үеийн хот, суурингууд. УБ., 2005, 11-р тал] хэмээн үзсэн юм. Тэд: Хятан улсын үед барьсан энэ том хэрмийн дотор хожуу үеийн бүтээл болох том, жижиг, нэгээс хоёр давхар нийт 12 барилга, 5 суварга байжээ. Хожим барьсан тэдгээр чулуун байгууламжийг малтан судалсны дүнд Хятан улсын үед болон XVI-XVII зууны үед холбогдох асар олон тооны эд зүйлсийг илрүүлсэн гэжээ.  

                                                                           Гурав.

Өвөр Монголын судлаач Гүо Ай (郭爱), Вэн жүн (文俊) нар “Жэнь жөү (镇州) Туул голын баруунтай, Хадаасан балгасны зүүн талд байна... Жэнь жөүгийн баруун талд Хадаасан балгас, Хадаасан балгасны баруун тал, Орхон голын баруун тохойдэртний Уйгурын хотын турь байна.[ “也谈耶律大石西行所至可敦城”,郭爱,文俊,”内蒙古金融研究” ,2003年S 4期32-33页]” хэмээсэн байдаг. Харин хятадын судлаач Ван Шү Лан (玉淑兰) “Чинтолгойн балгаснаас хорин км зайтай Харбухын голын хөвөөн дэх Хадаасан балгасыг үзэхэд Вэй жөү (维州) болов уу гэсэн сэтгэгдэл төрнө[  玉淑兰:”历史地理视角下的辽代城市研究” ,东北师范大学博士学位论文,2011年5月 144-146页]” гэжээ. Тэгвэл Сиань Цүнь Сун (项春松) “Ляо улсын цэрэг баруун хойт хязгаарыг эзлээд Жэнь жөүгээс (镇州) гадна Фань (防), Вэй (维) хэмээх хоёр жөү байгуулжээ. Тэр хоёрын нэг нь Чинтолгойгоос зүүн тийш байдаг Талын улаан балгас, нөгөө нь Чинтолгой балгасны баруун талын Хадаасан балгас мөн. Чухам аль нь Талын улаан балгас, аль нь Хадаасан балгас болох нь тодорхойгүй байна[   项春松:”辽代历史与考古”, 内蒙古人民出版社,1996年8月154页]” гэжээ.

Хадаасан балгаст малтлага судалгаа хийсэн А.Очир нар “Хотын шороон хэрэм, барилгын орууд Хятан гүрний үед холбогдох бөгөөд тийн үзэх гол үндэслэл нь Хятан улсын үеийн хот болох Чинтолгойн балгаснаас олдсон хятан бичээст ваартай ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Түүнчлэн эртний судлалын ном зохиолд “Кидан хээ” хэмээн нэршсэн хурц үзүүртэй зүйлээр хонхойлгон зурж гаргасан ухам хээтэй (дусал хээ) сав суулгын хагархай энэ хотоос олон тоогоор олддог нь түүнийг давхар гэрчилж байгаа юм[ А.Очир, Л.Эрдэнэболд, А.Энхтөр. Хар бухын балгасыг малтан шинжилсэн урьдчилсан үр дүнгээс. Археологийн судлал. Тоm XXII, fasc 16.]” гэжээ. Мөн: Эртний Нанхиадын түүхэн сурвалжийн “нүүдэлчдийг дарангуйлан захирах зорилгоор монгол нутагт Хятанчууд хоёр тойрог, долоон хот суурин байгуулжээ[ Б.Батсүрэн. Монголын эртний улсуудын нутаг дэвсгэр. УБ., 2003, 60-61-р тал]” хэмээх мэдээ, баруун хойт хязгаарын Зү Бө (阻卜) олон аймгийг баримтлан захирч, илбэн тохинуулахаар гурван хот дараалан барьсан гэж нанхиад сурвалжид дурдсан тэр гурван хотын нэг нь Жэньжөү буюу Чинтолгойн балгас юм. Чинтолгойн балгас, Хадаасан балгаснаас төдий хол бус, барааны газар орших ба түүнээс зүүн тийш Талын улаан хэмээх балгас буй нь түүх сударт гурван хот дараалан барив гэдэгтэй дүйх ба тэр гурван хотоос олддог вааран савны хагархай, барилгын материал ижил, хэрэм барьсан арга барил адил байгаа нь сурвалжид дурдсан гурван хотын нэг Хадаасан балгас байж болох юм гэсэн таамаг төрүүлж буй юм[ А.Очир, Л.Эрдэнэболд, А.Энхтөр. Хар бухын балгасыг малтан шинжилсэн урьдчилсан үр дүнгээс. Археологийн судлал. Тоm XXII, fasc 16.]” гэжээ. 

