CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Танан овогт Ж.Оюунбилэг: Монголын нууц товчоог эсгийн дээр сийлнэ гэж мөрөөддөг

07-09-2015 22:03

 

             
“ Бүтээлч  Монгол” булангийн энэ удаагийн зочноор Монголын анхны эсгий сийлбэрчин Танан овогт Жанчивын Оюунбилэгийг урьж оролцуулж байна. Тэрээр сийлбэрийн нэгэн шинэ төрлийг санаачилсан анхны хүн гэхэд болно. Учир нь бид сийлбэрийг мод, чулуу, баримал зэргээр төсөөлдөг бол Ж.Оюунбилэг эсгийн дээр Монгол ахуйг сийлдэг. Танан цагаан эсгийн дээр Монголын их хаад, шандаст хурдан хүлэг, талын  хөх чоно, аргалын  утаа суунаглах хот айл  гэхчилэн монгол ахуйг  амилуулсан түүний бүтээл  өдгөө Америк, Австрали, Япон, Хятад гээд дэлхийн өнцөг булан бүрт Монгол  ахуй соёлыг сурталчилж байна.
Сайн байна уу? Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Багаасаа л зураг зурах дуртай, авъяас байсан гэхүүдээ. Сургуульд ороогүй байхдаа л зураг зурж байлаа. Анх ахдаа  Лениний хөрөг зурж өгөөд, зургийн ажил маань эхэлсэн юм шиг байгаан. Уг нь би чинь Хөдөө аж ахуйн дээд сургуульд зоотехникч мэргэжил эзэмшсэн. Гэхдээ ерөөсөө мэргэжлээрээ ажиллаж байгаагүй . Улсын геодези зураг зүйн газарт зураачаар ажилд ороод, тэнд 13 жил ажилласан. Энэ хугацаанд Монголын халх голын атласыг анх удаа хийлээ. Монголын үндэсний атласыг анх удаа хийлцлээ. Ер нь анхны гэх тодотголтойг зургийг хийлээ.
          
Улаанбаатар хотод төрж, өссөн ч гэсэн уг гарал нь анхдагчдын өлгий нутаг Булганых гэсэн байх аа?
Тийм ээ, аав ээж маань Булган аймгийн Тэшиг сумын харъяат. Булган аймгийнхан чинь анхдагч нар шүү дээ. Ер нь л Булганы отгон анхдагч нар нь Түвшинбаяр аварга бид хоёр гэж бодоод байгаа шүү дээ. / Инээлээ/

 
Та эсгийн сийлбэрийг гаргаж ирсэн анхны хүн гэж Оюуны өмчийн газарт бүртгэгдсэн юм байна. Хэзээнээс эхлэн эсгийн дээр сийлбэр хийх болсон бэ?
1993 оноос эхлээд эсгий сийлбэрээ эхлүүлсэн. 2000 оноос энэ чиглэлээрээ тууштай дагнан ажиллаж байна. Тэр үед Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбоонд гишүүнээр элссэн. Энэ холбоонд ажилладаг эрдэмтэдийн баг эсгийн сийлбэрийг анхных байна уу, үгүй юу гэдгийг судлаад, аргагүй анхдагч юм байна гэдгийг тогтоогоод гэрчилгээ олгосон байдаг юм.  
Эсгийн дээр сийлсэн таны бүтээлүүд дандаа морь, монгол баатар, хатад, хот айл гээд Монгол ахуйг илтгэсэн бүтээлүүд байх юм.
Хүүхэд байхдаа би морь, хоттой хонь,  утаа суунагласан монгол гэр хөдөөний амьдрал ахуйг цаасаар хийчихээд орон доороо өрөөд тавьчихдаг. Тэрийгээ хараад л хэвтдэг байлаа. Тэгээд тэндээс л санаа авсан байх гэж их боддог юм.

