CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

МАТЕМАТИКИЙГ БИШ, БИЕИЙН ТАМИРЫГ ЧУХАЛЧИЛНА

07-10-2015 03:40

 

   Охин минь арван настай. Нөхөр бид хоёр охиноо 12 нас хүргээд гадаад хэл сургая гэсэн бодолтой байсан боловч ажил амьдрал Бээжинд шилжсэн тул өнгөрсөн намраас охиноо Хятад сургуульд сургах болов. Бээжингийн Багшийн сургуулийн Шижиньшань дүүрэг дэх харьяа бага сургууль, албан газар, амьдардаг байрнаас минь хамгийн ойр сургууль л даа. Ямар ч гадаад хэлний дөргүй амьтныг шууд гуравдугаар ангид оруулчихсан болдог бүтдэг байгаа даа гэсэн эмзэглэл байсныг нуух юун. “Дахиж энд сурахгүй, Монголдоо л хурдан буцмаар байна” гэж уйлагнаж байсан үеэ бодвол охин минь одоо хятад хэлээр зогсохгүй англиар “энэ”, “тэр”-тэйгээ болж, багш нар ангийн хүүхдүүдтэйгээ дотно харилцдаг болжээ. Ингээд, Хятад сургуульд бага ангийн хүүхдээ сургаж байгаагийн хувьд анзаарсан багахан зүйлсээ хуваалцъя гэж бодлоо.

 
Математикийг биш биеийн тамирыг илүүд үзнэ
Хичээлийн эхний улиралд эцэг эхчүүдийн хуралд дуудагдлаа. Сургуулийн бүх анги танхимд том “сурагчид” дуулгавартай нь аргагүй сууцгаасан байв. Тэдний дунд өвөө эмээ нар ч цөөн бус байхыг хараад бас манайхан шиг хариуцлагатай эцэг эхчүүд байдаг байх нь гэж бодогдлоо. Сургуулийн радиогоор Хятадын төрийн дуулал эгшиглэснээр энэ удаагийн хурал албан ёсоор эхэлж, ангийн “ухаалаг” самбарт сургуулийн захирлын видео илтгэл шууд нэвтэрч байна. Хятадын боловсролын шинэ чиг хандлага, сургуулийн сургалтын бодлого зэргийг товчхон боловч нэлээд тодорхой өгүүллээ. Төлөвлөгөөт төрөлтийн бодлогоор айл бүр ганц хүүхэдтэй, ганцыгаа “луу болгох” буюу лидер болгохыг бүгд хүснэ. Гэвч хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлнэ гэж нүдсээр, эрүүл мэндийг нь орхигдуулах хандлага нийгэмд нэлээд түгээмэл болжээ. 2014 онд Хятадын хамгийн өндөр босготой сургууль гэгддэг Чинхуа Их Сургууль оюутан элсүүлэхдээ мэдлэг оюуны чадвараас гадна бие бялдарын хөгжлийг нь харгалзана хэмээн зарласан нь Хятадын бүх шатны боловсролын байгууллагуудад чухам л чанга дуугаар сигнал өгсөн байна. Охины минь сургууль ч энэ жилээс сургалтын агуулгаа өөрчилж, долоо хоногт 4 цаг биеийн тамир, 2 цаг рольк буюу дугуйтай гулгалтын хичээл оруулах болжээ. Өө тийм, бас өдөр бүр хичээлийн их завсарлагаанаар биеийн чилээ тайлах 16 тоот дасгал, бас нүүрний цэгэн дасгалтай гэж байгаа. Нүүрний цэгэн дасгал нь ханиаднаас сэргийлэх, дархлаа сайжруулах үйлдэлтэй юм гэнэ. Эцэг эх бүрт хүүхдийн бие бялдар, эрүүл мэндийг хянах дэвтэр тараалаа. Долоо хоног бүр дээс үсрэх, уртын харайлт, гар дээр суниалт, уян хатан гэсэн үзүүлэлтээр хүүхдээ гэрт нь шалгаж, тэмдэглэл хөтөлж байх даалгавар авлаа даа.