Хятадын судлаач Ян Шү Сэн (杨树森). “Ляо улсын улсын сударт (辽史) тэмдэглэсэнээр Хятад, Бө Хай (渤海), Ниү Жи (女直) зэрэг долоон зуун өрхийг Жэнь (镇) , Фань (防), Вэй (维) гурван жөүд хуваан суулгажээ. Тэр гурвын Жэнь жөү (镇州) нь одоогийн Монгол улсын Булган аймгийн нутаг Хадаасан балгасны зүүн талын Чинтолгой балгас юм. Вэй жөү (维州) бол Монгол улсын Булган аймгийн нутагт буй Хадаасан нэрт эртний хот мөн. Харин Фань жөү (防州) бол Туул голын дунд урсгалын баруун эрэгт бий[  杨树森:《<辽史. 地理志>所记辽朝北界辩误》,《东北师大学报》,1991年4期38页]” хэмээсэн байдаг.

А.Очир нар “Хадаасан балгаст Хятаны хил хамгаалах цэрэг сууж байжээ. Балгасны орчин тойронд тариалангийн суваг, шуудуу, тээрмийн болон нухуур чулууныхагархай, тариа цайруулах ин чулууд байгаа нь хятан цэргүүд тариа тарьж хүнсэндээ хэрэглэж байсны илрэл юм. Балгасны дөрвөлжин том шороон хэрмийн хойно намхан шороон хэрэм байсны ул мөр одоо ч мэдэгдэж байна. Тийм бага хэрмүүдэд тариачин цэрэг, Зөрчидийн Алтан улсаас авчирсан ялтнууд сууж, хүнсний ногоо, тариа тарьж  байсан бололтой. Хадаасан балгасны тууриас олдож буй Хятаны үеийн барилгын материал, ахуйн хэрэгцээний зарим вааран суулгыг орон нутагтаа үйлдвэрлэж байсан гэмээр байна. Тус балгасны баруун хойно Хар бух голын зүүн эрэгт буй нэгэн овгороос ваарны хагархай, үлдэгдэл бөөнөөр олдсон бөгөөд тэнд ваар шатааж, усаар хөргөж байсан болов уу. Хятан улсын үед байгуулсан тэрхүү хуучин хотын турь дээр XVl-XVll зууны үед Монголчууд сүм барьж  ашиглаж байжээ. Малтлагаар шашны үйсэн номын хуудас, шавар болон зэс бурхад, хонх, цөгц, тахилын ширээ гарсан нь тус хот шашны хүрээ хийд байсны нотолгоо мөн. Тэрчлэн чулуун өрлөгт суваргууд, барилгуудын өмнөд этгээдэд залгаж байгуулсан чулуун хүрээ, барилгын зохион байгуулалт сэлт ч түүнийг давхар нотлоно. Харин хэний үүсгэн байгуулсан, ямар нэртэй хүрээ байсныг тодруулах баримт нотолгоо одоогоор олдсонгүй. Юу ч атугай XVl-XVll зууны үед Халхын Түшээт хан аймгийн хутагт, ноёдын хэн нэгний байгуулсан хүрээ байсан нь дамжиггүй[ А.Очир, Л.Эрдэнэболд, А.Энхтөр. Хар бухын балгасыг малтан шинжилсэн урьдчилсан үр дүнгээс. Археологийн судлал. Тоm XXII, fasc 16.]” гэжээ.