 
Тэгээд эсгийн дээр товойлгож, 3Д сийлбэр хийе гэдэг санааг яаж олсон бэ?
Ер нь гадуур дотуур явахдаа их юм харна, сонирхоно. Тэгээд л гэнэт эсгийн дээр юм хийж үзье гэж бодоод, нэг эсгий аваад наашаа, цаашаа болгоод л оролдож үзлээ. Эсгий чинь яг гарын аясаар, өөрчлөгдөж хувирна. Тэгээд дээр нь зураад, зүсээд, наагуур цаагуур нь жижиг эсгий хавчуулж, булчин шөрмөсийг нь хүртэл товойлгож хийнэ ш дээ.
Таны хамгийн анхны бүтээл ямар бүтээл байдаг вэ?
Хамгийн анх соёо шүд нь арзайсан чоно хийсэн. Тэрийг нэг алтны компаний захирал авсан. Сүүлд тэр хүнтэйгээ таарсан чинь, заримдаа чиний хийсэн чоныг хараад айдас хүрдэг. Соёо, шүд нь арзайгаад, яг жинхэнээсээ архирч байгаа юм шиг бодит болсон гэж хэлж байсан.  Дараа нь “их нүүдэл”-ийг хавтгай эсгийн дээр биш, бодитоор нь хийсэн. Урд талд нь Чингис хааныг зогсоогоод,  үхэр тэргэн дээр гэрээ барьчихсан, адуу малтай нь алган дээр багтахаар жижиг хэмжээтэй хийснийг нэг Япон хүн авсан. Ер нь би Монголд хамгийн их морь урласан хүн байх гэж боддог.

 
Та энэ эсгийн сийлбэрээ бусдад зааж өгсөн үү, өөрийн гэсэн шавьтай юу?
Яг шавь байхгүй гэж хэлж болохгүй. Хүүхдүүд гэрийнхэн гээд хэдэн хүн байна. Хийдэг юм. Гэхдээ ур жаахан дутаад байх шиг байна. Сэтгэлд хүрдэггүй. Ер нь энэ эсгий сийлбэрээ одоо өвлүүлнэ. Хүнд зааж өгнө гэж бодож байна. Саяхан Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо зааж өгөөч гээд хүсэлт тавьсан. Хөдөө, орон нутгаас уриад л байна. Одоо энийгээ сурталчилж, дэлгэрүүлнэ. Би ганцаараа 15 жил зүтгэлээ. Одоо ард түмэн зүтгэх цаг болсон байх.
Таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?
Хийх гэж байгаа бүтээл маань эхлээд толгойнд зурагддаг болов уу гэж би боддог ш дээ. Марзан Шаравийн “Монголын нэг өдөр” бүтээлийг яг эсгий сийлбэрээр хийгээд үзчих юмсан гэж боддог. Бас Монголын нууц товчоог хуучин монгол бичгээр нь бичгээр нь буулгаад, үйл явдал бүрийг нь эсгийн дээр буулгах юмсан гэж мөрөөддөг. Чингис, Жамуха хоёр хэрхэн анд барилдаж, энэ андын тангараг нь хаана, яаж дууссан гээд бүх зүйл нүдэнд харагддаг. Энэ мэтчилэн хуудас бүрээр нь уншиж байгаад Монголын нууц товчоог эсгийн дээр буулгаж Монголын үндэсний түүхийн музейд өгөх юмсан гэж бодож, мөрөөддөг. Ер нь би Монгол онцлогийг харуулсан бүтээл хийх дуртай. Надад сэтгэлд минь энэ л бодогдоод байдаг.. / ингэж хэлээд тэр жижигхэн цаас халааснаасаа гаргаж ирсэн нь соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазарын  “Би Монголоороо гоёдог” шүлэг байлаа/  
        Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно.

 
Тиймээ. Тэрээр монголоороо, монгол ахуйгаараа өөрийг гоеж, үүнийгээ үл давтагдах бүтээл болгон бусдад түгээж явна. Монгол хаад хатад, хүлэг морьд, хөх чоно түүний уран бүтээлийн гол амин сүнс. Ийм л учраас түүний цагаан эсгийн дээр хийсэн сийлбэр амьдлаг бас монгол ахуй, нүүдэлчдийн амьдралыг хүүрнэж чаддаг ажээ.

                                                                                                                                       

 

                                                                                                                                Ярилцсан Ц. Мөнхзул

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100