 
Тэдний “сурах” нь бидний ажиллахаас хэцүү
Охин минь хичээлдээ явахын тулд өглөө бүр 6 хагаст босдог. Ингээд 7 цаг хагасаас үдийн хойно 4 цаг хагас хүртэл, дор хаяж 9 цагийг сургууль дээрээ өнгөрөөнө. Хичээлээ тарж ирэнгүүтээ оройн хоолоо идчихээд л гэрийн даалгавраа хийж эхэлнэ. Гуравдугаар ангийн жирийн хятад хүүхдийн хятад хэлний төвшин, ханзны хэрэглээ олон жилийн хятад хэл сурсан мань мэтийнхээс ч илүү тул охиноо зовоохгүйн тулд би зөвхөн англи хэл, математикнийх нь даалгаварыг хийлгэдэг. Англи хэл, математикийн даалгавар нь гэрийн дасгал ажлын сурах бичгээс гадна онлайн орчинд гүйцэхгэх шаардлагатай даалгаврууд байдаг. Хүүхэд бүр гэрийн даалгаврын сайтад өөрийн нэр болон кодоор нэвтэрнэ. Даалгавар нь сонсох, хэлэх, бичих, унших дөрвөн чадварыг зэрэг дээшлүүлэхүйц мөртлөө сонирхолтой тоглоомын хэлбэрээр байдаг учраас охин минь дуртай нь аргагүй хийдэг. Хятад хүүхдүүд бэлтгэл ангиасаа л англи хэл сурдаг юм билээ. Англи цагаан толгой ч нүдлээгүй байсан охин минь өнгөрсөн хагас жилд англиар тун ч хөөрхөн бичиж, ярьдаг болсон нь яах аргагүй англи хэлний багшийн хичээл зүтгэл, технологийн дэвшил, сургуулийн онлайн интерактив хичээлүүдтэй холбоотой. Англи хэлдээ сайн болчихсон чинь хичээлд явах урам зориг нь сэргээд, ангийн сайчуудын эгнээнд орно маягийн юм ярьдаг болсныг харахаар миний сэтгэлд ч таатай. Гэхдээ заримдаа охиноо бас тэдний үеийнхнийг үнэхээр өрөвдөх юм аа. Тэдний сурах бидний ажиллахаас ч хүнд хэцүү шиг санагддаг. Хятадууд ч бага сургуулийн хүүхдүүд хэт “ачаалал” ихтэй байдгийг хүлээн зөвшөөрдөг ч энэ системээ өөрчилж чадахгүй байгаа гэж нэгэн хятад танилаасаа дуулж байсан билээ.


Онолыг ч пратикийг ч орхигдуулахгүй
Охин маань шинжлэх ухааны хичээлдээ их дуртай. Сургуулийн лабаротори, бичил ертөнцийг судлах элдэв туршилтууд, ногооны талбай, цэцгийн хүрээлэн гээд хөдөө хээрийн сургалт зугаалгад хачин их татагддаг бололтой юм билээ. Намар ангийнхантайгаа хотын зах руу ногооны талбай явж, амтат төмс хэрхэн тариалдагийг нүдээр үзэж сураад, орой нь харьж ирэхдээ хүүхдүүдийг ургацын ажилд оролцуулсан гэсээр тор дүүрэн амтат төмс авчирснаа одоо ч бахдалтай ярина. Гар урлалын хичээл нь бас онцгой. Охин минь цаасан сийлбэр, цаасан хайчилбар, цаасан хуйлмал, зураг урлалдаа ер нь л ам сайтай шүү. Гэртээ ирээд сурсан зүйлсээ дүүдээ зааж өгнө. Хятад цайны ёслолын хичээл нь энэ сургуулийн хичээлийн тусгай агуулгын нэг. Ер нь хүн төрөлхтний техник технологийн дэвшил, Хятадын нийгмийн хөгжил, ялангуяа дунд орлоготой хүмүүс олшрохын хэрээр барууны соёл Хятадын уламжлалт соёлд тодорхой дарамт учруулах болсныг олон хүн ярьдаг. Тиймээс сургуулиуд нь хичээлийн агуулгадаа балет, төгөлдөр хуур зэрэг барууны сонгодог урлагийн элементийг тусгахаас гадна цайны соёл, ятга, шатар, уран бичлэг гээд хятадын уламжлалт соёл урлагаа зайлшгүй оруулдаг юм байна гэж ажигласан. Таван мянган жилийн суурин иргэншлээс сурах ч юм бас байна аа байна.

Эцэст нь хэлэхэд, охиноо бол би хичээлээр учиргүй их дарамталж шахахгүй байгаа. Чөлөөтэй, дүрслэг, домоглог, монгол сэтгэхүйгээ алдчих вий гэж эмээхдээ тэр л дээ. Зүгээр хөрш айлын хүүхдүүд яаж амьдардгийг хараг л гэж бодсон юм.

 


Э.Эрдэнэсувд
Бээжин хот

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100