Өвөр Монголын судлаач Сүн Гүодүн (宋国栋) “ Чинтолгойн балгаснаас зүүн тийш 23 км зайд Талын улаан балгас, баруун тийш 27 км зайд Хар бухын балгас бий. Чань Чүн бомбын (邱处机) тэмдэглэлд Хятаны тэр хотын зүүн баруун хоёр талд эртний хот байна хэмээсэнтэй нь Чинтолгой балгасны газарзүйн байрлал тохирч байгаа мэт боловч Чинтолгойн балгас, Харбухын балгас, Талын улаан балгас гурвыг нэг дор энгийн нүдээр харах боломжгүй, хоорондоо дэндүү хол зайтай байна. Нөгөөтэйгүүр Чань Чүн бомба (邱处机) энэ гурван хотыг яг дарааллан дайрч явсан гэж үзэх үндэслэл муутай байна.... Чинтолгой балгаснаас зүүн хойт зүгт 25 км зайд байгаа Харбухын балгас болон 35 км-ын зайд байгаа Хэрмэн дэнжийн балгас л Ляо улсын сударт (辽史) өгүүлсэн дээрх тэмдэглэлтэй тохирч байна...  Жэнь жөүг (镇州) эртний Хатан хотын суурин дээр байгуулжээ. Харбухын балгасыг эрт цагт сэлбэж зассан шинж үгүй бөгөөд хотын талбай тун бага. Иймээс Жэнь жөү (镇州) хотыг Хадаасан балгас хэмээн үзэх үндэс алга.[ “蒙古国青陶勒盖古城研究”,宋国栋,内蒙古大学硕士学位论文,2009年5月33-34页]” хэмээсэн байдаг.

                                                                            Дөрөв.

Бид Хадаасан балгасыг анх хил хамгаалах цэрэг суулгах зорилгоор Хятан улсын үед байгуулсан, тэрхүү хуучин хотын турь дээр хожим XVl-XVll зууны үед монголчууд хүрээ хийд барьж ашигласан гэдэгтэй санал нийлж байна. Гэвч Ляо улсын судар (辽史), Сү Та Линий шастирт (肃挞凛传) ”挞凛以诸部叛服不常,上表乞建三城以绝边患,从之” (Сү) Та Линь бээр олон аймаг урваж дагах нь тогтворгүй тул гурван хот байгуулж хилийн аюулыг арилгасугай хэмээн айлтгахад хаанзөвшөөрөв...[ (元)脱脱等:《辽史》卷八十五,萧挞凛传,中华书局,1974年]”  хэмээн өгүүлдэг гурван хотын нэгийг өнөөгийн Хадаасан балгас мөн гэж үзэх үндэс алга. Түүнчлэн Хадаасан балгас бол Хятан улсын үед байгуулсан Жэнь (镇),  Вэй (维), Фань (防) Жао (招) хэмээгч дөрвөн жөүгийн аль нэг биш, харин тэр дөрвөн жөүгийн аль нэгний төв болох Чинтолгойн балгасны харъяа дагуул суурин байх ёстой. Ерөөс Туулын хөндийн бүлэг хот суурин өгүүлэн буй дөрвөн жөүгийн зөвхөн аль нэгний харъяанд багтдаг, тэдний засаг захиргаа байрлах төв нь Чинтолгойн балгас байсан хэмээн үзэж байна.

Жөү (州) гэдэг бүс нутаг, засаг захиргааны нэгж бөгөөд орчуулбал тойрог, муж гэсэн утга санааг илтгэнэ. Хятан улс 5 нийслэл, 15 фү (яам), 150 гаруй жөү (муж), олон зуун хот, сэргийлэх хоттой байсан билээ. Энэ тухай Өвөр Монголын эрдэмтэн Өргөдэй Тайван “Хятан улсын эрх баригчид 911-1044 оны хооронд өнөөгийн ӨМӨЗО-ы Улаанхад аймгийн Зүүн Байран хошуунд буй Дээд нийслэл (上京) Бор балгас, Харчинд байгаа Дунд нийслэл (中京) Даймин балгас, Ляонин мужийн Ляоянь хотод байгаа Зүүн нийслэл (东京) Ляо Ян Фү балгас, одоогийн Бээжин хот болох Өмнөд нийслэл (南京) Еөү жөү фү балгас, Шанси мужийн Да тун хотод байгаа баруун нийслэл (西京) Да тун Фү балгас зэрэг таван нийслэл хот, Монгол улсын нутагт буй Хэрлэн барс, Улаанбалгас зэрэг 200 гаруй бэхлэлт цайз байгуулжээ[ Өргэдэй Тайван. Монголын эртний хот сууринд холбогдох хэдэн асуудал. Өвөр Монголын их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. 2009 он №-4 112-р тал ]” хэмээсэн байдаг. Нэг жөү гэдэг ойролцоогоор нэг аймгийн нутагтай дүйцэхүйц магадгүй түүнээс том бүс нутгийг заадаг засаг захиргааны нэгж юм. Жөү дотор фү буюу эзэн хот, сянь (манай сумтай ойролцоо) зэрэг нэгж багтана.[ Тото, Ляоши 37 бүлэг, газрын тухай тэмдэглэл 1, Жунхуа шү жү, 1974, [脱脱]《辽史》卷37 《地理志1》,中华书局,1974年。 ]

Ляо улсын судрын Газар зүйн тэмдэглэлд Газар зүйн тэмдэглэл “镇州,建安军,节度。本古可敦城。统和二十二年皇太妃奏置。选诸部族二万徐骑充屯军,专捍御室韦、羽厥等国,凡有征讨,不得抽移。渤海、女直、汉人配流之家七百余户,分居镇、防、维三州。东南至上京三千余里” буюу “Жэнь жөү Жиань Ань (түвшитгэх) цэрэгт хамаарагдана. Угтаа  эртний Көдүн хот. Тунхөгийн 22-р онд (1004 он) вангийн хатан өргөн мэдүүлж байгуулав. Ши Вэй, Юй Жүе (Ү Гү) нараас сэргийлэхийн тулд хязгаарын аймгийн 20.000 гаруй морьт цэргийг тариалуулж суулгав. Өөр газар дайн боловч энэ цэргийг шилжүүлж болохгүй. Бөхай, зүрчин, хятад цөллөгдсөн иргэдээс 700 гаруй өрхийг Жэнь, Фань, Вэй гурван жөүд тараан суулгажээ. Зүүн өмнөш Дээд нийслэл хүртэл 3000 илүү газар.[ (元)脱脱等:《辽史》卷三十七,地理志一,中华书局,1974年。P450-P451 ]”хэмээн тэмдэглэсэн байдаг. Бид Хадаасан балгасны оршин суугчид дан ганц цэрэг эрс биш, мөн тэдний хүнсийг тариалж, гар урлал, аж ахуйн ажил эрхлэхээр цөллөгдөн ирсэн Бөхай, Зүрчин, Хятад үндэстэн ялт иргэд болон тэдний гэр бүлийнхэн байсан болов уу хэмээн таамаглаж байна. Нөгөөтэйгүүр Туул голын сав нутаг дахь Хятаны үеийн хотуудыг дамжин өнгөрөх Торгоны замын салаа Хадаасан балгасаар дайрдаг, явуулын худалдаачид тус хотод ирж очин арилжаа наймаа дэлгэдэг их хөлийн газар байсан хэмээн үзэж байна.   

    

                                                                  Хадаасан балгасны дэвсгэр зураг

 
                                                               Хадаасан балгасны агаарын зураг

                                                          Хадаасан балгасны чулуун суварга

                                                           Хадаасан балгасаны малтлагын хэсэг


                                                                           Хадаасан балгасны хэрэм

 

 

 

 

 

 



Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

Видео мэдээ
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

860010-1116160100